ДАЛАЙ /богино үгүүллэг/

2020/05/11 40 0

Аав минь бууралтаж эхэлсэн сахлаа будах тухай боддоггүй байсан мөртлөө бие тааруу байхдаа их л уртаар санаа алдсан билээ. Өөдөөс зовхи нь унжсан цэлхэгэр нүдээрээ удаан ширтээд "далай л үзэж амжсангүй дээ? " гэлээ. Гэнэт ийм үг хэлсэнд нь бид цочирдов.
-Аав минь та удахгүй эдгэнэ. Үзэлгүй яах юм, үзнэ " хэмээн эгчийг хамаг үгээ нэг амьсгаагаар амнаасаа чихцэлдүүлэн гаргахад түүний зүг биш миний л өөдөөс хараад "хүү минь аавынхаа хүрээгүйд хүрч, үзээгүйг үзээрэй" гэхэд нь учир ухаанаа олохгүй хорьхон насандаа толгой сэгсрээд зогсож байлаа. Удалгүй аав өөд болов. Үнэхээр өөдөө болов. Намрын сүүл сарын эвгүйцэж байсан тэнгэр гэнэт налайгаад ноосон цамц ч баахан халуудав.
Түүнээс хойш аав минь яагаад далай үзэхийг тэгтлээ хүссэнийг ойлголгүй явжээ. Өмнө нь хэдэн удаа далайн зах бараадаж үзсэн ч би яагаад ойлгосонгүй вэ?
Үргэлж л ийм байх юм шиг их ус дэндүү амгалан царайлна.Зах хярхаггүй холын тухай биш би сүр хүчний тухай бодов. Хажууд зогсох идэр эр санаа алдсанаа, " далайгаас үхэл үнэртэх шиг болдог юм" хэмээн хэлэхэд "яагаад" гэж санаандгүй асуув. Тэр мөрөө сулхан хавчсанаа "манай өвөө л тэгдэг байсан юм" гэв. Аав минь нүдэнд харагдав. Хөөрхий аавд минь тэгвэл тэр үед далай үзэх хүсэл төрөх нь аргагүй байжээ. Тэр даанч үнэрч хүн байсан юм.
П.Батхуяг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen