Үнэт металл, үнэт чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6,000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина

2020/01/17 38 0

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр(2020.01.17)-ийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулж, үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил, Ш.Раднаасэд нар асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслөөр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг өргөжүүлэхээр байгаа, тэгвэл бүтэц, хүний нөөцийн хувьд үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлэх үүргээ биелүүлэх боломж бий эсэхийг лавласан.
Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо 144 ажилтантай бөгөөд банкнаас бусад санхүүгийн салбарын үйл ажиллагаанд буюу 3,100 этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ирсэн байна. Хэлэлцэж буй төслөөр үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас авсан судалгаанаас харахад 6,000 орчим үл хөдлөх хөрөнгийн зуучлал, алт үнэт эдлэл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай болж байгаа.
Энэ оны улсын төсөвт Санхүүгийн зохицуулах хороонд дээрх чиглэлээр 10 орон тоо нэмэгдүүлэхээр тусгаад байгаа гэв. 144 хүний орон тоотойгоор 3,100 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан байгууллага одоо 9,000 гаруй нэгжийн үйл ажиллагаанд 154 хүний орон тоотойгоор хяналт тавих болж байгаа асуудлыг Байнгын хороо болон холбогдох бүх түвшиндээ анхаарч, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс үйл ажиллагааны зохицуулалтыг нарийн анхаарах шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байв. 
ФАТФ-ын 40 зөвлөмжийн 4 зөвлөмж дутагдалтай хэмээн дүгнэгдсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэн баталснаар тодорхой хэмжээний дэвшил гарна. Түүнчлэн ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн орчин, тогтолцоо бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх шаардлага бий гэдгийг тайлбарласан. 
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт тайлбар, мэдээлэл авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen