Ш.Сайхансамбуу: Өнөөгийн хямралын эхлэл 2008 оноос тавигдсан

2018/12/22 80 0


УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу  2012 онд “С.Баяр нарын 12 хүнийг намаас хөөх хэрэгтэй”, “ УИХ тарах ёстой” гэсэн байр суурийг хэвлэлээр илэрхийлж байв. Харин тэрээр өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ингэж ярьж байна.

-Улс орон эдийн засгийн хямралтай, дээр нь төр, засаг бужигнаантай байна. Энэ байдлыг та юу гэж дүгнэж байна?

-Эдийн засгийн хямрал, дээр нь засаг төрийн ялзрал чинь аль дээр, 2008 оноос эхлэлтэй шүү дээ. Харин сая ЖДҮ, зээл гэхчлэн асуудал гарч нийгэм  шуугиад эхэллээ. Өмнө нь гаднаас нь хэлдэг л байсан, шүүмжилж л байсан. УИХ-д ороод ч энэ луйвар хийгээд байна, ийм байдлаар хийж байна гэж хэлж явсан. Дараа нь ч бас үзэл бодлоо илэрхийлж байсан. Хэлдэг хэдэн хүн байх юм, Б.Жаргалсайхан, би, за тэгээд төрд ажиллаж байсан олон хүн байна. Хэлсэн ч дээр байгаа хүмүүс тоодоггүй. Хэлсэн, ярьсныг тусгаж авдаг байсан бол юу гэж ийм байдалд хүрч, ингэтлээ доошоо орж  байх вэ, тийм биз.

-1990-2018 он хүртэл нийтдээ долоон удаагийн сонгууль болжээ. Энэ хооронд улс орон хөгжих боломж байв уу, эсвэл?

-Улс орон хөгжих боломж бүрэн байсан. Харамсалтай нь бодлого алдагдсан. Бодлого боловсруулдаг хүн төрд алга. Боловсруулсан бодлогоо хэрэгжүүлж, түүнийхээ араас хөөцөлдөж ажилладаг нам алга. Бид Ардын нам, Ардчилсан нам гэж яриад байдаг. Сонгуулиар энэ хоёр нам уралдаж урцалдаад  очдог. Энэ хоёрын нэрийг барьж очсон ямар ч нэр дэвшигч мөнгө цацаад гарч л байдаг. Ирээд Төрийн ордонд орж суунгуутаа гэмт хэрэгтэн болж хувираад, идэж уугаад байгаад байгаа ийм л байдал ажиглагдаж байна шүү дээ. Мань мэт тэрийг нь хэлдэг, нөгөөдүүл тоодоггүй. Харин эд юу хийж, ямар  их хэмжээгээр идэж ууж байж вэ гэдгийг өнөөдөр л Монголын ард түмэн харчихаад бухимдаж байна. Ингэж идэж ууж байгаа мөнгөөр Монгол Улс хөгжих боломж бүрэн байсан байхгүй юу?

-Ардын нам, Ардчилсан нам хоёр  үнэн үг хэлсэн гишүүдээ нясалж, шударга нэгийгээ хавчиж шахдаг  байсан нь өнөөдрийн байдалд хүргэсэн болов уу?

-Няслах нь битгий хэл няц дарж байгаа юм чинь. Энэ хоёр нам дотор шударга хүн урагшаа явахгүй.  Орж ирж байгаа хүмүүс нь дандаа аялдан дагагч нар байгаа. Удирдлагуудын тойрон хүрээлэгч, аялдан дагагсад нь тэднийгээ юу хэлнэ бөхөлзөж байдаг. Бид хараа биз дээ, телевизээр, яаж бөхөлзөж, долигонож, хөөргөө хүртэл  яаж сөхөрч сөгдөн барьж байгааг нь. Энэ хоёр намынхан адилхан, тийм л хүмүүс ордог. Тийм учраас өнөөгийн парламент ямар ч бодлогогүй, хүчгүй, тэр дотор хүн ямар ч шударга зүйл яриад нэмэргүй, ийм л байгаа.

-Нуулгүй хэлэхэд, та үүний нэг золиос    болсон уу?

-Би ч нэг их золиослогдоод байсан юм байхгүй. Өөрөө “Энэ дэмий юм байна” гэж бодсон хэрэг л дээ. Тухайн үед Оюутолгойгоос болж нэлээн маргалдсан, МАН-ын удирдлагууд, дарга нартайгаа бүлгийн хурал, байнгын хорооны хурал дээр маргаж, сөргөлдөж байсан. Тиймээс 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардын намыхан маань намайг бодлогоор нэр дэвшүүлэлгүй хассан. Би ч  “намайг хасчихлаа” гэж юм бодоогүй. Одоо бол эргээд улс төрд орох нь зөв гэж бодож байгаа шүү.

-Яагаад?

-Би 1980-аад онд Хотын гүйцэтгэх захиргаанд төрийн алба хашиж байсан. Төрийн ажил, засаг захиргааны ажил хэрэг  яаж явах ёстойг сайн мэднэ. Тухайн үеийн боловсон хүчний нэг байсны хувьд доод шатнаас нь эхэлж ажилласан, туршлага хуримтлуулсан. Дараа нь бизнесийн салбарт хөл тавьж  1991 оноос би хувийн бизнес хөөгөөд явсан. 2008 оноос УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Завхан аймгаас сонгогдсон. Энэ дотор хөл тавиад улс төр гэж юу болохыг сайн ойлгосон. Өмнө нь  бол дэмжлэг, туслалцаа үзүүлж явснаас биш дотроо юу болдог, яадаг вэ гэдгийг мэддэггүй байсан. Орсон хойноо мэдээд, мэдсэн учраас шүүмжлээд, эцэст нь шахагдаад гарсан даа.

– Засаг, төрийн завхралыг улстөрчид ч, улс төрийн намууд ч Үндсэн хуультай холбож тайлбарладаг. Та ямар бодолтой байна?

 -Би хоёр систем солигдож байхад  Хотын захиргааны мэргэжилтэн байж юм юмны зах зухыг гадарлахтай болсны хувьд Үндсэн хуулийг өөрийн зүгээс дүгнэж байсан.  1992 оны Үндсэн хуулийг тухайн үед гурван хүн, тухайлбал Б.Чимид гуай, генерал Б.Пүрэв, Дээд шүүхийн дарга Ринчен нар голлож хийсэн болов уу гэж боддог.  Б.Чимид гуай “Бид Үндсэн хууль хийх гэж их зовсон. Капиталист системийг мэдэхгүй учир АНУ, Франц, Герман явж судалсан” гэж дурссан байдаг. Тэднээс өөр хууль хийчих хүн ч байгаагүй. Тэр хуулийн юун дээр алдаа гарсан бэ гэвэл, одоогийн төрийн тогтолцоо, удирдлагын механизм дээр алдсан. Түүнээс монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй оричнд амьдрах эрхтэй, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол гэх мэт манж үгс бол автоматаар гар өргөж батлагдсан зүйлс. “Бид 60 хоног нойр, хоолгүй зүтгэсэн” гэдэг юм билээ, тэр нь тогтолцоогоо яах вэ гэсэн маргаан л байсан. Түүнчлэн парламентыг хоёр танхимтай болгоно, хоёр эхнэртэй болно гээд олон юм ярьсан. Хамгийн сүүлд гурван толгойтой  төрийн тогтолцоог баталсан. Тэр гай өнөөдөр ч нүүрлэж байна. Энэ тухай би 2008-2009 онд Үндсэн хуулийн хямрал болчихсон гэдгийг хэлж байсан даа. Өнөөдөр ч тэрний үр дагавар улам нарийсч гарч байна. Жишээ нь, 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хар л даа. Тогтолцооны асуудал хэл ам тасрахгүй байна.  Энэ бол Үндсэн хуулийн хямрал явсаар бүр гүнзгийрч байгаагийн илрэл. Үүнийг засч авахгүй бол дотоодод аюул нүүрлэчихлээ. Гадныхан бол манай Үндсэн хуулийн хямралыг ажиглаад хэзээ дотроо тэмцэлдэж босч ирэх нь вэ гэдгийг харж  суугаа. Өнөөдөр үг хэлээр дайтаж байна, үйлдлээрээ бол 2008 оны долдугаар сарын 1-нд  нэг удаа цухас гарч ирээд намжсан. Даамжирвал бид бие биетэйгээ алалцахад хүрнэ. Төр гурван толгойтой болсны гай энэ. Эрх мэдлийн төлөөх тэмцэл даамжирвал хэцүү. Нэг байх ёстой зүйл, гурав болчихоор ийм зовлонтой. Гэтэл манай хойд, урд хөрш нэг толгойтой, нэгдсэн удирдлагатай болоод ирсэн. Тэр бүү хэл, энэ хоёр улс чинь дэлхийн бодлогыг тодорхойлолцож, тэдэнгүйгээр дэлхийн ямар ч асуудал шийдэгдэхгүй байна шүү дээ. Гэтэл манайх нэг байх албан тушаалыг гурав хуваачихаад, тэд нь нам дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдээд байж байна шүү дээ. Өмнө ярьж, хэлж байсан зүйлүүд маань одоо батлагдаж байгааг  өнөөдөр хараад, тэрийгээ бас яриад л сууж байх шив дээ, бид.

Эх сурвалж: polit.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen