COVID-19: Хөл хорионд орсон дэлхий

2020/03/10 131 0

Өнгөрсөн оны сүүлээр анхлан урд хөрш Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн халдвар дэлхийн зуу гаруй оронд тархав. 
Шууд хиллэдэг гэдгээрээ өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байсан манай улс багагүй хугацаанд "тэссэн" ч Монголд ажилладаг Францын иргэнээс шинэ төрлийн титэм вирус илэрчээ. 
Мөн Хятадтай шууд хиллэдэг, хойд хөрш ОХУ-д ч багагүй хугацаанд өвчний тохиолдол бүртгэгдээгүй байсан ч сүүлийн үед халдвар авсан хүний тоо нэмэгдэх болов. Regnum  агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын есөнд Оросын нутаг дэвсгэр дээр титэм вирусийн халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд Оросын нийслэл Москва хотод байгаа аж. 
Эх сурвалжийн мэдээлснээр халдвар авсан гурван хүн Италиас эргэн ирсэн Оросын иргэд байжээ. Одоо тэд тусгаарлагдсан байгаа бөгөөд хоёрынх нь биеийн байдал хөнгөн, гурав дахь хүний биеийн байдал дунд зэрэг байгаа гэж Титэм вирустэй холбоотой нөхцөл байдлыг хянах шуурхай штаб мэдээлсэн байна. Мөн халдвар авсан эдгээр иргэдтэй ойрын хавьталд байсан хүмүүсийг олж илрүүлэн, шинжилгээ авч эхэлжээ. 
Ингэснээр, өнөөдрийн байдлаар Орос дахь шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан тохиолдол 20 болсон байна.
Шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар дэгдсэн энэ нөхцөлд олны анхаарлыг ихээр татаж байгаа нь хөл хорионд орсон аяллын хөлөг онгоцууд юм. Японы эрэг дээр 3,7 мянган хүн хөлөг онгоцондоо 14 хоног тусгаарлагдаж, ганцхан хүнээс үүдэн 705 хүн халдвар авсан "Даймонд принцесс" хөлгийн араас энэ төрлийн аяллын онгоцууд дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар байна.
Эдгээрийн нэг болох "Гранд принцесс" аяллын хөлөг онгоц гуравдугаар сарын есний өдөр Америкийн Окленд хотын боомт дээр иржээ. Энэ хөлөг дээр 2,4 мянган зорчигч, хөлгийн багийн 1,1 мянган хүн байгаа юм. Хөлгийн багийн гишүүдийн 19, мөн хоёр зорчигч титэм вирусийн халдвар авчээ.  Одоо энэ хөлөг дээр байсан бүх хүнийг Америкийн цэргийн баазуудын нутаг дэвсгэр дээр тусгаарлах юм байна.
Халдварын тохиолдол бүртгэгдэн, хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа улс орнуудын нэг нь Израиль юм. Энэ улсад шинэ төрлийн титэм вирусийн халдварын тохиолдол 50-д хүрсэн бөгөөд одоогоор энэ вирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Израилийн эрх баригчид өвчний тархалтын цар хүрээг нэмэгдүүлэхгүйн үүднээс тус улс руу ирсэн хүн бүрийг 14 хоног тусгаарлах журам гаргажээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдсэнээр гадаадын иргэн Израильд өөрийгөө тусгаарлах боломжтой газартай гэдгээ батласан тохиолдолд л тус улс руу нэвтрэх боломжтой аж. 
Ийнхүү Израиль гаднаас ирж буй хэн бүрийг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан бол халдвараас үүдсэн нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж буй Итали улсад хүн амынх нь дөрөвний нэг орчим буюу 16 сая хүн хөл хорионд оржээ. Тус улсад 7,3 мянга гаруй хүн халдвар авснаас 4,96 хувь нь нас барсан байна. 
Шинэ төрлийн титэм вирусийн халдварын тоогоороо дээгүүрт орж буй Иранд нөхцөл байдал хүндэрч, төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч халдвар авсан нь тогтоогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ удаад Францын сайдаас халдвар илэрсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, Францын Соёлын сайд Франу Риестерээс COVID-19 вирусийн халдвар илэрсэн бөгөөд тэрбээр гэртээ тусгаарлагдсан, биеийн байдал хэвийн байгаа гэнэ. 
Ийнхүү дэлхий даяар шинэ төрлийн аюулаас хамгаалахын тулд хатуу арга хэмжээ авч байна. Хориг, хязгаар, хатуу арга хэмжээнүүд халдварын тархалтыг хазаарлахад тустай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд дэлхий даяар 111 мянга гаруй халдвар бүртгэгдэж, 4000 орчим хүн нас барсан, өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга гараагүй энэ үед цорын ганц зөв арга нь хориг хязгаар байхыг үгүйсгэхгүй. 
COVID-19: Нас баралтын түвшнээр Итали улс нэгдүгээрт бичигдэж байна
Г.Бямбасүрэн
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN

 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen