Төрийн банкыг үнэгүйдүүлэх дээрмийг тус банкныхан цугаараа нийлээд хийж байна

2019/04/10 80 0
 
Төрийн банкыг хувьчлах сургаар тус банкны удирдлагууд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө мөнгө рүү улайран дайрч банкаа улам үнэгүйдүүлж байна. Сангийн яамны мэдэлд байдаг банк гэхэд өнөөдрийг хүртэл ямарч хяналтгүй явж ирсэн нь тэнд сүүлийн үед илэрч буй олон ноцтой хэргүүдээс тодорхой харагдаж байгаа ажээ.
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байх үед Хятадын  “Шинжиан шинфа” компанид  зургаан сарын хугацаатай 20 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Уг нь Сангийн сайдын өгсөн чиглэлээр бол 5 тэрбумаас дээш төгрөгийн зээл олгох ёсгүй байлаа. Гэтэл Чойжилсүрэн нь ийм үүрэг чиглэл өгснөө “таг мартаад” тэрхүү 20 тэрбумын зээлийг зөвшөөрсөн юмсанж. Гайхалтай нь Хятадын “Шинжиан шинфа” компани одоо болтол зээлээ төлөлгүй алга болжээ. Иймд Д.Баярсайханыг АТГ, ТЕГ-ынхан яллагдагчаар татан шалгаж байна. Д.Баярсайхан нь хятадуудтай үгсэн хуйвалдаж тийм их хэмжээний мөнгийг зээл нэрээр банкнаасаа гаргаж өгөөд явуулчихсан байж мэдэх юм. Тэгэхдээ тэр өөртөө нэлээд их мөнгө сугалж авсан байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, санхүүгийн луйврын систем буюу тухайн зээл хүсэгчийн хэлсэн тоогоор зээл олгоод зээлийн нийт дүнгийн дор хаяж таван  хувийг авдаг, тэгээд өгөө авааныхаа яриа хөөрөөг улам ахиулж, уг зээлийн мөнгийг найдваргүй зээлийн ангилал руу шургуулан нам дарж орхидог бичигдээгүй хууль үйлчилж, үүнээс үүдэн тийнхүү хардах нь бас зүйн хэрэг болов уу. Гэхдээ энэ хэргийг хэрхэн шалгаж байгаа нь сүүлийн үед улам бүрхэг болж байна. Д.Баярсайханы ах УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нь мөрдөгч,, прокуроруудад нөлөөлж, ямар нэг байдлаар саад учруулаад байж мэдэх л юм. 
Угаасаа удирдлага, зохион байгуулалт нь суларч доройтсон газраас хулгай луйврын хэрэг салдаггүйг хэн хүнгүй мэднэ. Төрийн банканд үүсээд байгаа эрүүгийн нөхцөл байдлаас анзаарахад Д.Баярсайханыг 2016 оны намар тус банкны Ерөнхий захирлаар томилсноос хойш хууль бус зээл олголт, албан тушаалаа урвуулж ашигласан болон авлига хээл хахуулийн шинжтэй хэргүүд тэнд үнэндээ хэрээс хэтэрчээ.  Тус банкны тэргүүн дэд захирлаар  ажиллаж буй Д.Ганбаатар нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн гэгчтэйгээ хуйвалдан 4.7 тэрбум төгрөгийн хууль бус зээл олгоод зогсохгүй нийтдээ 250 гаруй сая төгрөгийн үнэтэй тавилга хэрэгсэл авах нэрээр их хэмжээний мөнгө хувьдаа завшсан нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илэрсэн байна. Иймээс одоо тэд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ.
Хүний шуналд хязгаар гэж байдаггүйг бид бас эндээс бэлхнээ харж болох ажээ. Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая төгрөг бол гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нь сард 15 сая төгрөгийн цалинтай байлаа. Мөн тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нь сард 12 сая төгрөгийн цалин авдаг байсан байна. Гачлантай нь тэд ийм өндөр цалинд сэтгэл ханахгүй улам ихийг олж долоох гээд албан тушаалаа урвуулан ашиглаж байжээ. 
Үүнээс гадна Төрийн банк нь шүүхийн шийдвэрийн дагуу Г.Алтангийн хүү Эдуард овогтой Сүрэнд  “Жаст”-ын Г.Батхүүгийн мэдэлд байсан Хадгаламж банкнаас улбаатай хадгаламжийн 51.5 тэрбум төгрөгийг нь буцааж өгөхөөр болоод байгаа. Гэвч тус банкны удирдлагууд шүүхийн ийм шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр бүү хэл, Хадгаламж банк дампуурч Төрийн банк руу актив хөрөнгө нь шилжих үед Г.Алтангийн хүүгийн нэр дээр тийм хэмжээний мөнгө байгаагүй болох нь нотлогдож, сүүлдээ энэ нь Г.Алтан, Ш.Батхүү нарын хуйвалдаан байсан нь илэрч эхэлсэн байна. Үүнд бантсан Г.Алтан нь Төрийн банкыг хувьчилж авах талаар урьдынх шигээ харин ам бардам яриад гүйгээд байхаа больжээ.   
Тухайн байгууллагын удирдлагууд ямархуу авир төрхтэй байна, доодуул нь яг тиймэрхүү царайтай байдгийг бид бас тус банкны дунд шатны албан тушаалтнуудын үйлдсэн хэргүүдээс тодорхой харж болохоор байгаа юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн зүгээс Төрийн банканд мөнгөө их хэмжээгээр байршуулж байсан байна. Гэтэл тус банкны ажилтнууд хуурамч баримт бүрдүүлэн хадгаламж эзэмшигчдийн дансын мэдээлэл рүү нэвтрэн зээл гаргаж аваад хувьдаа завшиж байжээ. Тухайлбал, Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, теллер Б.Мөнхсүрэн нар 2018 оны тавдугаар сараас эхлэн үгсэн хуйвдалдаж нийтдээ 44 иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн зээл гаргаад хувааж авцгаасан байв. Мөн тэд дал гаруй зээлдэгчийн нэр дээр 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээл бодож гаргаад банкандаа их хэмжээний хохирол учруулжээ. Энэ мэтээр Төрийн банкыг үнэгүйдүүлэх хулгай дээрмийг тус банкныхан дарга цэрэггүй цугаараа нийлээд хийж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж эхэлсний дараа ч тэдний банкаа тонох ажиллагаа үргэлжилж байжээ.
О.Баяр
Түмэн.мн
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen