АРСЛАН /өгүүллэг/

2020/01/29 365 0
Үйзэнгийн бор толгодын өвөрт хүрэнтэн харагдах өвөлжөөндөө дөхөн явтал, гэнэт муу совин татлаа. Шарга морио давиран шогшуулав. Гэрийн хаяанд, хэдэн жунгаа, хар хэрээ нисэн бууна. Морины уяан дээр буутал, хөгшин ижий тосон ирлээ.
- Хүү минь. Өнөө муу Арслан минь тэнгэрт одлоо. Чамайг эрэлд мордсоны дараахан, хэд хоногийн өмнө гүйгээд алга болсон. Хөгшин амьтан зайлуул, хаа нэг хонхорт осгож үхсэн юм байх даа гэж бодсон чинь, хотондоо хүрч ирээд гэрийн хаяанд нүд аньжээ... Гэрийн зүүн хаяанд Арслан хэмээх үнэнч нохой минь үүрд амгалан нойрсжээ. Үүрээр гэрийн зүүн хатавчны хавиас шар гэрэл гаран дээш хөөрч тооноор гэрэлтүүлэхэд, гэрт байсан хүүхэд хөгшидгүй бүгд л сонин этгээд цацрах гэрлийг харсан гэнэ. Гэтэл өглөө гэрийн зүүн хатавчинд Арслан нүд аньсан байхыг олоод бүгд гайхжээ. Амь насыг минь аварсан ачтаны дээд ачтан нохойнхоо амьгүй болсон толгойг тэврэн хэсэг уйлав.
…Тэр жил зэргэлдээх сумын нутагт отор хийж буй хамаатны, нохой нь гөлөглөсөн сураг дуулаад яаран мордож билээ. Тэднийх жинхэнэ Монгол банхар хөгшин жингэртэй. Түүнийг гөлөглөсөн сураг дуулдвал хүний өөрийнгүй, гөлгийг өрсөн зөөгөөд дуусдаг тул яарсан хэрэг энэ. Хөтөлгөө морьтой холоос зорин ирсэн намайг тэнгэр ивээжээ. Гэрийн зүүн хаяанд байх хөгшин жингэрийн үүрнээс өрвийсөн хэдэн гөлөг цухуйж харагдахад баярласандаа бараг дуу алдаж билээ. Бяруу шиг том биетэй үс ноос болсон өтгөн сүүл хонгорцогтой, дөрвөн нүдтэй сүрлэг эх жингэр хардангуй харан, хүнгэнсэн дуугаар хэдэнтээ хуцав. Гэрийн эзэн садан ах маань гаансаа улайстал нэрэн, улаан зээрд болчихсон, ид ярьдаг дээрээ сууж байна. Мэнд усаа мэдэн хэлэх үгээ яаран бэлдсээр өндөлзөн суулаа. Гэрийн эзэгтэй бэргэн эгч хоол унд болов. Тэр жил нэг ирээд хоосон буцаж, хөтөл давангуутаа, захисан гөлгийг маань тавиагүй ахдаа гомдон нулимс унаган байсныг хэн мэдэх билээ. Гэтэл гэнэт хар төрөөд явчихав. Үүрэнд өнгийхөд байсан гөлөгнүүд бүгд эзэнтэй болсон байвал яах вэ… Яаран өвөртөө гараа хийж, хадаг нэг шил гожин хоёроо гаргаад хоолойгоо засан өндийлөө.
- Холоос зорин ирсэн учраа айлтгая. Монгол банхарын удам, барс мэт хүчирхэг, арслан мэт сүрлэг, хан гарьд шиг хурдан, луу мэт догшин, эд малыг хамгаалагч, буяныг түшдэг ивээлт амьтны үр садаас бэлэглэж хайрлана уу... Халуун ам бүлийнхээ нэгийг болгон авъя болгоон соёрхоно уу… Хэлэх үгээ нэг амьсгаагаар урсгаад, гэрийн эзэнд хадгаа алдлан барилаа. Гэрийн эзэн цааш эргэв. Зүрх түгшин цохилоод ирлээ. Гэтэл садан минь авдар дээрээс малгайгаа авч тэргүүнээдээ тавиад, инээмсэглэн улаа бутраад зогсож байна. Хадгийг аваад дээш залан, шилтэй гожингоо ширээн дээрээ тавилаа. Бэргэнд хотын чихэр боовны дээж бариад, хөгшин ижийн бэлдэж өгсөн хярамцаг шар будаатай нохойн хишгийг хатавчинд тавилаа.
- За дүү минь. Олон жил захисныг бодон энэ жил нэг гөлөг өгье. Банхар маань хөгширсөн. Хойтонгоос гөлөглөхгүй байх даа… гэлээ. Баярласандаа муу ахыгаа тэврэн үнсмээр санагдаж билээ. Бор дарснаас ах минь мөнгөн аягандаа мэлтэлзүүлэн хийжээ. Нохойгоо магтаж гарлаа…
- Миний муу хөгшин нохой бол жинхэнэ монгол Банхарын удам. Энэ аймаг хошуундаа байхгүй цэвэр цусны жингэр шүү. Баруун аймгийн холын тууварчнаас хоёр адуу, нэг тэмээгээр гөлгөнд нь авч байлаа. Олон жил манай хотыг манаж, олон аюулыг хөөн зайлуулсан буянтай амьтан. Энэ нутгийн ахан дүүсд олон ч үр төлөө өгч буян боллоо. Нохой чинь жилд хоёр насалдаг. Одоо нас гуч гарчихлаа. Яс сайтай л байна даа… гэж ярин суухдаа нүд нь гэрэлтэн байв. ...Бид гэрээс гарлаа. Нохойн үүрнээс хэдэн гөлөг гараад баацагнан тоглоод гүйлдэнэ. Нохойн эзэн жингэрийг барин эрхлүүлэн сахлаг үсий нь илж таалангаа:
- За ахын дүү. Энэ дөрвөн нүдтэй улаан халтар гөлөгнөөс бусдыг аль дуртайгаа сонгоод ав… Энэ улаан халтар гөлөг цээжний гөлөг байгаа юм. Голомтондоо үлдээх юмаа. Аливаа муу зүйлийг зөгнөн үзэж хөл хорьдог гэж бэлгэшээн ярилцдаг зүстэй амьтан гэлээ… Улаан халтар гөлөгтэй ноололдон тоглох зүрх цагаан хар гөлгийг заагаад:
- Энэ гөлөг. Зүрх цагаан хар. Зориг хүч, хараа сайн, үнэрлэх сонсох гойд сайн, эзэндээ үнэнч, мах гал бурхны хүлэг хэмээн бэлгэшээн үздэг зүстэй байгааг харж байна уу. Тэр тас хар зүсмийн улаан нүдтэй гөлөг зоригтой хурдтай, хүчтэйн шинж… Дөрвөн хөлний сарвууны үзүүр цагаан хар зүстэй нохойг ембүү атгасан буян хишигтэй, улаан хумстай гөлгийг хишиг буян тогтоогч хэмээн шинжин сонждог юм шүү. Наад хэдээсээ шилээд ав. Энэ жил Банхарын сүүлийн төл болохоор ах нь их харам байгаа. Холоос ирсэн чамд болохоос биш, эднийг нэлээд торнитол хүнд өгөхгүй ээ… гэлээ. Бүх зүйл санаснаас амар бүтэж байгаад итгэж ядсан би хэдэн гөлөгнүүдийн дунд сонгож ядан явснаа, гутлын хоншоорыг минь долоон даган гүйх зүрх цагаан хар гөлгийг өргөн авлаа. Баацгар хөөрхөн гөлгөө өвөртөө хийж аваад, нохойн эзэн ахынхаа гараас чанга атган талархаад:
- Буян хишиг манагч энэ хөөрхөн амьтныг бэлэглэсэн тандаа баярлалаа. Дүү нь баярласан сэтгэлээ илэрхийлж, хурдан саарал азарганыхаа эр төлөөс нэг үрээ бэлэг болгож байна. Би хөтлөөд ирнээ… гэлээ. Хурдан моринд дуртай ах маань Яахав… Яахав… гэснээ тааламжтай толгой дохиод хоцорлоо. Гэртээ гөлгөө авчран, үүдээрээ оруулж сүү долоолгон ёслоод, арслан шинжтэй сүрлэг том нохой болохыг бэлгэдэж чихний уг, сүүлний үзүүр хоёрт нь шар тос түрхэв. Ингээд чихэнд нь
– Арслан, Арслан, Арслан… гэж гурвантаа шивэгнэн нэр өглөө. Арслан гэдэг нохой манай ам бүлд нэмэгдсэн түүх энэ…
Гэрийн хаяанд хэвтээ Арслангаа ус зөөдөг тэмээн тэргэндээ ачаад, толгодын энгэр өөд хөтлөн гарлаа. Тэмээн тавхайгаар цас нуугин, тэрэгний дугуй гунигтай чахран дуугарна. Сайн нохойноосоо салсандаа сэтгэл тавгүй явлаа. Гэмгүй бор нүдээрээ гэрэвшин харж зогсдог, дүр төрхийг нь бодох бүр харамсмаар... яагаад ч юм...дахин хэзээ ч уулзахгүй...эгэл борхон түүнийгээ эрхлүүлж чадахгүй гэж бодохоор л...түүнийхээ өмнө гэм хийсэн мэт санагдаж явлаа... Хөдөөлүүлэх зам нэг бол хол, нэг бол ойрхон баймаар санагдаж сэтгэл уймрана.
…Арслан өдөр хоногтой уралдан өсөж, бяруу мэт том биетэй, сагсгар үстэй өтгөн сүүл хонгорцогтой, саахалтын холоос дуулдахаар бүдүүн дуугаар хуцдаг сүрдмээр нохой болж билээ. Арслан нохойгоо хотондоо байхад бүх юм дүүрэн санагдана. Тэмээ малдаа туйлын үнэнч, хурга ишиг дээгүүр нь дүүлж байхад, нүдээ нээн харснаа тайван хэвтэж байна. Хотондоо хүнгэнэн хуцаж байхад, аливаа муу бүхэн хийсэн одмоор, буян хишиг батжин оршмоор санагддаг билээ…
Нутгийн минь толгодын хаа нэгтээ Арслан маань шингэх хувь тавилантай байжээ. Түүнийхээ ясыг тавих энгэр ээвэр газрыг эрэн хэсэг бэдрэн явав. Хөр цасыг малтан Арслангаа толгойг нь баруун зүгт хандуулан хэвтүүлээд, сүүл хонгорцогийг огтлон дэрлүүлэв… Амь насыг минь аварсан ачтантайгаа салах ёс хийдэг байна.

…Арсланг ид залуу байхад өвлийн цасан шуурганаар уруудсан малдаа яван төөрч билээ. Нэг алхмын газарт юу ч харагдахгүй нүүр нүдгүй цасан шуурга өдөржин нүдэж, үхэл амьдралтай хором хормоор тэмцэлдэж байлаа. Морин дээрээс унахдаа өвдгөө гэмтээсэн тул хандсан зүгтээ мөлхөж байлаа. Хөдлөхгүй хэдхэн хором болоход гар хуруунаас эхлэн мэдээ алдан хөлдөж байгаа нь мэдрэгдэж байсан. Үхэл амьдралын дээсэн дөрөөн дээр дэнжигнэн байхад, хүнгэнэтэл нохой хуцан Арслан дэргэд хүрч ирээд, гаслан гангинаж нүүр ам долоож байсан юм. Авралын эзэн болсон Арслангийнхаа дулаан сахлаг үс ноосонд дулаацан сэрвээгээр нь тэврэн тэгнэлдээд хэсэг чирэгдэн явлаа. Шөнө болж, цасан шуурга улам ширүүсэн, шархандаа халуурч эхэлсэн би ухаан алджээ. Арслан гэрийн зүгт зөн мэдрэмжээрээ намайг чирэн хэсэгхэн явсаар гэрийн ойролцоо ирэн, гандаа давхин хүрч эргэн хараад хуцаад байхаар нь санаа авсан хүмүүс түүний хойноос явж намайг олсонсон. Хэд хоногийн дараа бие илааршин гэрээс орж гарахтай болоход, гэрийн үүднээс тосон баярлан шарвагнаж нүүр ам долоон татаж унагах дөхнө. Тэгснээ цас маналзуулан хандсан зүгтээ хөөрөн давхиад, эргэн харвасан сум мэт хурдлан ирнэ…Сүрдмээр том биедээ тохиромгүй гэнэн цагаан гөлгөн нохой шиг эрх зантай сан…
…Арслан минь байгалийн жамаар хөгшрөн нэгэнт нүд анив. Эргээд бодоход, сүүлийн үед намайг даган шогшуулах нь ихсэж, холоос ирэхэд хөтөл дээр зам тосоод сууж байна. Хүрээд ирэхэд гэрэвшиж орхиод эргэн гүйнэ, бүр хүүхэд шиг гэрэвшээд байдагсан. Үхлээ мэдээд байж дээ хөөрхий…
Арслангийнхаа аманд өврөөсөө шар тос гарган зуулгалаа…Бурхан минь… Арсланг минь хойд насанд нь хүн болгож төрүүлээч…Танаас гуйн залбирч байна… Арслан минь хойд насандаа сайн төрлийг олох болтугай... Үнэнч нохойтойгоо салах ёс хийгээд, оройн жавар дундуур өвөлжөөгөө чиглэн тэмээгээ хөтлөн алхууллаа… Арслангийн аманд зуулгасан шар тос шиг наран, толгодын хаяанд шингэн алдаж байв… Амьдралын наран… гэж нэг шингэн, дахин мандсаар хорвоогийн өдрүүд хөврөх ажээ…
Г.ДАВААСҮРЭН / МЗЭ-ИЙН ШАГНАЛТ /
Багануур. 2010.01.10 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл