У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26 58 0

Ноён Роберт Фрийдланд “Хэрэв бид өөрсдийн ажлаа дөнгөж эхэлж байхад “Хүрэл үнэг”, “Оюутолгой” хоёрын нөөц хоёулаа илэрчихсэн байсан бол бид Оюутолгойтой зууралдах ч үгүй байсан”...гэв. Тэрбээр “Хүрэл үнэг” орд газраас урьдчилсан зураглалаар тодорч байгаа алт, зэсийн нөөц бидний нойрыг хүргэхээ байлаа. Бид дөрөвдүгээр сараас тэнд өрөмдөж эхлэх болно. Мөн дахиад гайхамшигтай нээлт хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Сониноос манай үнэт цаас улирлын чанартай арилжаалагддаг. Монголд дулаарахаар газар дээр нь очиж үзээд бидэнд итгэж эхэлдэг. Тэгээд тэд 4-9 дүгээр саруудад манай хувьцааг авч гарна. Иймд жуулчны улирал эхэлж байгаа тул та бүхнийг Монголд урьж байна” гэж 2005 оны гуравдугаар сарын 2-нд BMO Nesbitt Burns 2005 Global Resources Conference уул уурхайн хөрөнгө оруулагчдын бага хурлын индрээс танилцуулж байв. 
Түүний илтгэл мэдээж сонирхолтой. Тэр тусмаа “Энэ бол Сингапур, тэнд би амьдардаг юм. Энэ бол Бангкокийн шөнийн амьдрал., Хонконг, Тайвань, Энэтхэг, Хятадын хүн амыг сайн хараарай. Харин Монголд бол хэн ч байхгүй шахуу. Хэрвээ чи уул уурхайн бизнес хийх гэж байгаа бол хүмүүс олноор амьдардаг газрын хажууд байх ёстой.Зөв үү? Чи зах зээлийнхээ хажууд байх ёстой. Гэхдээ чи өөрийн ордын дэргэд хүн амьтан хүсэхгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл чиний ордын хажууд хүмүүс олширвол проблем нэмэгдэнэ” гэжээ. 
Одоогоос 14 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэхэд Фрийдланд “Монголын улс төрийн лидерүүд бидэнд их тусалж байгаа л даа. Монголын Ерөнхийлөгч Канадад айлчилсан. Бид Пол Мартентай уулзаад Монгол-Канадын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Ингэснээр бид давхар татвар төлөх шаардлагагүй болж байна гэсэн үг. Дивидендийн гуйвуулга огт татваргүй явагдах болно. Мөн бид Монголын Засгийн газартай байгуулах урт хугацааны хамтын гэрээний сүүлийн шатанд явж байна. Энэхүү гэрээ нь манай хувьцаа эзэмшигчдийн бүхий л эрх ашгийг хамгаалах болно”...Тэрбээр “Монголын Засгийн газартай бид тулж ажиллаж байна” хэмээн илтгэлдээ дахин онцолсон нь бий....Дахин хэлэхэд энэ бол 2005 оны гуравдугаар сар. Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нарын үе...Мөн Фрийдланд Хятадыг чухам л магтан дуулсан нь илтгэлд бий. Тэрбээр “Энэ бол Вэн Жибао, Хятадын Ерөнхий сайд. Геологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, том улсын удирдагч нрарын дунд ганцхан тэр л геологич байх аа. Хюгогийн гайхамшгийг сайн мэднэ. Хятадад зэс ямар их хэрэгтэйг мэднэ. Энэ хүн бол Хятадын хамгийн том корпораци SITES-ийн захирал. Тэгвэл тэр яагаад Хятадын телевизээр надтай гар барьж гараад байна аа? Яагаад гэвэл тэр эдгээр баялгийг олборлох нь Хятадын үндэсний аюулгүйй байдалд шууд хамаатай. Харин та нарын хувьд хятад луугийн хэрэгцээг сайн хангах нь чухал. Цадсан луу сайхан ааштай байдаг юм.Бид Хятадад, хятад хүмүүст хайртай. Хятадын Засгийн газартай дотно холбоотой ажиллаж байна. Оюутолгой Хятадад маш чухал нөлөө үзүүлэх болно” гэхчлэн урсгаж өгсөн. Мэдээж түүний яриа бодит байдалд биелэлээ хэрхэн олсныг энд нуршаад яах вэ. Харин “Хүрэл үнэг” яасан бэ?
Одоогоос бараг нэг сарын өмнө Kincora Copper компани Өмнөговь аймаг дахь алт, зэсийн “Хүрэл үнэг” талбайдаа өрөмдлөг хийж эхэлсэн тухай Bloomberg-т мэдээлэв. Өрөмдлөгийн ажилд 6.25 сая ам.доллар зарцуулах бөгөөд эхний санхүүжилт нь ирэх нэг жилийн үйл ажиллагаа, 18 мянган метр хүртэлх гүний өрөмдлөгт зарцуулагдахад хангалттай гэж тус компанийн Ерөнхийлөгч Сэм Спринг онцолжээ. Тэрбээр 2012 оноос хойш эрдсийн өндөр агууламж тогтоогдсон. Гэхдээ өрөмдлөг хийгээгүй хэд хэдэн талбай байгаагаас эхний ээлжинд Хүрэл үнэг талбайн хоёр бүсэд, дараа нь Зүүн Цагаан суварга талбайд гурван өрөмдлөг төлөвлөсөн гэжээ. Энэ мэдээллийн дараа Торонтогийн бирж дээр Kincora Copper-ийн хувьцааны ханш 16 хувиар огцом өсч 0.1 канад доллар давлаа хэмээн Bloomberg мэдээлэв. 
Дээр дурьдсанчлан Ivanhoe Mines 2006 онд өрөмдлөг хийсэн ч Оюутолгой төслийн гэрээг байгуулахад төвлөрснөөр цаашид хөгжүүлэх алхам хийгээгүй. Харин Kincora Copper Хүрэл үнэг талбайг 2012 оноос эзэмших болсон гэж Blooberg-т дурджээ. Үнэндээ алт зэсйн нөөцийн өндөр магадлалтай 40 кв.км талбайг хамаардаг Хүрэл үнэгт өнөөдөр ч Фрийдланд харамссаар байгаа нь лавтай. Фрийдландын хөрөнгө оруулагчдад тайлбарлаж байсанчлан Хятадын хилээс 190 км зайд, Дорноговь аймгийн нутагт орших Хүрэл үнэг төслийн талбайн баруун хэсэг нь “МАК” группийн эзэмшлийн “Сэрвэн сухайт” ил уурхайтай хиллэдэг аж. Өнгөрсөн жилүүдэд Kincora Copper хувьцааны ханш нь бараг байнга шахам бууурсаар байсан ч Kincora Copper найдлага тавьсан хэвээр, Зүүн Цагаан суварга төслийн геофизик болон IP судалгааны ажлаа дуусгаж ийнхүү өрөмдлөгөө эхэллээ. Хоёр жилийн өмнө мэдээлж байснаар бол 0.4 хувийн агууламжтай 300 сая тонн хүдрийн биет буюу 1.2 тонн зэс, 0.55 хувийн агууламжтай 500 сая тонн хүдэр буюу 2.8 сая тонн зэс, их хэмжээний алт гэсэн жижүүрийн мэдээлэл өгдөг энэ компанийг монголчууд Английн Виржинийн арлуудад байгуулагдсан, Монголын Засгийн газар тэдний гурван төслийг цуцлахад нь 106 лицензит талбай багтаж, тус компани ашиг орлого нь хэрхэн буурсан талаар мэдэгдэл гаргаж байсан төдийхнөөр мэднэ. Энэ мөчид дахиад л Фрийдланд ба Оюутолгойн түүх дотроос хатгах аж.
Фрийдланд ба түүний монгол “найзууд”
Оюутолгойн талаарх таагүй мэдээлэлд баглуулсан энэ өдрүүдэд Хүрэл үнэгийн өрөмдлөг, Kincora Copper-ийн хувьцааны ханшийн өсөлт сэргээх болов уу гэтэл хэн ч баярласангүй. Харин Фрийдланд эхэлж хөрөнгө оруулагчдыг уриалсан болохоор ч тэр үү, Оюутолгой төсөлтэй холбоод ч юм уу, “С.Баярын эргэн ирэлт” гэгчтэй холбоотой болов уу гэж хардах хүн нэг бус таарав. 
Тэгж хардаж ч болох талтай. Яагаад гэвэл Фрийдланд ч, түүний “монгол найзууд” ч “элэг бүтэн”, амьд сэрүүн хэвээрээ. 
Оюутолгойн анхны ТУЗ-ийг Монголын дипломатч Галсангийн Батсүх тэргүүлэх болсон тухай “Айвенхоу майнз” компанийн орлогч ерөнхийлөгч Петер Мередит 2010 оны тавдугаар сарын 12-ны орой мэдээлж байв. Г.Батсүх нь 2001-2005 онд Монгол Улсаас Канадад Элчин сайд, 2005 оноос 2009 он хүртэл БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан юм. Тиймээс нэг талаас түүнийг Н.Багабандийн дэмжлэгтэйгээр, хатуухан хэлэхэд даалгавраар нь ажилладгийн хувьд, нөгөө талаас Канад, Хятадад аль алинд нь Элчин сайдаар ажиллаж байсан хамгийн боломжит хувилбар гэж сонгогдсон гэдэг. Фрийдланд Хятадын талаар болон Монголын Ерөнхийлөгч, түүний Канадад хийсэн айлчлад хэрхэн ач холбогдол өгснийг дахин харвал бүр яв цав нийцсэн нь харагдана. Тухайн үед Г.Батсүх нутагтаа хөл тавилгүй удсан, “Айвенхоу майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдландыг Монголд анх зуучилсан хүн гэцгээн гоочилж байсан ч бодит байдал дээр үнэлэгдэх гол үзүүлэлт нь тэр байв. 
Тэртээх “2001 онд “Айвенхоу майнз” компани Монголд ажиллаж эхэлсэн үеэс Г.Батсүх нь Моннголын Элчин сайдын хувиар тус компанитай нягт хамтран ажиллаж байсан. Тиймээс ч “Монголын хөгжлийн түүхэнд онцгой ач холбогдол бүхий уул уурхайн ордын ашиглалтад гол үүрэг гүйцэтгэх албан тушаалд энэ хүнийг томилж байгаадаа баяртай байна” хэмээн дипломатч Петер Мередит тухайн үед хэлсэн үгэндээ онцолж байв. 
“Айвенхоу майнз” компанийн Захирлуудын зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Пунцагийн Цагаан, Хас банк болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Чулууны Ганболд нар 2009 оноос ажиллах болсон. Үүнийг хардвал Гарамжав агсны олсон нөөцийг Фрийдландад хэлсэн хүн нь Канадын нөлөө бүхий улстөрчдөөр дамжиж Фрийдландтай танилцсан дипломатч Г.Батсүх. Фрийдландын “ойртож дотносон” гэж хөрөнгө оруулагчдад бахархсан Монголын “лидер”-үүд нь Н.Багабанди, Ц.Элбэгдорж. Тэд 1997 оны 6-р сарын 5. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран, дэлхийн банкны тусламжтайгаар шинэчлэн бичсэн Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлахад гол хичээл зүтгэлийг гаргасан. Энэ хууль батлагдахаас сар орчмын өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдсон Нацагийн Багабандийг тангараг өргөхөөс нь өмнө амжуулж, ашигт малтмалын хуулийг баталсан, уг хуулийг баталсан өдөр Н.Багабанди УИХ-ын гишүүнийхээ хувьд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөн гэхчлэн бүгд бичигдээд өнгөрсөн үнэн билээ. Тэр үед С.Баяр ЕТГ-ын дарга байсан. Батсүх Канадад Элчин байсан. Р.Болд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байсан. ҮАБЗ-өөс тэр үед Засгийн газарт зөвлөмж л өгдөг байх тухай тэр үед шийдсэн байдаг юм. Харин Н.Энхбаяр бол 2004 оны босгон дээр амласан ёсоороо Орост төлөх их өрийг дарж дуусгахын тулд 2003 оны арванхоёрдугаар сарын 22-нд Фрийдландаас 50 сая ам.доллар зээлээд хайгуулын лицензүүдийг бөөндөөд өгчихсөн гэж л түүхэнд бичигдэж үлдэж дээ. Н.Энхбаярын хувьд Фрийдланд лицензээ авчихсан, 50 сая ам.доллараа “атгуулчихсан” хүний хувиар тэгтлээ дотносч сүйд болоогүй. 2005 оны долдугаар сарын 8-нд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж 34:66 болгож харьцааг өөрчилсөн. Наадмын уур амьсгал орчихсон хэн ч анзаарагдаагүй. Тэгэхэд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хориг тавиагүй. Тавих бүрэн боломж байсан. Харин цаашид Фрийдландтай наймаалцаж байхаа бодсон ч юм уу, хориг тавиагүй...2009 оны долдугаар сарын 16-нд хуралдсан УИХ-ын чуулган. Хуралдаанд оролцсон гишүүдийн 31 гишүүн УИХ-ын 57 дугаар тогтоолыг баталсан. Батлах эрхийг авангуутаа Фрийдландтай биш Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинтотой”-той гэрээ хийсэн.2009 оны аравдугаар сарын 9-нд Оюутолгойн гэрээг байгуулж, 18 хоногийн дараа эрүүл мэндийн шалтгаантайгаар, өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын үүрэгт ажлаа Сүхбаатарын Батболдод хүлээлгэн өгсөн билээ.
С.Батболдын “жаран бутархай” айсуй
“Аавын ч хүү, ээжийн ч хүү мөн дөө, би” гэдэг шиг Ц.Элбэгдоржийн ч, С.Баярын ч Засгийн газарт сайдаар ажиллаж байсан С.Батболд өөрийн гараар замаа зассан нь их урт үргэлжилсэн. Албан тушаалын карьер хийгээд ашиг орлогыг нь “тасалдуулсан” хүн нь М.Энхболд, түүний нөхөд. Үүнд их харамсч явдаг бололтой. Одоо л У.Хүрэлсүхийн “хувьсгаалч” занг хөөргөдөж байгаад албан тушаалыг өөртөө эс ч үр удамдаа, найз нөхдөдөө нялж цуглуулж ядаж яваа нь энэ. Аз дутахад Ерөнхийлөгч нь Х.Баттулга. Гэхдээ түүний дэргэд баз нь буй. Харин хятадуудтай хийх бүх арилжаа хийгээд харилцаа холбоог Д.Зоригт зохицуулдаг. Андуураагүй шүү, ямар ч гэрээ хэлцлийг амжилттай болгодог гэдэг талаас нь өөдрөгөөр хүлээж аваарай. С.Батболдын Засгийн газрын үед Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Г.Алтансүхийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар томилж, МАК-д баахан лиценз авч өгч “агаарын бизнес” гэгчийг утгаар нь хөгжүүлж билээ. Шүүх дээр очихоор Г.Алтансүхийн гэргий Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Мөнхтуяа “тосоод” авна. Энэ их урт түүх. Агаарын бизнесийнхний тухай болон Г.Алтансүхийн АМГТХЭГ-ын дарга байх үеийн тухай хожим тусад нт өгүүлэх болно. Харин энэ түүх эргэж мэдэхээр тохироо бүрдчихээд буйг дашрамд сэрэмжлүүлье. С.Батболдын “бригад”-ын албан тушаалын байршил, маршрут нарийн тактиктай. Нэг тийм хятаджуу, баруунжсан, нуух арга барилдаа сайн ч хайхад урамтай нууцалдаг нь аятайхан, сонирхолтой байдаг юм. 
Хожгорын Дөчинтав гэж хэн бэ?
Эндээс эргээд Kincora Copper болон Хүрэл үнэг рүүгээ явахгүй бол төөрөх нь. Kincora Copper ганцхан монгол захиралтай. Тэр нь Хожгорын Дөчинтав. Цагтаа “Моннис”-ийн ахан дүүсийн хамт “Аэромонголиа”-г бужигнуулж явсан, одоо “Өндөрбаян цогт”, “Букорп” компаниуд дээрээ овоо хэдэн лицензтэй түүний эзэмшдэг газар, эдэлдэг машиныг би лав тоолж барсангүй. “Анод” банкинд ч бас “Моннис”, Х.Дөчинтав нар хувьцаа эзэмшдэг гээд байсан гээд бодохоор нэг л олигархи-лидерт ойрхон санагдаад байгаа юм. Банк, уул уурхайг хольж “базсан” бизнесмэн тийм ч олон биш шүү дээ. Гэхдээ тэр олон гадаад захирал дунд байгаа ганц Монголоо хардаад яахав. Монголын баялгийг “сайн манаарай” гэж ерөөе. Оюутолгой сүйрэх нь гэж бүү айгаарай. Kincora Copper бол харьцангуй цэвэр зам мөртэй, дээр нь асар тэвчээртэй компани юм. Харин дээрх бүх арилжаанаас хол байсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих болов уу гэдэг л эргэлзээтэй.
Нийтлэлч У.Оргилмаа
5085


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen