Би амьдралд хайртай учраас ажилладаг, өөртөө, гэр бүлдээ анхаарал тавьдаг О.Одбаяр

2020/01/06 407 0

Чингис хааны мэндэлсэн өдрөөр хийсэн ярилцлага. Бүх хүний амардаг өдөр утсаа салгаж алга болоогүй учраас өдрөө зориуд онцолмоор байна. Ер нь тухайн хүний ажил хэрэгч гэдгийг нотлох хамгийн энгийн зүйл бол хэлсэндээ байх, байгаагаараа байх юм уу даа. О.Одбаяр гэж хэн бэ? Хэр барагтай хувийн сэдвээр яриа өгсөн байхыг нь харсангүй. Ажил л ярьсан байдаг нь ажил хэрэгч хүний шинж үү сэтгүүлчийн чиглэсэн асуултынх уу мэдмээр байсан юм. Өнгөт хэвлэлд бол тэр ганган дэгжин, удам угсаа сайтай бүх талаараа төгс жентельмэн. Харин өөрийнх нь хэлсэнчлэн хүнд тун чухал дотоод гэрэл нь хэр тод болохыг та энэ ярилцлаганаас тольдох боломжтой. Амьдралын зөв хэв маяг, хэрхэн зөв амьдрах арга ухаан, шашин шүтлэгт хандах орчин үеийн мөн чанар, үнэ цэнэ гэхчлэн өргөн сэдвээр дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн танд талархаж байна. Энэ чинь л жинхэнэ Life Style шүү дээ. Бид нарын жилдээ амардаг 14 амралтын өдрийн маань 2 нь энэ өдрүүдэд таарч байна. Ингэхэд Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх өдрийг та юу гэж бодож байна?
-Дэлхийн талыг эзэлсэн тэр 800 жилийн өмнөх Монгол улс өнөөдөр байсан бол бид тэр хэвээрээ Дэлхийн хамгийн том улс уу эсвэл өнөөдрийх шиг байх байсан уу гэж өглөөнөөс хойш бодож байлаа. Аливааг шүүмжлэх, түүхээ шүүмжлэх, тэр хүмүүсийг босгож ирээд шүүх эрх бидэнд байхгүй. Харин дүгнэлт хийх эрх нь байгаа. Баяр бүхэн утгатай. Монгол улс өнөөдөр хуулиараа 14 баяртай гэж өөрөө хэлж байна. Монгол хүнийг сайхан амьдруулахад 15, 16 баяр бий болгохын төлөө бид юу хийж бүтээж, ямар бодлогоор хөгжих тухай бодох ёстой. 365 хоногийн 14-т нь аз жаргалтай байгаад бусад өдөр нь огт аз жаргалгүй байхгүй нь мэдээж. Монгол хүн өдөр бүхэн аз жаргалтай байгаасай л гэж энэ баярын өдөр хүсдэг.  Өнөөдөр миний 4 настай охин Чингис хааны төрсөн өдөр гээд хэлсэн чинь би очъё хаана болох юм гээд надаас шалгаахад хариулт байсангүй. Энэ хүүхдийн гэнэн цагаан сэтгэлийг бид юу гэж ойлгох уу! Бид Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэхдээ яаж тэмдэглэх талаар нэгдсэн ойлголттой болмоор байна. Айл бүхэн болон төр засаг нь ямар зан үйл хийх ёстой юм. Зөвхөн бөх барилдаад ерөнхийлөгч үг хэлээд хүмүүсийг шагнаад өнгөрдөг өдөр байх юм уу, эсвэл гүн утгаараа Монголчуудын чин сэтгэлийн бахархлын өдөр байх ёстой юм уу.

Чингис хааны ялалтын нууц ерөөсөө тэнгэр үзэл байсан юм байна гэж үзэж байгаа. Тэнгэр үзэл доор монголчууд нэгдсэн. Чингис хаан ганцаараа ялаад байсан юм ерөөсөө биш. Бүгдээрээ сэтгэл зүрхээрээ нэгдээд тэнгэр бид нарыг таална гэдэг нэг сэтгэлтэй байсан болохоор манайхан байлдан дагуулж байсан байна. Та энэ үзлийн тал дээр юу гэж бодож байна?
-Бөртэ Чоно, Гоо маралын удмын Монголчууд эртнээсээ дээд тэнгэрээ шүтэж ирсэн ард түмэн. Монголчууд байгаль дэлхийн өөрийнх нь бүтээгдэхүүн. Байгальд хамгийн ойрхон байсан мал аж ахуйтай орон. Байгалийн өнгө аяс, болж байгаа юмс үзэгдлийг монголчууд тэнгэртэйгээ холбож ойлгодог. Байгальд ойр байгаа хүмүүс угаасаа өглөө босоод тэнгэрийн өнгөө л харна шүү дээ. Би орчин үеийн хүн, түүх судлаач биш. Тэнгэрлэг Монголчууд гэж ярьдаг ч сүүлийн үед зарим тэнгэрлэг зүйл чинь хэтрээд байна. Орчин үед бид тэнгэрлэг байх юм уу бодит байх юм уу. Юмыг бодитойгоор дүгнэдэг тэрэн дээр тодорхой хэмжээний шийдлүүдийг олоод явдаг байх уу, бүх зүйлээ хөх тэнгэртээ даатгаад явчихья гэвэл орчин үед энэ бид нарт нөлөөлөхгүй. Мэдээж хүн юм чинь ухамсрын түвшинд ямар нэгэн зүйлийг шүтэж байх ёстой гэдгийг бол ойлгож байна. Хэтэрхий материалист байж болохгүй. Тэнгэрлэг гэдэг дотор аливаа хувь хүнд өөрийн далд ухамсар байх ёстой. Далд ухамсар дотроо юугаа шүтэх вэ гэдэг тухайн хүний асуудал.
 
Яагаад ингэж асуусан гэхлээр төрсөн нутаг ус гээд яривал та Дорноговийнх. Тэнд хэдэн нас хүртлээ байсан бэ? Говийн ноён Хутагтын өөрийнх нь хийд байдаг, аль хэдэн зуун жилийн өмнөөс нутгийнхаа хүмүүсийн сайхан амьдрах зам мөрийг засаад явсан гэдэг. Манайхан Хамрын хийд ороод зургаа авахуулаад зан үйл хийгээд байдаг. Та нутгийн хүүгийн хувьд энэ тал дээр сонин түүх ярина байх?


-Би Дорноговийн Сайншанд хотод төрж бага насаа эмээ өвөө дээрээ өнгөрөөсөн. Ээж аав Улаанбаатар хотод оюутан, дараа нь аав Улаанбаатарт шилжээд ажилтай болох үед гэрээрээ манайх нүүж ирээд би хотын хүн болсон. Дорноговьчууд болон Монголчууд бүгдээрээ говийн ноён Хутагт Данзанравжаа хутагтыг мэддэг. Хутагт хувилгаад олон байдаг. Одоо ч дараагийн дүр нь тодорчихсон. Данзанравжаа гэдэг хутагт бол өөрөө гойд хүн байсан. Тэр хүн бусад хутагтыгаа бодвол соён гэгээрүүлэгч. Бяцхан түүх өгүүлье. Манай аавыг 1992 онд Бямбасүрэн гуай дуудаад Дорноговь аймгийн засаг дарга болгох санал тавьсан. Аав маань Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн. Анх удаа 1992 онд Дорноговь аймгийн Засаг даргаар Дорноговийн хүн очсон. Социализмийн үеийн Төрийн бодлого бол тухайн аймагт нь өөр аймгийн хүн тавьдаг байсан байна. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал сул, нийт төсөв нь 700 орчим сая төгрөг байсан. Бүхэл бүтэн 50  мянган хүнтэй аймгийн төсөв гэхэд өнөөдрийн Улаанбаатар хотын ханшаар сайхан хорооллын 4 өрөө байрны л үнэтэй тэнцэх хэмжээний төсөвтэй аймгийг удирдаж байсан байна. Аймагтаа очоод 69 машинаа ч солиогүй 4 жилийн хугацаанд ажилласан байдаг. Бараг хамгийн сүүлийн 69 машин унасан аймгийн засаг дарга байх шүү. Дорноговь аймаг бол зохиолчид, оюун санааны манлайлагч, соён гэгээрүүлэгч нар ихтэй, 50,60-аад онуудад Монголд утга зохиолын бүлгэмүүд их дэлгэрсэн. Бүлгэмүүдээс манай аавын найз нар алдартай зохиолч Шартолгой, Монголын агуу ардын зохиолч Догмид, Шартолгой, яруу найрагч Гүрбазар, тахилч Алтангэрэл гуай зэрэг олон алдартнууд төрж гарсан. Тэд цуглаад Дорноговь аймаг тодорхой идеальтай болох ёстой талаар ярилцдаг байж. Жишээ нь Дорноговийн Замын Үүдийг  Монгол даяараа мэддэг гэвэл яагаад гэвэл олон улсын хилийн боомт. Жилд давхцсан тоогоор сая гаруй хүн орж гарч байдаг. Тэгвэл тэд 90 оны ардчилсан хувьсгалын дараа нутагтаа оюуны талын буюу Равжаа сан Говийн ноён Хутагт сан зэргийг байгуулаад хутагтын үйл хэргийг үргэлжлүүлье гэдэг дээр  тохирсон байдаг юм. Эндээс хоёр хүн Равжаагаараа гавьяат болсон. Нэг нь тахилч Алтангэрэл гуай, нөгөө нь манай аав. Их том нэр төрийн хэрэг. “Говийн ноён хутагт Равжаагийн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон түмэнд таниулсан тул таныг МУСГЗ цолоор шагналаа” гэж бичсэн байдаг юм. Аав маань Равжаагийн тухай хүүхдийн үлгэр бичиж, Равжаа хутагтын домог түүх, шүлгүүдийг нь сэргээсэн. Мэнд-Ооёо гуайтай нийлээд шүлгүүдийг нь англи хэл дээр хэвлээд Равжаагаа Юнескод  бүртгүүлсэн. Тэр сүм хийд бол нөгөө хэдийн манлайллын хүчинд хүмүүс итгэж сүсэг бишрэлээрээ хандив өгсний үр дүнд  өнөөдөр маш том Хамрын хийдийн цогцолбор болж байна. Хажуу талын Баянзүрх хайрхан руу саяхан зам тавьсан байна. Уул руу зам тавьдаг аймаг Дорноговиос өөр байхгүй. Гэхдээ энийг бол аялал жуулчлал гэж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт шүтэн бишрэх асуудал, хоёрдугаарт тухайн аймагт аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа юм. Хамрын хийд рүү одоогоор жил болгон 120 гаруй мянган хүн очдог мөргөдөг. Тэр 120 мянган хүн нь очихоороо зочид буудалд бууна, бензин хийнэ хоол иднэ, нэг ёсондоо манай нутгийнхан Равжаа хутагт, Хамрын хийдийнхээ буянаар давхар хүртэж байна. Үйлдвэрлэл яагаад хөгжөөгүй юм гэж та нар асуух байх. Дараа нь мэдээж үйлдвэрлэл нь хөгжинө. Тухайн үеийн нөхцөл байдал нь тийм л байсан.  Дараагийн 20 жилд миний аав аймгаа бэлджээ. Одоо аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлээд Соёл боловсролыг дэмжих зорилготой “Одончимэд сан” байгуулсан юм. Хутагтын тухай ном зохиол бичсэн зохиолчид ирж уулзаж байна. Хоёр ч номыг Сангаар дамжуулаад удахгүй хэвлэлтэнд өгөхөөр ажиллаж байна.

 
Та саяхан бас нутаг руугаа яваад ирсэн байна? Хол яваад ирсэн хүнээс үг дуулья. Ямар ажил амжуулав?
-Аав маань 20 гаруй зохиол бүтээл бичсэн байдаг. Жанарын хувьд хүүхдийн тухай их бичдэг байсан байна. Хүүхдийн болсон яриа явдлууд. Шүлгийн зохиолууд, богино өгүүллэгүүд, шог хошин зохиол, онигооны ном бодит дурсамжууд зэргийг бичдэг байсан. Онигооны ном Гурван бөхтэй тэмээ, Тэмээний боодог гэж гаргасан. 5000 онигооны номыг хүртэл орчуулсан байдаг юм байна. ”Хоржоонтой дурсамж” 1,2-т өөрийнхөө амьдрал, түүхийг бичсэн. Нэгдүгээр боть нь Дорноговийнхонд зориулагдсан. Хоёр дахь боть нь төр нийгмийн ажлыг хийж явахдаа өөртэйгөө уулзаж учирч байсан сонин содон найз нөхдүүдийнхээ тухай оруулсан байна. Миний аав хүн шиг л хүн байсан. Уулзсан хүмүүсээ номондоо мөнхөлчихөөд яваад өгнө гэдэг хамгийн гэгээлэг зүйл. Тухайн үедээ цөөхөн хэвлэгдэж байсан юм байна. Би арай олноор хэвлүүлээд Дорноговьдоо, нийтэд худалдаанд гаргалаа. Сая төрсөн нутаг Дэлгэрэх суманд нь очиж номны баяр хийж нутгийн зон олонд нь хүргэж өглөө. Аав Дэлгэрэх сумыг амьд сэрүүн байхдаа ядууралгүй сум болгоно гэж зарлаад Дэлгэрэхийнхнийг боломжтойгоос нь боломжгүй нэгэнд нь дэмжлэг үзүүлж нэгнээс нь авч нөгөөд нь өгсөөр өнөөдрийн байдлаар ядуу айл байхгүй, айл бүр  малтай ядууралгүй сум болгосон байхыг харж байна. Тэр нь их сайхан. Ааваас минь хойш сумынхан манай гэр бүлийг байнга эргэж тойрч ээжтэй минь холбоотой, сумаараа бид нартай төрсөн ах дүүс шиг байдаг. Улс төрийн хэсгийг нь ярина гэвэл манай сумынхан надтай улс төр ярьдаггүй. Нам хамаагүй. Би очихоороо Ардчилсан намын даргын гэрт нь хонодог. Өөрсдөө ч хэлдэг Одонгоо бид нарт та нарт улс төр нам хамаагүй, ихэнх нь ах дүүс байж юундаа танай манай нам гэж намчирхдаг юм гэж хэлдэг байсан гэдэг. Би ч бас сум баг намаар хуваагдахын эсрэг байдаг. Аймаг дээр л байвал байна биз.

Та багагүй хугацаанд гадаадад номын дуу сонссон. Байнга боловсрохын ашиг тус, үр шим гэвэл?
-Би Орост сургууль төгссөн. Дараа нь Монголд хуулийн сургууль төгссөн. Харин Харвард, Оксфордынх бол түргэвчилсэн мэргэших курсууд. Ер нь дээд сургуульд сурсан академик мэдлэг бол орчин үед 5 жилийн л хугацаатай гэж үздэг . Үргэлж update хийхгүй бол хоцрогдоно. Боловсролоо дээшлүүлэхгүйгээр Яаж манлайлах вэ, компани удирдаж байгаа хүн биеэ хэрхэн авч явах вэ, хүмүүст өөрийгөө хэрхэн ойлгуулах вэ. Энэ бүхэн цээжний бангаар явдаг юм биш. Номыг нь бичсэн профессоруудын үгийг сонсож, ном зохиолыг нь уншиж өөр дээрээ дүгнэлт хийж, боловсорч явах ёстой юм байна лээ. Цээжний бангаараа явбал сүүлдээ мухардалд орно. Дээрээс нь хэн ч сонсохоо болино. Нийгэм  цаг цагаар хувьсан өөрчлөгдөж байна. Өчигдөр байсан, өнөөдөр байсан зүйлс байхгүй болох жишээтэй. Хүн яг үүнийг дагаж өөрчлөгдөх хэрэгтэй. Миний хувьд ч үүнийг дагаж хувьсахаас өөр аргагүй. Манайх олон хүүхэдтэй. Миний бага охин 4 настай. Тэр 4 настай хүүхдийг ойлгохын тулд би хамт хөгжих ёстой. 20-р зууны хүн 21-р зууны хүнтэй харилцах, Энэ хоёр хүн хоорондоо авцалдах хэрэгтэй учраас би өөрчлөгдөж боловсорч байх ёстой.

 
Z generation ярьсан дээр дөрөөлөөд асуухад сүүлийн үед genaration буюу хүмүүсийг үечилж ярих болсон байна.  Энэ талаар...
-Яг одоогийн байдлаар бид хэтэрхий их мэдээлэл дунд байна л даа. Дижитал шилжилт маш хурдацтайгаар хөгжиж байгаа энэ үед бид бүх мэдээллийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр шууд авч байна. Одоо бид нарын энэ хүмүүжүүлэх гэж байгаа залууст  мэдээллийг маш сайн ангилж чаддаг боловсролыг олгох ёстой. Гэрийн даалгавар гэдэг боловсролоос чөлөөт сэтгэхүй, сэтгэхүй дотроо зөв шийдэл гаргадаг боловсролыг олгох ёстой. Японы сургууль тэр хэлбэрт орох гээд Боловсролын системээ өөрчилье гэж ярьж байна. Бид тэр Японы системд хүрээ ч үгүй. Манайхан капитализмыг алгасчихсан чинь өнөөдрийн 30 жил бид нарыг алаад байна гээд байгаа. Энүүхэндээ гэж ярихад сүүлийн 30 жилд бид зөвхөн үнэндээ хэрэглээгээ хөөгөөд үйлдвэрлэлээ мартсан. Үүний нэг тод жишээ нь Дэлхий дээр хамгийн их G-Class Тоёото Ланд Круйзер авсан орон боллоо. Би бас л хэрэглээндээ балраад явж байгаа хүмүүсийн нэг. /инээв

Та гэр бүлийн үнэ цэнийг өөрийнхөөрөө тодорхойлбол?
Орчин үед гэр бүлийн тухай  хандлага ойлголт маш чухал улам хариуцлагатай болж байна. Манайд гэр бүлийн талаар ярьдаг хүн цөөхөн байдаг. Барууны киног үзэж байхад том улс төрч бизнесмэнүүд хүртэл сэтгэлзүйч дээр очиж байгаа гардаг. Бид нарын хэн нь ч сэтгэлзүйч дээр очдоггүй. Бид залууст гэр бүлийн үнэ цэнэ гэдэг зүйлийг хэзээ, ямар замаар ойлгуулах юм. Үүнийг бид ярих ёстой.
Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг чинь Одбаярын хүссэнээр бий болчихдог зүйл биш. Намайг үнэлэхийн тулд та нар миний эргэн тойрон, гэр бүлийг оруулж байж үнэлэхээс тусад нь үнэлэх юм бол шал худлаа үнэлгээ гарна. Хоёр талаасаа эрэгтэй эмэгтэй хоёр нийлээд гэр бүлийг бий болгож байна. Гэр бүлийн хүмүүжил хоёр талд нөлөөлнө. Нийгэм салалтыг бий болгоод байгаа юм биш шүү. Сайхан гэр бүл тэвчээр дээр л явна. Гэр бүл бол хүний амьдралын хамгийн том шалгуур.  Судалгаанаас харахад Манай залуус хэтэрхий эрт гэр бүл болж байна. Амьдралыг ойлгосон, гэр бүлийн үнэ цэнийг мэдэрдэг, бие даах чадвартай болчихсон хойноо, өөрөөсөө гадна 3 хүн буюу эхнэр хоёр хүүхдээ тэжээхээр болсны ар дээр тэр хүмүүс энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй. Манай монголчууд хоосон хонож байгаад ч гэсэн гэр бүл болдог. Бид бүгдээрээ л тийм. Манайхан зурагтаар ярьж байгаа гэр бүл судлаачаа шоолоод байх шиг байна. Тэр хүн сексийн тухай, авгай нөхрөө сонгох тухай яг үнэн ярьдаг. Сексийн хэрэгцээ гэр бүл хоёр чинь хариуцлага нь хоёр өөр юм. Гэр бүл бол маш удаан хугацааны хамтын амьдрал гэдгийг л гүн ухамрсарлах ёстой энэ бол маш том хариуцлага.

 
Та өөрөөсөө гадна 3 хүн тэжээх чадалтай болохоороо гэрлэ гэж байна. Эмэгтэй хүн тэжээлгээд л байж байх ёстой юм уу?
-Аль аль талдаа. Шууд утгаараа хэн нэгнийгээ тэжээх тухай асуудал биш шүү.  Бааранд ороод үз, ресторанд ороод үз, өдрийн хоол идэх гээд ресторанд орохоор 80 хувь нь эмэгтэйчүүд сууж байгаа. Орой ажил хэргийн уулзалт ярих гээд гайгүй ресторанд орохоор 80 хувь нь эмэгтэйчүүд. Эрчүүд хаачсан юм. Мөнгөгүй болчихсон юм уу? Манай монголын сэтгэхүй эрэгтэй юм яадаг юм жолооч болно биз гээд охидуудаа дээд сургуульд оруулдаг. Эмэгтэйчүүдийн манлайлал өндөр болчихоод байгаа юм биш үү. Гэр бүлийн эдийн засгийг эмэгтэйчүүд бариад явж байна. Эмэгтэйчүүд ажил хэрэгч байна. Энэ нэг талдаа сайн. Бид дагаад хүмүүжих ёстой. Нарийн яривал би эхнэрээ дагаж хүмүүжсэн. Манай эхнэр өнөөдөр ажилдаа гараад явчихсан. Хагас бүтэн сайн баярын өдөр ч амардаггүй. Эмэгтэй хүүхдүүдийн нийгэмд хандах хандлага мөрөөдөж байгаа мөрөөдөл нь өөр. Миний охин 15-тай. Өөрөө сургуульд шалгалт өгөөд тэнцээд явчихсан. Ах нь 12-р анги. Би ямар сургуульд орох вэ ааваа ээжээ гээд байж байхад дүү нь түрүүлчихсэн явж байна. Ерээд оноос хойш манай эмэгтэйчүүд амьдралд эзлэх байр суурь нь эмэгтэйчүүд илүү давамгайлсан байна. 
Монгол эрэгтэй хүний амжилтын дээд хязгаар нь нэг бол бөх болж аварга болох нэг бол улс төрд гарах юм болов уу? Дараа жил наадмаар зодголох уу гэж асуудаг кино шиг хүн харахаараа л улс төрд дэвших үү гэж асуудаг хоёр хязгаартай амьдардаг болж. Та тэрийг юу гэж бодож байна?

-Та бол ёгтолж асууж байх шиг байна. Дүгнэлт өгөхөд хэцүү юм байна. Эрэгтэй хүний ялалт эмэгтэй хүний ялалт ч юм уу эцсийн бүлэгтээ гэр бүл дээр л яригдана. Өнөөдрийн нийгмийн хамгийн үнэ цэнэтэй зүйл гэвэл гэр бүл ш дээ. Гэр бүл дотроо монголыг багтааж байна. Зураг зураад үзэхээр Манай улс гэлтгүй байгаа проблемүүд бүгд гэр бүлд байдаг. Тэр гэр бүлд санхүү, боловсролын асуудал байна уу? байна, эрүүл мэндийн асуудал байна уу? байна, хөгжил нийгмийн асуудал байна. Үүнийг ганцхан эрэгтэй нь шийдээд ялагч болоод байх юм уу? Эсвэл ээж аав хүүхдүүдтэйгээ нийлж шийддэг байх юмуу? Бид бодлогын тухай ярих ёстой. Хэн сайн бодлого гаргаж зөв шийдвэрт хүргэсэн тэр хүн л ялагч.
Утааны асуудлыг сая шийдлээ. Гэхдээ 100 хувь шийдээгүй. Бодлого зориг хоёр нь зөв байсан. 30 жил хорьж чадаагүй түүхий нүүрсийг нэг өдөр хорьсон. Шахмал түлшээр орлууллаа, утаа ямар ч байсан 30 хувиар бат буурсан. Тэгэхлээр бодлогыг хэр сайн зөв тодорхойлсноос ялагч тодорно. Бид нарын хамгийн том алдаа бодлогын алдаа байгаад байна. Хэрээ шиг тал талаас нь орилолдоод орчихдог. Оюутолгойг чирсээр байгаад гудамжинд гаргалаа. Уг нь Оюутолгойг хувьцаа эзэмшигч нь л ярих ёстой. Рио Тинтотой Эрдэнэс МГЛ л ярьж байх ёстой. Бүгдээрээ ярих юм бол тэр олон хүмүүсийг ажлыг нь хийлгэхгүй бол ямар хэрэгтэй юм. Монголын бодлогыг хэн яаж гаргаад, хэн хэрэгжүүлээд ямар үр дүнд хүргэх гээд байгаагаа ойлгомжтой болгох хэрэгтэй. Маш сайн судалгаа, туршлага, тогтвортой байдал дээр гарсан олон талын дүгнэлтүүд өөрөө бодлого болдог6 Тэрийгээ дагаад шийдэл нь явах ёстой. Тэрнээс  биш нэг өглөө босоод алт 68 хувь байна гэж бодож ирснээ бусдыгаа хүчиндээд намын байр сууриа ашигладаг элдэв шийдлүүд Монголыг хөгжүүлэхгүй байна. Тэгснээ 68 болгосноо 5 болгоод, 5-ыгаа 2,5 болгоод буцаагаад 5 болгоод ямар их цаг хугацаа, мөнгө, ямар их хууль дүрэм зөрчигдөж, энэ хооронд нь ямар их монголын баялаг, газар нутаг сүйтгэгдэв.
Эмэгтэйчүүд дажгүй хүмүүс нь улс төрд орохгүй байна гэдэг санааг та ярьсан. Тэгвэл эрчүүд ч гэсэн адилхан байгаа юм биш үү. Гайгүй юм хийчихээр хүмүүс нь за эд нартай орж хэрэлдэж яадаг юм гээд хойшоо суугаад байдаг. Би таныг ч гэсэн улс төрөөс хойшоо суудаг гэж боддог?
-Хэцүү шүү дээ. Өөрийгөө улс төрч болоогүй байж улс төрч гэж бодох, хоёрдугаарт хариуцлагыг яаж үүрэх юм. Чи гараад юу хийж чадах юм. Мэдээж надад улс төрд орох нөхцөл бололцоо нь та нарын нүдээр харахад нээлттэй байгаа байх. Улс төрч гэдэг загварыг Монголд ямар байх ёстой вэ гэдгийг би байнга боддог.  Ямар хүнийг бодлого тодорхойлогч улс төрч гэх вэ гэдэг модель байх хэрэгтэй. Хамгийн эхэнд маш өндөр боловсрол эзэмшсэн гэдэг юмуу, маш ёс зүйтэй, хоёрдугаарт Монгол улсын бодлогыг бүрэн дүүрэн ойлгосон, маш туршлагатай, олон нийтэд нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн нийгмийн хөгжлийг мэдэрдэг мэдрэмжтэй, хууль дүрмүүдийг нь сурчихсан өөрийн үзэл бодлоо тэрэнд тааруулж илэрхийлж чаддаг, ийм хүнийг л улс төрч гэнээ гэсэн модель буюу ойлголт байх ёстой. Гэтэл өнөөдөр манай улс төрийн хэмжүүр нь юу юм. Бусдад таалагдахын тулд нэг тойргийг элгээрээ дараад усалж байна гээд гутал бидон тараагаад, шинэ жил төгсөлтийн баярыг нь хийж өгдөг хүнийг улс төрч гэж хэлж арай болохгүй биздээ. Улс төрч гэдэг моделийг сонгогчдын боловсролоор гаргаж ирдэг эд. Сонгогчдын боловсролд ямар хүнийг дэмжих юм бол та нар хүссэнээ авна гэдэг тэр загварыг л гаргаж өгөх ёстой. Мөрөөдөлд хязгаар байхгүй. Алсын хараанд хүрэх цэг байдаггүй. Хөгжил чинь улам цаашилна бид араас нь улам тэмүүлнэ дөхнө. Дөхөх тусам холдоно.
Хүний амьдралд эрх мэдэл, мөнгө хоёрын аль нь их чухал байдаг юм бол?
-Аль аль нь чухал. Би яг байгаадаа багтаад амьдарчихдаг. Чи хэдий чинээ зүтгэж ажиллана, тэр хэмжээгээрээ олно. Тэр хэмжээгээрээ чи багтаамжтай амьдарна. Чи тэгж хөдөлмөрлөөгүй мөртлөө хийсвэр амьдарч хэн нэгэнд атаархаж болохгүй. Амьдралаа залилж болохгүй. Байгаадаа л багт гэсэн зарчмаар явдаг.
Таныг хүмүүс их соёлч боловсон, жентельмэн, брэнд хэрэглээг утгаар нь хийдэг гэж дүгнэдэг. Соёл гэж юу юм. Манай хотынхон хэр соёлтой хүмүүс болж төлөвшсөн байна?
-Хувцас бол бүх хүн жигдхэн хувцасладаг болсон. Одбаяр илүү, чи дутуу хувцаслаад байгаа юм байхгүй. Ганцхан хэзээ хаана юугаа өмсөх вэ, ямар орчинд биеэ яаж авч явах вэ гэдгийг хотын соёл, хүний соёл гэж ярина. Соёл дотроо биеэ авч явах соёл зөвхөн хувцаслалттай холбоотой биш. Бүх хүнийг хүндлэх ёстой. Та нар анзаарсан уу би зөөгчийг миний хүү гэж байгаа биз? Хаана ямар ч ресторанд орсон би нэг ч чи гэж загнадаггүй. Чи эерэг энерги сайн үйлчилгээ хүсээд байгаа бол өөрөө эхлээд сайхан зантай байх хэрэгтэй. Гадаад үзэмж дээр бол манай залуус сайхан хувцасладаг болсон. Зөв. Доторх гэрэл нь яваандаа гаднаа гараад ирэх байлгүй дээ. Брэнд хэрэглээ гэж хэлэхгүй биенд эвтэйхэн хэрэглээ гэж хөрвүүлбэл дүйнэ. /инээв/ Бид хэзээ 20, 30 гуталтай байсан юм. Саяхан болтол би хоёр гуталтай л байсан. Гэхдээ би тэрийгээ цэвэрхэн л өмсдөг. Элсэн дээр ч шороогүй өмсөнө, зам дээр ч шороогүй өмсөнө, хаана ч шороогүй өмсдөг тийм л хүүхэд байсан. Энэ бол гэр бүлийн хүмүүжил. Миний аав өдөр болгон хувцсаа сольдог, хувцсаа сайн өмсдөг, өнгөө тааруулдаг, тэрнээс сурсан. Дээрээс нь өөрөө орчиндоо цэвэрхэн байж бусдыг энэ соёлоороо хүндэтгэдэг. Миний хувьд бүх үнэтэй юмыг нэг дор хэрэглэх зохицолдлогоогүй гэж боддог.  Зохицолгоог олох хэрэгтэй. Тэгэхээр миний хэлэх гэсэн санаа бол заавал үнэтэй брэнд өмсөхөөр сайхан харагдах биш өөртөө таарсан зөв сонголтоо хийгээсэй чухал биш зүйлд их мөнгөө битгий үрээсэй яг л тааруулах хэрэгтэй гэж боддог.  

Ширээний ном?
-Аавынхаа номнуудыг их уншиж байна. Өчигдөр гэхэд “Хүний хайлан ээж” гээд жижигхэн номыг нь 2 цаг уншлаа. Хаанаас би гарсан юм бэ. Миний аав ээжтэйгээ өнчин хоцроод яаж өсөж өндийсөн юм, ямар хүмүүс тус болсон юм. Эхлээд хүн үндсээ сайн мэдэх хэрэгтэй. Тэнгэрээс буугаад ирчихсэн юм шиг байж болохгүй. Аав хүү хоёр л яваад байдаг. Аав байхгүй болсон. Олон юмны тайлбар надад байхгүй. Гэр бүлд хэн нь дотроо юу бодож, юунд хайртай, юунд санаа зовж, юунд дуртай байсныг ойлгохгүй өнгөрчихсөн байдаг юм байна. Би тэрийг ойлгох гээд.

 
Таны амьдралын хэв маяг. Та нэг харахад сагс тоглож байдаг, үеийнхнээсээ залуу харагддаг хүн байх шүү. Энэ цэвэр хүний өөрийн арчаатай холбоотой өгөгдөл үү?
-Би архи дарс огт хэрэглэдэггүй. Спортоор хичээллэдэг. Би их гэр бүлсэг. Ажлаа тараад уулзалт байхгүй бол шууд гэр. 7 хоногт 3 удаа найзуутайгаа 2 цагаар сагс тоглоно. Хүүхэд байхаасаа спортоор хичээллэсэн. Намайг fit байлгаад байгаа нь спорт, эрүүл амьдралын хэв маяг. Үеийнхнээсээ 10-20 нас залуу харагдаж байна гэнэ. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Дотор чинь элэгдэл хорогдол явж л байгаа. Хууртаад хэрэггүй. Өөрөө өөртөө л үнэнч бай. Амьдралд хайртай. Би амьдралд хайртай учраас ажилладаг, гэр бүлдээ анхаарал тавьдаг. Найз нөхөдтэйгөө байнгын харилцаатай байдаг. Гэр бүл, тогтвортой амьдрал, тогтвортой ажлын байр үүгээрээ бид улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа. Монголчууд бид олонхоороо амьдралаа хайрлаж, хувцас, хоол, төрөө зөв сонгодог болчихвол одоогийнхоосоо илүү Монгол Улс \FIT\ эрүүл болно. 
Танд баярлалаа.
Хуулбарлахыг хориглоно.
Улстөрч сэтгүүл 12 сар www.ulsturch.mn

Сэтгүүлч Б.Ундралскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen