"ТЭНГЭР ШИНЖИЛТ"

2020/10/09 92 0
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Бага залаагийн уулан дээр жил бүрийн намрын дунд сарын шинийн 15-нд гарч ирэх жилийн өвөл хаврын цагийн байдлыг урьдчилан харж ажиглах үйл ажиллагаа болдог билээ.
Уламжлал ёсоор энэ жил 2020-10-01-ний шөнө гарч тэнгэр ажиглагч Ш.Эрдэнэбулган, Д.Таванжин, Говьсүмбэр аймгаас н.Баярмагнай нар ажиглалт хийж хонолоо. Өндөршил сумын нутаг Баян уулан дээр Өндөршилийн Ц.Баяр, Говь-Угтаал сумын С.Пунцагдорж, А.Лхагвасүрэн нар ажиглалт хийлээ.
н.Баярмагнай гуай зөвхөн зүүн тал, Говьсүмбэр аймгийн нутгаа харж ажигласан "Сайхан өвөл болно, дулаахан, цас багатай, мичид зулзагалсан өнгөрсөн өвөлтэй адил өвөл болно, хавар чангахан болно" гэж дүгнэлээ.
Д.Таванжин: "Тохиол олонтой, сардаа 5 тохиох байх, хүйтэн, хатуухан өвөл болно, хавар чийг багатай газраа хатуухан болно" гэж дүгнэлээ.
Ш.Эрдэнэбулган: "Хүйтэн, чангахан өвөл болно, зүүн урдаа үүдтэй байна" гэж дүгнэлээ.
Ц.Баяр: "Алаг цастай, хүйтэн өвөл болох байх, ховоо татахгүй жил байх байх, зүүн урд зүг сайхан харагдаж байна" гэж дүгнэлээ.
С.Пунцагдорж: "Чангахан өвөл болох байх, хавар эрт татаж авах байх, зүүн урд тал сайхан харагдана, малчид иргэд бэлтгэл сайн хангасан дээр байх" гэж дүгнэлээ.
А.Лхагвасүрэн: "Бод мал нутагт өвөлжихгүй байх, хүйтэн өвөл болно, хавар гайгүй болох байх" гэж тус тус дүгнэлээ.
Энэхүү үйл ажиллагаанд Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ, Төв аймгийн ИТХурлын дарга Ц.Энхбат, Говь-Угтаал сумын засаг дарга Ө.Мөнх-Амгалан, аймгийн ИТХурлын төлөөлөгч Б.Доржсүмбэр, Цагаандэлгэр сумын засаг дарга Д.Буджав, Өндөршил сумын засаг дарга Л.Мөнхбадрах, Төв аймгийн Баянцагаан сумын ИТХурлын дарга Г.Пүрэвдорж, засаг дарга Ж.Ганбат, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ИТХурлын дарга н.Эрдэнэбат, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Сайнцагаан, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум болон дээр дурдагдсан сумдын малчид, иргэд оролцож энэхүү намрын цастай, жавартай шөнийн тэнгэрийн хаяаг дурандан ажиглаж хонолоо.
Тэнгэр ажиглагч, мэргэн ардуудын хэлж байгаагаар сүүлийн 30 шахам жилийн хугацаанд намрын дунд сарын шинийн 15-нд цас орж уулын оройд цасан дунд тэнгэр ажиглан хоноглож үзсэнгүй гэх яриа өрнөж байлаа.
Цаг уурч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн гуайн маань бие чилээрхэж хүрэлцэн ирж амжсангүй. Д.Шагдарсүрэн гуай сүүлийн 26 жил энэхүү зан үйлд оролцож мэргэн ардын дүгнэлтийг олон түмэнд хүргэсээр ирсэн юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл