Алдарт Алла Борисовна Пугачевагийн 70 насны төрсөн өдөр тохиож байна

2019/04/15 11 0
АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛ:
Алла Пугачёвагийн аав Борис Михайлович Пугачёв, ээж Зинаида Архиповна Одегова нар Дэлхийн 2-р дайнд оролцож байсан бөгөөд 1946 онд танилцан гэр бүл болжээ. Анхны хүүхэд нь төрснийхөө дараахан өвчний улмаас нас барсан байна.1949 онд хоёр дахь хүүхэд нь төрж Алла хэмээх нэрийг хайрлажээ. Зөвлөлтийн үеийн алдарт жүжигчин Алла Тарасоваг бодож охиндоо ийм нэр хайрласан гэдэг.
Аллаг таван нас хүрэхэд нь хөгжмийн сургуульд оруулж тэр жилдээ бяцхан охин томоохон хэмжээний концертод оролцож, анх удаа тайзан дээр гарчээ. Ангийнх нь хүүхдүүдийн ярьснаар Алла сурагч байхдаа нэлээд хөдөлгөөнтэй, ихэд өвөрмөц ааштай байсан гэдэг. Өөрийнхөө үзэл бодлыг тууштай хамгаалдаг, бодсоноо шууд хэлдэг гээд л... 14 настайгаасаа тамхи татаж эхэлсэн байна.8-р ангиа төгсөөд М.М.Ипполитова- Ивановагийн нэрэмжит хөгжмийн сургуулийн найрал дууны удирдаачийн ангид элсэн орж төгссөн.
🎤Алла Пугачёва 1974 онд Бүх холбоотны эстрадын жүжигчдийн V уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн явдал нь нэр алдрын оргилд хүрэх гараа болж, түүнд тэр үеийн чамгүй алдартай “Весёлые ребята” хамтлагт дуучнаар ажиллах санал тавьсан байдаг. Нэг жилийн дараа “Золотойорфей” олон улсын дууны уралдаанд эх орноо төлөөлөн оролцохдоо Болгарын зохиолч, дуучин Эмила Димитровагийн “Арлекино” дууг дуулжээ. Тэргүүн байрын шагнал хүртсэн уг тэмцээн, “Арлекино” дуу залуухан дуучны хувь заяаг орвонгоор нь эргүүлж, түүнээс хойш олон улсын дууны тэмцээнүүдэд оролцох урилга тасраагүй байна. 1976 оноос хойш түүний дуулсан дуу болгон нь оны шилдгээр шалгарч байлаа. “То ли еще будет...”, “Миллион роз”, “Паромщик”, “Две звезды”, “Как тревожен этот путь” гээд А.Пугачёвагийн дуулсан дуу болгон нь хит болж, монголчууд бид ч энэ үеийг сайн мэддэг билээ Оросын Ардын жүжигчний урын санд 500-гаад дуу байдаг. Тэрээр авьяаслаг дуучин төдийгүй найруулагч, жүжигчин, продюсер, мөн бизнес эрхэлдэг.
Зөвлөлтийн үеэс нэрд гарсан дуучин маань хатуу дэглэмийн үед барууны орнуудад очиж тоглолтоо хийдэг байсан Оросын цөөхөн уран бүтээлчийн нэг байлаа. Швед, Финланд, Норвег, Нидерланд, Бельги, баруун Герман, Швейцарь, Япон зэрэг орнуудад очиж уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. 1979 онд “Женщина которая поёт” киноны гол дүрд Алла Пугачёва тоглосон бөгөөд өөрийнх нь амьдралаар хийсэн кино ч гэдэг. Ийнхүү тэрээр авьяаслаг жүжигчин болохоо харуулсан юм. Тэрээр 1997 онд “Евровидение”-д анх удаа эх орноо төлөөлөн оролцсо тэр үед ОХУ-ын нэр хүнд дэлхийд уначихсан амаргүй цаг байсан тул ОХУ ямар дуучинтай болохыг харуулсан гэдэг. 2005 оноос Орост зохиогдож буй 🎼“Песня года” хөгжмийн наадмыг нэрт дуучин анх санаачилсан түүхтэй юм байна. Мөн Юрмала хотод “Новая волна” наадмыг Алла Пугачёва анх зохион байгуулснаас хойш уламжлал тасралгүй, жил бүр зохиогдсоор байгаа. Оросын эстрадын хатан хаан Москва хотноо “Алла” нэртэй радиотой. Алла гэсэн нэрийг оруулсан янз бүрийн нэвтрүүлэг цацдаг уг радио нь богино хугацаанд маш олон сонсогчтой болжээ. А.Пугачёва 2008 онд 15 дахь буюу хамгийн сүүлчийнхээ цомгийг гаргаж түүнээс нэг жилийн дараа хэвлэлийн бага хурал хийлгэж дахин аялан тоглолт хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ нь тайзаа орхисон гэсэн үг биш байлаа. Тэрээр бие даасан тоглолт хийхээ больсон хэдий ч өнөөдрийг хүртэл дуулсаар байгаа. 
💰Мөн нэрт дуучин маань муугүй бизнесмэн болохоо харуулсан. Тэрээр “Alla Pugachova” маркийн гутал, гоёлын зүүлт, үнэртэн гаргаж, түүнийгээ брэнд болгож чадсан. 
🇷🇺Алла Борисовна улс төрд ч хүчээ үзэж явсан удаатай! Тэрээр сөрөг хүчинг дэмжиж 2011 онд “Правое дело” намд элсч тэрбумтан М.Прохоровыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь шуугиан тарьж байлаа. Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд оролцож В.Жириновскийд хатуухан үг хэлж байсан ч удаатай. Тус намын их хуралд оролцож, Ерөнхиийлөгчийн сонгуульд М.Прохоровыг дэмжсэн. 2015 онд тэрбумтан намаасаа гарсны дараахан А.Пугачёва ч гишүүнчлэлээсээ татгалзсан байна.

💘ГЭРЛЭЛТ, САЛАЛТ:
Нэрт дуучны хувийн амьдралын талаар Зөвлөлтийн үед хэвлэлд бараг бичдэггүй байсан бол 1990-ээд оноос хойш Оросын хэвлэлийн анхаарлын төвд байдаг сэдэв болжээ. Алла Пугачёва таван удаа гэрлэсэн.
💔Анхны нөхөр нь Миколас Орбакас (1969-1973) Тэд Цирк эстрадын урлагийн сургуульд хамт ажиллаж байхдаа танилцаж гэр бүр болон улмаар1971 оны 5-р сарын 25-нд охин Кристина Орбакайте нь төржээ.Эдүгээ Оросын алдарт дуучин болсон К.Орбакайте-г бид андахгүй сайн мэдэх билээ!
💔Дараагийнх нь Александр Стефанович (1976-1980) 
💔Гурав дахь нь Евгений Болдин ( 985-1993) 
Тэд бүгд л урлагийн ертөнцтэй нягт холбоотой ажилладаг хүмүүс. Харин сүүлийн хоёр гэрлэлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо ч ярьж, бичдэг.
💔Дөрөв дэхь нөхөр нь Болгар гаралтай залуухан дуучин Филипп Киркоров (1994-2005) 1988 онд анх Оросын эстрадын хатан хаан гэгддэг А.Пугачёватай танилцжээ. Тэр үед залуухан дуучин Хөгжмийн сургуулиа дүүргэж, Ялтад болсон дууны наадамд оролцож, Монголд алба хаадаг Зөвлөлтийн цэргүүдэд уран бүтээлээ толилуулчихаад байсан үе. Тэрээр А.Пугачёватай хамт Австри, Германд тоглолтоор явахдаа дотноссон гэдэг. Ингээд 1994 оны хавар Ф.Киркоров өөрөөсөө 18 насаар эгч бүсгүйд гэрлэх санал тавьсан байна. Тэд сүй тавьснаа албан ёсоор зарласныхаа дараахан буюу гуравдугаар сард Ленинград хотод гэнэт хуримаа хийжээ. Шинэ хосууд “Атлантик-Сити”-д хамтарсан тоглолтоо хийж, Израилиар аялан тоглож, цомог гаргаж нэг үгээр хэлэхэд уран бүтээлийн арвин ургац хураасан. Филипп Киркоровыг нэр алдрын оргилд хүрэхэд А.Пугачёва хамгийн их нөлөөлсөн хэмээн одоо ч ярьдаг. Харамсалтай нь тэд 12 жил хамт амьдраад салсан юм. Филипп Киркоров сэтгэл санааны том цохилтод орсон бөгөөд А.Пугачёвагийн сэтгэлийг эргүүлэн татах гэж нэлээд хичээсэн боловч бүтээгүй. Ингээд 2005 онд салцгаажээ. Филипп Киркоров салсан хойноо ч түүнд хайртай хэвээрээ гэдгээ нэг бус удаа илэрхийлж байсан. Охиндоо Алла-Виктория хэмээх нэр хайрласан юм. Тэд одоо ч сайхан харилцаатай хэвээрээ төдийгүй Ф.Киркоровын унтлагын өрөөнд Аллагийн томоос тос зураг өлгөөстэй байдаг гэнэ.
💓2011 оны 12-р сарын 23-ны өдөр 62 настай Алла Пугачёва 35 настай хошин шогийн жүжигчин, "Кто хочеть стать миллионером" ТВ-ын нэвтрүүлгийн хөтлөгч Максим Галкинтай хуримаа хийсэн байна. Дашрамд дурдахад тэднийг өмнөх нөхөр нь болох Ф.Киркоров танилцуулсан гэдэг юм билээ. Тав дахь удаагаа гэрлэлтээ батлуулсныхаа дараа А.Пугачёва “Энэ бол миний хамгийн сүүлчийн гэрлэлт” хэмээн хэлсэн. Нууцаар шахуу хуримлаж, цайллагад нь ердөө 50-хан хүн уригдан оролцжээ.
Энэхүү гэрлэлт олон түмний сонирхлыг хамгийн ихээр татсан гэрлэлт болсон учир “HТВ” телевиз “Алла + Максим. Исповедь любви” хэмээх хоёр ангитай баримтат кино хийсэн байна.Нөхөр М.Галкин нь эхнэртээ зориулан Москва хотын ойролцоох Грязь хэмээх тосгонд харш бариулан бэлэглэсэн бас л шуугиан тарьж байлаа. Хосууд 28 насны хязгаарыг үл тоон жинхэнэ хайр сэтгэлийг харуулж чадсан. 👼👧Тэд 2013 онд тээгч эхийн тусламжтайгаар хоёр ихэр хүүхэдтэй болсон ба хоёр ихрээ 2013 оны 9 сарын 18-нд өлгийдөн авч, Элизабета, Гарри гэсэн нэр хайрласан. Хүү, охин хоёр нь энэ жил 6-н настай.Тэд өдгөө хүүхдүүдийнхээ хамт аз жаргалтай амьдарч байна.

🔍АЛЛА ПУГАЧЁВАГИЙН ӨГСӨН ЯРИЛЦЛАГУУДААС ОНЦЛОХ ҮГС:
👉“Би гурван удаа гэрлэсэн, гурвууланд нь аз жаргалтай байсан. Харин нөхрүүд минь аз жаргалгүй байлаа. Учир нь би тэднийг тайзныхаа золиос болгосон юм!”
👉“Ярилцлага бол нүглээ наминчилж байгаа хэрэг биш гэдгийг бүү март!”
👉“Намайг бөмбөгдөж, шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Надаас өөр сул дорой хүн байсан бол үхчих байлаа шүү дээ!”
👉"Хүмүүсийг хайрлахын тулд дотроо л хайрлаж, тэдэнтэй харьцахгүй байх хэрэгтэй!"
👉“Эмэгтэйчүүддээ хэлэхэд та нар минь эрчүүдийг тоглоом наргиан мэт хүлээж ав. Тэгвэл бүх юм сайхан болно!”
👉“Эмэгтэй хүн болгон жүжигчин. Харин муу жүжиглэсэн нь амьдралд ялагддаг!"
👉“Хүнд дээрэлхүүлэхгүй байх хэмжээний мөнгө байхад л хангалттай!”
👉“Хэрэв танил чинь баян, алдартай болчихвол түүнтэй дахин танилцах хэрэг гардаг!
👉“Ямар ч хайр дурлалтай учрахгүй байснаас бүтэлгүй дурлаад ч болов зовж явах нь хавьгүй дээр!"
👉“Чамд хайргүй хүнээс бүү ай! Харин хайртай юм шиг царайлж байгаа хүнээс ай!”
👉“Нэгдэн нийлсэн хайраас хүүхэд төрдөг, харин нийлээгүй хайраас дуу төрдөг!"
👉“Амьд домог гэдэг үг надад таалагддагүй. Домог гэхээр нэг л хүйтэн хөндий, тэгээд ч үхсэн хүн мэт. Тэгснээ одоо болтол амьд байна гэж байгаа юм шиг”
👉“Таны дуу хөгжмийг сонсож өссөн гэдэг үгээ март! Миний дуун дээр өссөн бол миний дуун дээр үхэх болоод байна!”
👉“60 нас бол хөгшрөл, доройтол гэж хүмүүс боддог. Миний хувьд 60 гэдэг зүгээр л тоо”
👉“Би ухаантай эмэгтэй, үүнийгээ нуухад маш хэцүү байдаг!”
👉“Шидэт саваа байвал юу хүсэж дохих вэ гэж үү? Тэр саваагаар хэдэн новшийг л зодох байсан байх даа!”
👉“Ертөнц сөнөнө! гэж айлгаад байх юм. Харин би ертөнц эхлэхийг хүлээгээд байдаг!"

Эх сурвалж: Wikpedia www.ub.life
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen