Ж.Ассанжийн аав хүүгээ эх оронд нь авчрахыг уриалжээ

2019/04/15 5 0

КАНБЕРРА. /CNN/. “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч, Австралийн иргэн Жулиан Ассанжийг эх оронд нь авчрахад тусламж үзүүлэхийг түүний аав Жон Шиптон Австралийн Засгийн газарт уриалсан байна.
Ж.Шиптон энэ талаар Австралийн “Herald Sun” сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолсон бөгөөд тэрбээр Ж.Ассанжийг Лондон хотод баривчилснаас хойш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анх удаа хандаж буй нь энэ юм.
"Эквадорын Элчин сайдын яамнаас хүүгээ баривчлагдаж буйг хараад маш их цочирдсон" гэж Ж.Ассанжийн аав хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, хүү маань сайнгүй харагдаж байсан, 47 настай хэдий ч 74 настай надаас дор харагдаж байсан гэжээ.
Ж.Ассанж нь Элчин сайдын яамны байранд 7 жилийн турш орогнож байсан боловч Эквадорын эрх баригчид түүний орогнолыг өнгөрсөн пүрэв гарагт цуцалсан юм. Түүнийг баривчлах явцын дүрс бичлэгээс үзэхэд, сахал нь ихэд ургасан тэрбээр хашгирч, дохио зангаа үзүүлж байжээ.
Аавынх нь хэлснээр, Ж.Ассанж олон сарын турш чанга дэглэмтэй хорих газрын хоригдол мэт байсан бөгөөд ариун цэврийн өрөө ч орж чаддаггүй байсны зэрэгцээ камеруудаар үйл хөдлөл бүрийг нь хянадаг байсан аж.
Ж.Шиптон хүүдээ тусламж үзүүлэхийг Австралийн Засгийн газар болон Ерөнхий сайд Скотт Моррисонд уриалсан байна. Хэрэв Шведийн тал бэлгийн хүчирхийллийн талаарх Ж.Ассанжийн хэргийн мөрдөн шалган ажиллагааг дахин эхлүүлж, шилжүүлэн авах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг Шведийн эрх баригчдад шилжүүлэн өгөхийг Их Британийн парламентын 70 гаруй гишүүн Дотоод хэргийн сайд Сажид Жавидад уриалсаны дараа Ж.Шиптон энэхүү ярилцлагыг өгчээ. Ж.Ассанжийн хувьд энэхүү мэдээллийг үгүйсгэдэг юм.
Мөн түүнийг АНУ-ын тагнуулын шинжээч асан Челси Мэннингтэй хамтран цэргийн нууц мэдээллийг хулгайлсан хэрэгт буруутган АНУ-ын тал шилжүүлэн авах хүсэлт гаргаад байгаа билээ. Ж.Ассанж өөрийгөө гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгдэж байв.
Ж.Ассанж одоо Лондон хотын “Belmarsh” шоронд хоригдож байгаа ба энэ газарт Абу Хамза, Анжем Чудари зэрэг террорист гэмт этгээдүүд болон хэт даврагч үзэлтнүүдийг хорьдог юм. Лондонгийн зүүн өмнөд хэсэгт оршдог уг шорон нь Англи, Уэльс дэх чанга дэглэм бүхий гурван шоронгийн нэг ажээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen