Журмаар зохицуулдаг байсан хүүхэд үрчлэлийн асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тусгажээ

2020/01/22 14 0


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ. 

Хуулийн төслийн талаарх ХНХ-ын сайд С.Чинзоригийн танилцуулгад дурдсанаар Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа аж. Тус хуульд нийт зургаан удаа нэмэлт, өөрчөлт оруулсан боловч гэр бүлүүдэд тулгараад буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бус бусад салбарын хуулийн шинэчлэлийг дагаж өөрчлөгдсөн байдаг гэсэн юм. 

Сүүлийн үеийн тоо баримтаас дурдвал, гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өссөн байна. 2018 онд хийсэн судалгаагаар манай улсын дийлэнх гэр бүлийн материаллаг хэрэгцээ болон ахуйн наад захын хэрэгцээний асуудал шийдэгдээгүй гэсэн дүн гаржээ. Үүнд гурван гэр бүлийн нэг нь санхүүгийн, таван гэр бүлийн тутмын нэг нь орон байрны асуудалтай байна. Залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэгдүүлэхийг хүссэн судалгаа гарсан байна. 

Гэр бүл цуцлалтын статистикаас харахад гэр бүл хэдийгээр олон жил амьдарсан ч материаллаг хэрэгцээгээ хангах шаардлагын үндсэн дээр гэр бүл цуцалж байгаа аж. 

Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож, гэр бүлийн гишүүдийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн тэр дундаа эцэг эх, асран хамгаалагчдын үүргийг нэмэгдүүлж, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг тусгасан байна. 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Батнасан гэр бүлийн харилцаатай холбоотой ямар өөрчлөлт оруулж байгаа талаар асуухад ХНХ-ын сайд С.Чинзориг “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өмнө нь хуулиар зохицуулдаггүй байсан олон харилцааг тусгасан. Тухайлбал, хүүхэд үрчлэлийн асуудлыг журмаар зохицуулдаг байсан бол цоо шинээр хуульчилж байгаа. Мөн төрөөс гэр бүлийг дэмжих бодлого, хүүхэд хамгаалалтай холбоотой заалтыг шинээр оруулсан" гэсэн хариулт өгөв.  

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Гэр бүлийн зуучлалгүй орон байхгүй болсон. Энэ бол дэлхий нийтийн хандлага. Гэтэл энэ хуулийн төсөлд гэр бүлийн зуучлалыг зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй бүрхэгдүүлж оруулсан байна. Хуулийн төсөлд үүнийг зөвшөөрсөн юм уу. Тодорхой хариулж өгөөч” гэв. 

Түүний асуултад ажлын хэсгээс “Манай улсын хуульд гэр бүл зуучлалыг хориглоогүй мөн зөвшөөрөөгүй байсан. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгад хориглоно гэж оруулсан. Учир нь хүн худалдаалах, хүний наймаанаас сэргийлэх зорилгоор ингэж оруулсан. Хэн нэгний зуучлалаар бус, сайн дурын үндсэн дээр гэр болно гэдэг зарчмыг баримтлан гэр бүл зуучлалыг хориглосон” гэлээ. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Ажлын хэсэг гэр бүл зуучлалын асуудлыг эргэж харахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй, бүрэг ичимхий хүмүүс хүнтэй танилцаж, гэр бүр зохиож чаддаггүй. Үүнийг бодолцох ёстой. Ажлын хэсгийнхэн зөвхөн өөрсдийнхөөрөө асуудалд хандаж болохгүй. 

Ийнхүү байнгын хорооноос хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэнээр уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар боллоо. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen