УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн уриалга.

2020/12/21 354 0

УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн уриалга. Цааш түгээнэ үү!!!
Монгол хэл мөхөх нь гэлээ гэж зарим нь дайрч байх шиг. Эх сайхан Монгол хэл, эцэг өвгөдийнхөө эрдэм өв соёлд энэ насаа зориулсан хэн боловч элэг буруу хандана гэж үү?
Монгол улс 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталсан ч хэрэгжилтэд сэтгэл дундуур байдгаа би нуудаггүй. Хэдэн зуун, мянган жилийн оюуны өв соёл, дэлхий дээр Монгол хүн байхын утга учир энэ л агуу хэл бичигт маань бий.
Гэтэл цахим орчин хэдхэн үгэнд эргэлдэж, цадигаа алдсан хараал хэрүүлд ээрэгдэж, цаашлаад хууль нь хүртэл харьжсан хэллэг, хамаатуулсан болхи орчуулгаар дүүрч бид өөрсдөө эх хэлээ гутааж, дорд үзэж буй нь гашуун үнэн. Энийг л сануулж, сэрэмжлэх гэж арга ядаж яваа билээ.
Аливаа улсыг устгая гэвэл хэл соёл түүхийг нь үгүй болго гэсэн сэртхийм үг байдаг.
Даяаршлын эринд тусгаар тогтнолын маань үнэт дархлаа эх хэлээ хамгаалах манаанд Монгол хүн бүр зогсож байдаг гэдэгт огт эргэлздэггүй. Хэдий чинээ эх хэлтэйгээ байна төдий чинээ Монгол Улс өнө удаан оршин тогтнож чадна.
Бүх их, дээд сургуулиуд, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэл зохиолын хүрээлэн, Сайтуудын нэгдсэн холбоо зэрэг Монголын оюун соёлын дархлаа болсон үе үеийн бичгийн мэргэд мэргэжил нэгт нөхөд, бичиг номын садан та бүхнийгээ эх хэл бичгээ хамгаалах, дэлгэрүүлэх үйлсэд хошуучлан манлайлж хамтран зүтгэхийг уриалж байна.
Агуу Монгол хэлнийхээ аялгуу сайхныг гайхуулж, ариун тансаг бичиг үсгээ хамтад нь авран хөгжүүлж, алхам бүртээ санаж, алдаагүй зөв хэрэглэж, амжилт бүтээлдээ дархалцгаая.
🇲🇳🇲🇳🇲🇳Монгол үндэсний хэл соёл мандан бадрах болтугай.Г.Мөнхцэцэг. УИХ-ын гишүүн
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл