Шүүх танхимаас: Алх цохихын өмнөх арван хором

2019/06/18 22 0
Хэн ч хэрэгтэн болохыг хүсдэггүй. Гэхдээ яагаад хэрэг хийчихээд байдаг юм бол...Эз хатгасан энэ асуултад хариулт хайн “эрэлд” хатаж, эцэстээ хэрэгтний харц “унших” гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг зорилоо.
Тус шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны А танхимд өчигдөр /2019.06.17/ 13.30 цагт А.О гэгч эмэгтэйд холбогдох шүүх хурал боллоо. Түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм бурууг нь хэлэлцэж буй нь энэ.
Улаан футболкны гадуур жийнсэн яак өмсөж, доогуураа кэт углаж түүн дээгүүр бариун жийнсэн өмд өмсөж зохистой хувцасласан залуу үеийн төлөөлөл болох бүсгүй шүүх танхимд хамгийн түрүүнд орж ирэн “Шүүгдэгч” гэсэн бичигтэй ширээний ард суулаа. Түүнтэй хамт 30 орчим насны эмэгтэй бас найз нь гэмээр үеийн бололтой хоёр бүсгүй орж ирэн арын сандалд суув.
Шүүгчийг орж иртэл шүүгдэгч бүсгүйн нүд тогтож ядан гүйлгэнэн, өмгөөлөгч өөдөө итгэл тээсэн харцаар байсхийгээд л ширтэх аж. Түүний харцнаас “Арай ч ачигдчихгүй байх” гэсэн итгэл байгаа нь ажиглагдана.
Шүүгч орж ирлээ. “Санал хүсэлт байна уу” гэсэн асуултаар хурал эхэллээ.  Энэ асуултад шүүгдэгч “Байхгүй” гэж хариулсан. Ерөөс шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэл шүүгдэгч эмэгтэй шүүгчийн асуулт бүрт босч зогсоод “Байхгүй” гэсээр хурлыг дуусгасан.
Тэр найзуудтайгаа уулзаж, овоо хэдэн шар айраг уучихаад гар утсаараа ярин ганцаар алхаж явсан эмэгтэйг далан руу түлхэж унагаад, гар утсыг нь булаагаад зугтжээ. 2018 оны аравдугаар сарын 22-ны өдөр 279 мянган төгрөгийн үнэтэй “Samsung S6” маркийн гар утас булаан зугтаасан бодлогогүй үйлдэл нь түүнийг өнөөдөр шүүхийн өмнө зогсоход хүргэв.
Гэмшиж, шүүхийн шийдвэр хэрхэн гарах бол гэхээс эмээж буй нь байн байн доод уруулаа хазлан шал ширтэж буйгаас нь анзаарагдана. Тэр одоо дөнгөж л 21 настай. Торны цаана суухад даанч хайран залуу нас. Бас 2017 оны гуравдугаар сард төрсөн хөөрхөн охинтой. Охин нь одоо 2 ой гурван сартай, эд л шулганадаг дээрээ “ээжээ” хэмээн эвлэгхэн хэлж сурч байгаа даа...Гэхдээ бяцхан охинд аав үгүй бололтой. Мөн харамсалтай нь охины эмээ тун саяхан бурханы оронд морджээ. Охинд одоо аав, эмээ үгүй. Бас ээж нь эзгүй.
Шүүгч шийдвэрээ гаргахаар хурал завсарлахад коридорт шүүгдэгчийн ар гэрээс ирсэн гурван бүсгүй түүнийг загнаж байна. “Охиныг чинь хэн харах болж байна. Эвий минь жаахан шүү дээ. Арчаагүй юм аа чи нээрээ” хэмээн нас ойролцоо нэг охин нь сүрхий загнах. Арай ахимаг настай бүсгүй “Хүүхдийг минь харах хүнгүй” гээд уйлаад ч болтугай гуйх нь яав аа. Тэнэг юм шиг хэлэх юм байхгүй гээд л зогсох юм” гэж ширүүлэв. Шүүгдэгч эмэгтэй дув дуугүй дэмий л цамцныхаа ханцуйг эмэрч зогстол завсарлага дуусч, шүүх хуралдаан эхэллээ
Хуулийн дагуу түүнд 2-8 жилийн ял оноох журамтай.
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гэхдээ шүүхээс шүүгдэгчийг анх удаа хэрэгт холбогдсон, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлыг бүрэн барагдуулсан, цаашид засарч хүмүүжин “зөв” амьдрах зорилготой, бага насны хүүхэдтэй зэрэг амьдралын нөхцөлийг нь харгалзан үзэж хорих ялыг нэг жил болгож “зөөллөв”. Шүүгч шийдвэрээ танилцуулаад ойлгосон эсэхийг асуухад “Байхгүй” хэмээн дуулгавартай хариулж байсан шүүгдэгч эмэгтэй энэ удаад юу ч хэлэлгүй дэмий л толгой дохив.
Хацар нь түнтийтлээ улайж, чих нь “хөлдөөцөн” мэт хүрэнтэж, царай нь барайв. Яг энэ мөчид тэр юу бодож зогссон бол... “Даанч яав даа” гэж халагласан болов уу. Ямартай ч түүний царайнаас гэмшил цөхрөл, ард үлдэж буй ангир үрдээ санаа зовж буй нь илт мэдрэгдсэн. Шүүх хуралдааны төгсгөлд шүүгчийн “Насанд хүрээгүй охиных нь харгалзагчийг тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад үүрэг болгоно” гэсэн үг гол зурав. Эвий нялх үр. Ээжийн эзгүйд тэр хэнийг “бараадах” бол...
Улсын яллагч, цагдаа нар шүүгдэгч эмэгтэйг аваад гарлаа. Ард үлдсэн ар гэрийнх нь гурван хүний хоёр нь өмгөөлөгчтэйгээ уулзан хэрхэн уулзаж, эргэх талаар лавласаар хаалга зүглэсэн бол “Хүүхдийг чинь хэн харах юм бэ” хэмээн цухалдаж байсан залуу бүсгүй уйлсаар гарч одов.
Тэгвэл 21-хэн настай залуу бүсгүй яагаад ялтан болов. Тэр нийтийн байрны төлбөрөө төлөх гэж хүний утас дээрэмдсэн гэнэ. Түүний шүүхийн өмнө дуудагдах болсон шалтгаан энэ. Санаатай, санамсаргүй, бүр амьдралын шаардлага байж ч болох асуудал... Гэвч хууль үйлчилжээ,  үйлчлэх ч ёстой. Залуухан бүсгүй торны цаана орж, нялх үр ээжгүй үлдлээ...
Нэг муу гар утасны төлөө нэг жил эрх чөлөөгөө хасуулна гэдэг харамсалтай. Иймхэн алдааны ард ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус ааг омгондоо багтаж ядахдаа алдах вий гэхээс сэргийлэхэд энэхүү тэмдэглэлийн зорилго оршив.
Г.Тэгшсүрэн
ЭХ СУРВАЛЖ:  SHUUD.MN
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen