Б.Жавхлан: Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин, энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ

2021/04/02 24 0
 Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр талууд тохиролцож, 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, түүнчлэн хувийн хамгаалах хэрэгсэл худалдаж авах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс эхний таван жилд үндсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байх аж.
Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд цахимаар танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Сарангэрэл, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, коронавирусын халдварт цар тахалтай тэмцэх, иргэдээ ванкцинжуулах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсын Засгийн газар коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, цар тахлын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц импортлох, энэ чиглэлийн олон улсын хөтөлбөрт хамрагдаж ард иргэдээ вакцинжуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая гаруй иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гарган Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан болон удахгүй баталгаажих гэж байгаа вакцинууд, тэр дундаа вакцины хатуу дэглэмтэй 11 улсад аль вакциныг голчлон хийж буйг анхааралтай ажиглаж, тэдгээр вакциныг худалдаж авах, олон улсын хөтөлбөрт хамрагдахад анхаарч ажиллаж байна.  
Өчигдрийн байдлаар манай улс хүн амынхаа 10 хувь буюу 330 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэдгийг хэллээ.
Түүнчлэн бусад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжаар манай улс 450 мянган тун вакцин авч, иргэдээ вакцинжуулж байгаа. Энэ оны зургадугаар сард КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 239 мянган тун вакцин авахаар бэлтгэж талаар нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсэг нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Ингээд Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдав.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл