Баабар: Дэлхийн дайн 80 жилийн өмнө эхэлсэн

2019/09/02 30 0

Зургаан жил үргэлжилж 70-85 сая хүний амь авч одон хөрст дэлхийг нураахтай шахсан Дэлхийн сүүлчийн дайн эхэлсний 80 жилийн “ой” энэ өдрүүдэд болж байна. Тухайн үед бие даасан тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн нийт 73 улсын 62 нь оролцож дэлхийн бөмбөрцгийн газар нутгийн 80 хувийг хамарсан энэ дайн хүний түүхэнд тохиосон хамгийн цуст, хамгийн том байлдаан байлаа.
 
Дэлхийн анхдугаар дайн дуусаж Вэрсальд энхийн гэрээ байгуулан гариг ертөнцөө амар амгалан болголоо гэж хүн төрлөхтөн баяралсан юм. Гэтэл үгүй ажээ. Нэг хэсэг нь ялагдсандаа хонзорхож, нөгөө хэсэг нь дэлхийн дайн асар их хожоо авчрах бололцоотойг хараадахаж. Дайнд ялсан зарим нь олсон олзоо чамаллаа. Бараг л дайны маргаашаас нэлээд улс орон дараагийн дайнд бэлдэж эхэлсэн юм.
 
Голлох хэдэн хүчирхэг орнуудад цэргийн дэглэм тогтов. Цэргийн биш нь гэхэд цэрэг үзэл суртлаа бүрэн атгасан иргэний дарангуйлал. Муссолин Италид фашист дэглэм, Гитлер Германд нацист дэглэм, Сталин Орост коммунист дэглэм тогтоосон бол Японы төрийн эрх мэдлийг цэргийнхэн гартаа авчээ. 

Түрэмгийллийн анхны туршилтыг Японы милитаристууд эхэлсэн. Тэд 1931 онд Зүүн Хойд Хятадын эзлэн авсан ба тэндээ Манж Го хэмээх тоглоомын улс байгуулж, цэргийн бүрэн хяналтдаа авсан. Дараагийн түрэмгийлэгч нь Итали. Тэд 1937 онд Этиопыг эзлээд хойтон жил нь Албанид довтолж өөрийн протекторат гэж зарлах нь тэр. 1937 онд Япон Хятадад дайн зараллаа. Түрэмгийллээ дэлхийн нийтийн өмнө зөвтгөхийн тулд Итали, Герман улсууд 1936 онд “Коминтерний эсрэг холбоо” гэгчийг байгуулсан юм. 1919 онд Москвад байгуулагдсан III Интернационал буюу Коминтерн тухайн үед дэлхий нийтэд хүчээ авч орон бүрд салбарууд нь байгуулагдан терроризм үйлдэн төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах оролдлого энд тэндгүй гарах болсон юм. Чухам ийм дарамтын эсрэг хуурамч нэгдэл нь олон оронд дэмжигдэж удалгүй Япон, Унгар, Финланд, Дани, Румын, Испани, Түрэг, Болгар зэрэг арав гаруй орон нэмж нэгджээ.
 
Гэтэл хойтон жил нь 1937 оны 11-р сард Герман, Итали улсууд “Тэнхлэг” гэх цэрэг эдийн засгийн холбоо шинээр байгуулсанд удалгүй Япон энд нэгдсэн юм. Үүнийг Берлин-Ром-Токиогийн холбоо ч гэдэг. Түрэмгий гурван орон шинэ дайн өдөөх үнэн хорхойсож байлаа. Анхдугаар дайнд ялагдсан Герман хонзогнолдоо баригдаж байсан бол, нэгдүгээр дайнд ялагч талд байсан Итали эдийн засгийн гүн хямралтай, харин мөн ялагч талд байсан Япон байгалийн баялаг, түүхий эдийн нэн хомсдолтойгоос гадна жижигхэн арал хүн амаа тэжээж хүрэлцэхгүй байжээ. Тэд зөвхөн гадагш түрэмгийллээр бэрхшээлээсээ гарч болно гэж үзэж байв.

СССР энэ үед алцганасан байдалд оржээ. Бүх дэлхийд коммунизм байгуулах үндсэн зорилготой учир хаашаа л бол хаашаа түрэмгийлэл үйлдэх сонирхолтой боловч Европын олон орон нэгдэж Коминтерний эсрэг холбоо байгуулсан учир хэцүү байдалтай. Учир нь Коминтерн гэдэг бол СССР! Иймээс үзэл суртлын хувьд Япон, Германыг маш ихээр харааж тэднийг буруутгаж байлаа. Нөгөө талаас Англи Францын ардчилсан орнуудыг өөрийн үндсэн зарчмын хувьд дэмжиж болохгүй байв. Коммунист онолоор бол хөрөнгөтний ардчиллыг юун түрүүн хүний түүхээс үлдэн устгах ёстой аж. Гэтэл Муссолинигийн дэглэм юутай ч социалист, Гитлерийн дэглэм юутай ч бүр ажилчны социалист баримжаатай билээ. Зөвлөлтүүд Испанид болсон иргэний дайнд оролцон бүгд найрамдахчуудыг дэмжин тулалдсан. Бас хоорондоо биенээ үздэггүй Хятадын коммунист нам ба гоминданы намыг Японы түрэмгийллийн эсрэг аль алиныг нь дэмжиж байв. Герман, Италитай шууд нүүр тулан дайсагнахаас зэнзийрхэж байсан бол тэдэнтэй харьцуулахад дорой Японыг илэрхий өдөөн хатгаж мөргөлдөөнд дуудаж байсан юм. Энэ нь ч өөрийн логиктой. Удахгүй дэлхийн дайн болох нь сохор хүнд ч ойлгомжтой болсон энэ үед Сталин шинэ дайнд идэвхитэй бэлдэж байлаа. Дайн боллоо гэж үзэхэд асар уудам нутагтай СССР хоёр талдаа фронт нээн дайтах магадлал нэн өндөр. Иймээс тэрээр Дорно талдаа Японыг айлгах, өрнө талдаа Германтай холбоотон болох тактик барьж байсан. Иймээс Герман Италийн түрэмгийлэлд төвийг сахиж, Харин Японы Хятадад хийж буй дайнд Хятадыг илэрхий дэмжин зэвсэг байтугай цэргийн бие хүчний тусламж үзүүлж байв.
 
Герман 1938 оны 3-р сард Австрийг өөртөө аншлуз хийн нэгтгэсний дараа Чехословакийн Сүдэтийг анекс болгон өөртөө нэгтгэхийг шаардах боллоо. Гитлертэй тохиролцож болно гэж үзсэн, нөгөө талаас түүнээс айсан англи, францчууд 1938 оны 9-р сард Мюнхэн хотноо Германтай хэлэлцээр хийн Сүдэтийг түүнд өгөхийг зөвшөөрч шанд нь цааш даврахгүй, дайн гаргахгүй гэсэн амлалтыг нь авчээ. Энэ бол өрнийн ардчиллын нэр хүндийг унагасан, түрэмгийлэлд бууж өгсөн, Гитлерийг улам давруулсан шившигт гэрээ байсан юм. Мэдээж Гитлер улам цаашилж Чехээс Словакийг салган өөрийн холбоотон болгосон ба Чехийн хойд хэсгийг нь Польшид, урд хэсгийг нь Унгарт “бэлэглээд”, үнэн хэрэгтээ Чехословак улсыг үгүй хийв.

Ийнхүү Дэлхийн дайн өдөөх түрэмгийлэгч орнуудын бэлтгэл бүрэн хангагдлаа. 1939 оны 9-р сарын 1-нд Герман Польш улсад гэнэт халдан довтолсноор дэлхийн Хоёрдугаар дайн эхэлсэн гэж үздэг. Польшийн холбоотон Британи, Франц улсууд 1939 оны 9-р сарын 3-нд Германд дайн зарлав. Дагаад Англи, Францийн колони орнууд, гол холбоотон Канад, Австрали улсууд дэлхийн дайнд татагдан орох нь тэрээ. Гэхдээ Холбоотонд АНУ, СССР, Хятад гэсэн аварга гүрнүүд нэгдэхгүй, байдлыг хөндлөнгөөс хараад хэрхэхээ шийдэж ядаж байв. АНУ нь Холбоотнуудад эд материалын дэмжлэг үзүүлж, СССР болохоор Хятадад зэвсэг техникийн тусламж үзүүлж, харин тэнхлэгийн гол гүрний нэг Японтой байлдаж буй Хятад яагаад ч юм АНУ-ын байр суурийг харзнаад байв.
 
Японы Хятадад хийж буй дайн сунжирч тамирыг нь барж байв. Энэ нь СССР-т ашигтай, учир нь юутай ч Алс Дорнод руу довтлохыг дэмждэг Японы цэргийн бүлэглэлийг ганцаардуулах хэрэгтэй байлаа. Иймээс байлдаж буй Хятадыг аль болох ихээр дэмжихийн зэрэгцээ Манж Го улстай хиллэсэн хилээр зөвлөлтүүд Японы эсрэг өдөөн хатгалга хийх болов. 1938 онд Хасан нуур орчимд ийм өдөөн хатгалгынхаа хүчээр мөргөлдөөн үүсгэсэн боловч нэлээд хохирол хүлээжээ. Ингээд 1939 онд Монголын эзгүй тал нутаг болох Дорнод хилийг мөргөлдөөний полигон болгон сонгож аваад томоохон тулалдаан үүсгэсэн юм. 1939 оны 8-р сарын 20-нд хоёр тал ихээхэн хүчээр байлдаж зөвлөлтүүд энэ тулалдаанд ялалт байгуулжээ. Энэ бол СССР дайны сайн бэлтгэлтэй, хүчирхэг байгаагаа дэлхий дахинд харууллаа. Чухам үүнийгээ үзүүлэх нь ч Сталины ганц зорилго байсан юм. Ингээд 1939 оны 8-р сарын 23-нд Москвад Риббонтроп-Молотовын хэлэлцээ гэж түүхэнд нэрлэгдэх болсон СССР, Германы найрамдлын гэрээ байгуулагдлаа. Хоёр тал харилцан үл довтлох гэрээ илээр хийж, Европын газар нутгийг хувааж авах гэрээг нууцаар хэлэлцэн тогтов. Дараа нь Халх голын тулалдааны гал зогсоох хэлэлцээг 1939 оны 9-р сарын 15-нд Японтой хийж тохиров. Ердөө маргааш нь Германтай тохирсны дагуу Зөвлөлтийн цэрэг Польшид зүүн талаас нь халдан газар нутгийг нь эзэлснээр Герман, СССР хоёрт шахагдсан Польш улс газрын зургаас арчигдав. Эдгээр нь урьдаас төлөвлөсөн цуврал үйлдэл байлаа. Японтой харилцан үл довтлох гэрээг СССР 1941 оны 3-р сард хийсэн юм.

Вэрсалийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан Лиги Наци буюу дэлхийд энх тайвныг сахин хамгаалах олон улсын байгууллагаас түрэмгийлэгч гүрнүүд болох Герман, Итали, СССР, Японыг хөөсөн боловч аль нь ч үл тоожээ. Харин ч энэ нь дэлхийн дайныг шатлан өргөжүүлэх сайхан далим болов. Герман, СССР хоёр Европыг хувааж авахаар нэгэнт тохирсон учир германчууд өрнө тийш Францыг цахилгаан дайнаар эзлэн авсан ба цааш улам давшин Бельги, Дани, баруун Скандинавыг булаан авлаа. Тэд Балкан руу довтлон Герег, Югослав зэрэг орнууд руу дайтав. СССР нууц гэрээгээр өөрт нь ноогдсон Румыны Бэссараби, Чехийн Карпатыг булаасан төдийгүй Эстони, Латви, Литвийг эзэлж өөртөө аван анекс хийсэн юм. Тэр байтугай Германтай тохироогүй байж Финланд улсад довтолж Карилийн хойгийг нь булаан авчээ. Ийнхүү СССР нь эргэлзээгүйгээр Тэнхлэгийн гүрнүүдийн хамсаатан болсон билээ. Дэлхийн дайн ийнхүү үнэхээр бүх дэлхийг хамарсан юм.

Түрэмгийлэгч гүрнүүд бүх дэлхийг эзэгнэн захирах дээр ижил зорилготой байсан болохоос хэзээ ч биендээ итгэж байгаагүй. Дайнаас өмнө Муссолини Гитлерийн бодлогыг үргэлж шүүмжлэн түүнийг үзэж чаддаггүй байжээ. Испаний фашист дарангуйлагч Франко иргэний дайны үеэр Герман, Италиас асар их дэмжлэг авсан боловч дайн дуусангуут улсаа төвийг сахилаа гэж зарлав. Нацист Герман холбоотон Японыгоо дандаа басамжлан үздэг, зөвхөн ашиглахын тулд АНУ-ын эсрэг өдөөн хатгалга хийхийг шаарддаг байлаа.
 
Япончууд Америкт довтолоход Герман маргааш нь АНУ-д дайн заралсан бол Герман СССР-т дайн зарлахад япончууд харилцан үл довтлох гэрээгээрээ бамбай хийн хойш сууж байсан. Уг нь тэнхлэгийнхэн хэн нэг нь аль нэг оронтой байлдахад шууд хавсрах гэрээтэй юм.

Шинээр холбоотон болсон Герман, СССР хоёр харилцан үл довтлох гэрээгээ хөсөрдүүлэн биен рүүгээ түрүүлж довтлохоор сэм бэлдэж байжээ. Германчууд түрүүлэн 1941 оны 6-р сарын 22-нд гэнэдүүлэн довтолсноор оросуудын өөрсдийнх нь нэрэлдэгээр Аугаа их эх орны дайн эхэлжээ. Хил дээрээ зөвхөн довтолгооны хүч бөөгнөрүүлсэн байсан, хамгаалалтын хүч бэлдээгүй СССР эхний цохилтонд сүйрэлд орлоо. Удалгүй Английн Ерөнхий сайд Чөрчилл Москвад айлчилснаар СССР нь Холбоотны талд нэгмөсөн орсон юм. Япончууд 1941 оны 11-р сарын 26-нд АНУ-ын Пөрл Харборт гэнэдүүлэн довтолсноор хоёр тал дайны байдалд шилжлээ. Ингээд АНУ Холбоотны нэг болсон ба тэр дор нь Хятад мөн Холбоотонд нэгдэв. Дэлхийн энэ дайн 1939 оны 9-р сарын 1-нд эхэлж, 1945 оны 9-р сарын 2-нд дууссан. Аймшигт дайн! Дайны дундуур голлох түрэмгийлэгч улсуудаас СССР 1941 онд, Итали 1943 онд Холбоотны талд орсон тул дайны хариуцлага хүлээгээгүй. Энэ дайнд хамгийн хохирол хүлээж олон сая хүнээ хядуулсан нь Хятад, СССР хоёр юм.

БНМАУ 1945 оны 8-р сарын 10-нд милитарист Японд дайн заралснаар бас Холбоотны нэг боллоо. Монгол ардын хувьсгалт цэргийн 21 мянган байлдагч Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд оролцсоноор эргэлзээгүйгээр ялагч гүрнүүдийн тал болсон юм. 1945 оны 9-р сарын 2-нд дэлхийн дайн дууссаныг тохиолдуулан Улаанбаатарын тэнгэрт Их Британи, СССР, АНУ-ын үндэсний туг БНМАУ-ын төрийн далбаатай зэрэгцэн намирч байсан билээ. Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд энэхүү ялагч гүрнүүдийн холбоотон болсон явдал голлох үүрэг гүйцэтгэсэн. Чухам монголчууд холбоотон болсон учраас 1945 оны 8-р сарын 15-нд хоёр хөрш Хятад, СССР нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. 1946 оны 1-р сарын 6-нд Бүгд найрамдах Хятад улс, 1946 оны 2-р сарын 28-нд Зөвлөлт холбоот улс тус тус Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.
 
Дэлхийн энэ дайнаас хойш хүн төрлөхтөн дал гаруй жил энх амгалан амьдарсаар ирлээ. Бүс нутгийн байлдаан, үзэл суртлын мөргөлдөөн, үзэн ядахуйн дайсагнал, овог омгийн зөрчилдөөн тасралтгүй болж байсан ч гэсэн хүн төрлөхтөн дайны дараах тогтсон дэг сахилгаа ерөнхийдөө барьсаар өдий хүрчээ. Үнэндээ өдий хүртэл хэн нь ч хэнийхээ газар нутгийг булаан эзэлж өөрийн болгох, анекс хийх явдал гарахгүй явсаар өдий хүрсэн юмсан. Харилцан хүчтэй зэвсэглэсэн хүчирхэг гүрнүүд хоёр лагерт хуваагдан удтал хүйтэн дайны нөхцөлд байсан ч мөн харилцан ойлголцлын үндсэн дээр халуун дайнд хүргээгүй. 
 
Гэвч дэлхийн дайнаас 80 жилийн дараах хорвоо ертөнц эрс өөрчлөгджээ. Хүйтэн дайн төгслөө. Энэ олон жилд дэлхийн дэг журмыг сахиулж байсан Зөвлөлтийн эзэнт гүрэн тарж бутарлаа, нөгөө талаас АНУ-ын зөвхөн амиа бодох хууч өвчин сэргэж байна. Тэртээ дайны үед сул дорой байсан Хятад, Энэтхэг улсууд дэлхийн сүпэр гүрнүүд болон өсч өндийжээ. Дайнд ялагдан сүйрсэн Герман, Япон улсууд эдийн засгийн аварга гигант болсон байхад ялсан оросууд эдийн засгийн чадвахиар эхний аравт ч багтахгүйгээр хойш суужээ. Тухайн үед байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байсан араб үндэстний улсууд өдгөө хамгийн баян орнууд болсон байна. Шашин хоорондын болон үндэстэн хоорондын зөрчил улам хурцдан байнга байлдаан тулалдаан мөргөлдөөн гарах болжээ. Нэг талаас салан тусгаарлах явдал газар авч, нөгөө талаас газар нутгийн маргаан улам дэвэрч байна. Үндэсний үзэл, үндсэрхэх явдал өнөөгийн ертөнцийн гол нүүр царай. Нэг л үгээр хэлэхэд Дэлхийн нэг, хоёрдугаар дайны хооронд манай гариг дээр үүссэн нөхцөл байдалтай тун төстэй явдал давтагдаад байна уу? Карл Маркс нэгэнтээ “Түүх хоёр удаа давтагддаг, эхнийх нь эмгэнэлт хэлбэрээр, дараагийнх нь ердөө л шоглол”! Түүнээс ч өмнө Шекспир “Амьдралд бүх юм хоёр дахидаг, драм хэлбэрээр ердөө ганцхан удаа, харин дахихаараа инээд хүргэсэн ядуухан элэглэл”! Энэ суутнуудын үг үнэн байгаасай даа.
 
2019.9.1
Нийтлэлч Баабар
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen