Суданы Ерөнхийлөгч огцорчээ

2019/04/12 6 0

Судан улсын Ерөнхийлөгч Омар аль-Баширыг албан тушаалаас нь огцруулж, одоо шилжилтийн зөвлөл байгуулах талаар хэлэлцэж байгаа тухай “Reuters” агентлаг тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, “Ерөнхийлөгч аль-Баширыг огцорсны дараа төрийн эрхийг авах цэргийн зөвлөл байгуулах зөвлөгөөн хийж байгаа тухай“ Хойд Дарфур мужийн Үйлдвэрлэл, эдийн засгийн сайд Мажуб Хусейн “Al-Hadath” телевизэд мэдээлсэн байна.  
Судан улсын нийслэл хотод Ерөнхийлөгч Омар аль-Баширыг огцорсныг албан ёсоор мэдэгдэхээс өмнө түүний огцорсныг тэмдэглэж эхэлжээ. Хартум хотын оршин суугчид төрийн далбаагаа барин гудамжинд гарцгааж, “Бид ялсан!” хэмээн хашгирцгаасан байна. Суданы арми улс орныг удирдах шинэ байгууллага байгуулснаа удахгүй мэдэгдэх аж. Тус улсын телевизүүдээр Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн товч мэдээллийг танилцуулсан байна. Цэргийнхэн улсын телевиз, радиогийн компанийн байранд хүрдэг замуудыг хаасан учир хотын замын хөдөлгөөнд түгжрэл үүсжээ.
Телевизийн “al-Mayadeen” сувгаар мэдээлснээр, цэргийнхэн шуурхай хуралдаж, Омар аль-Башир, түүний туслах болон Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргажээ. Үүний сацуу, “al-Hadath” телевизээр Суданы Батлан хамгаалахын сайд асан, эрх баригч “Үндэсний конгресс” намын дарга Ахмад Харуныг, мөн аль-Баширын орлогч асан Али Усман Тах, Ерөнхийлөгчийн хувийн хамгаалагчдыг баривчилсан гэж мэдээлсэн байна.
Суданы Ерөнхийлөгч аль-Башир Хартум дахь ерөнхийлөгчийн ордондоо байхгүй байгаа тухай ордон дахь эх сурвалж мэдээлжээ. Түүнийг гэрийн хорионд оруулсан эсвэл тэрбээр эх орноосоо гарсан байж магадгүй гэж мэдээлж байна.
Эх сурвалж: www.TODAY.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen