ЭГЭЛ ЦЭРГИЙН ЭГЭЛГҮЙ ГАВЪЯАТ БҮТЭЭЛ сурвалжлага

2018/05/09 612 0
                                                  ЭГЭЛ ЦЭРГИЙН ЭГЭЛГҮЙ ГАВЪЯАТ БҮТЭЭЛ 
                                                                 /сурвалжлага/
        "ЦЭРГИЙН АЛДРЫН ХӨШӨӨ"-ний зургийн бүтээсэн Мунгалов Александр Владимировичтай хийсэн сурвалжлага-ярилцлага аа толилуулсу.

 Сайн байна уу? Александр Владимирович Мунгалов гуай. Танд юуны өмнө Аугаа их ялалтын 73 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Мунгалов.В.А: Сайн байна уу? Баярлалаа. Өнөөдөр их сэтгэл хөдөлсөн өдөр байна. /2018.05.09-ний өдөр/ Аугаа их ялалтын өдөр идэр залуу насандаа эр цэргийн алба хааж байсан Монгол нутагт, Чойртоо ирсэнд үнэхээр баяртай байна. 
Сур: Та ОХУ-ын аль нутгийн хүн бэ? Та цэргийн албыг хэдэн онд хааж байв? Тэр үед Монгол орон ямархуу байсан?
Мунгалов.А.В: Би бол Монголын Дорнод аймагтай залгаа хиллэдэг ОХУ-ын Чита мужийн Забакайльск тойргийн ПриАргун тосгоны хүн. 1972 онд цэрэгт татагдаж мотобуудлагын 41-р дивизийн гвардийн 272-р мотобуудлагын хорооны автын тусгай батальонд хуваарьлагдан албаа хаагаад 1975 онд халагдсан. Монгол орны төсөөлөл минь тал нутаг, говь гэдгээр төсөөлж байсан даа. Тэр үед Чойрт голдуу цэргийн цувааны галт тэргүүд их ирдэг. Одоо энэ барилгууд чинь шинэхэн байсан, зарим нь баригдаж байсан үе шүү дээ. Энгийн цэргийн “казарма”-д байсан болохоор монголчуудтай тэр бүр харьцаад нөхөрлөөд явсангүй дээ, үнэндээ.
Сур: Та 46 жилийн дараа цэргийн алба хаасан нутагтаа ирж байгаа болохоор ярих, дурсах зүйл их байгаа байлгүй дээ. Таны сэтгэл хөдлөөд нулимс дуслуулж байгаа харагдсан.
Мунгалов.А.В: Өө хэлээд юу гэхэв. Ямарч эр хүн цэргийн алба хаасан үеэ халуун дотноор дурсдаг байх гэж би боддог. 46 жил гэдэг багагүй хугацаа шүү. Одоо би 70 хүрч байна. Миний “онжав”-уудаас олон хүн одоо өөд болсон байна. Тэгэхээр би азтай хүн. Өнөөдөр би энд алба хааж байсан Кулясов Владимирович руу, Москва руу ярина. Монгол руу явахдаа амалсан юм. Чойрын цэргийн хотхон ямар сайхан тохижилт, хангамжтай байсныг та нар мэдэхгүй л дээ. Ерээд оноос хойш балгас болсон гэж дуулдаад, хүмүүс надад янз бүрийн л зураг үзүүлдэг байлаа. Би ч сэтгэл шимширдэг байв. Харин одоо боломжоороо засаад, тохижуулаад авчээ. Болж байна. “Цэргийн алдрын хөшөө”-г засч тохижуулж байгаа нь сайхан байна. Монголчуудтайгаа “Цэргийн алдрын хөшөө”-нд цэцэг өргөж, цэрэг эрийн ёсоор 100 гр татлаа. Бүжиглэлээ. Баяртай байна аа.
Сур: “Цэргийн алдрын хөшөө”-г манайхан их хүндэтгэдэг. “Орос цэргийн хөшөө”, “Алеша баатрын хөшөө” гээд янз бүрээр л нэрлэдэг. Харин таныг “Цэргийн алдрын хөшөө”-г босгоход чухал үүрэгтэй байсан гэж сонслоо. Та энэ хөшөөг яагаад босгох болсон тухай бодит түүхийг ярьж өгөхгүй юу?
Мунгалов.А.В: Энэ хөшөө бүтээгдсэн түүх ийм учиртай юм. 1975 он бол Аугаа их ялалтын 30 жилийг тэмдэглэх тэгш ойн тоот жил байлаа. Арми даяар л олон уралдаант ажлууд зарлагдсан байдаг. Манай мотобуудлагын 41-р дивизийн хэмжээнд ч уралдаан зарлагдаад байсан үе. Тэр үед би автобатальоны тэнхимийн бичээч-цэрэг байсан юм. 1974 оны 12-р сарын нэг өдөр улстөрийн орлогч хошуу Донченко намайг дуудлаа. Яваад очтол “За дивизийн дарга дуудсан. Хоёулаа очно оо” гээд санд мэнд дагуулаад гардаг байгаа. Дивизийн байранд очиход Аугаа их ялалтын баярын ойг дивизийн хэмжээнд тэмдэглэх, зохиогдох, бүтээн байгуулах арга хэмжээнүүдийг хэлэлцэх уран сайхны зөвлөл хуралдаж байсан юм. Дивизийн дарга генерал Лебедев ширээн дээр байгаа нэгэн эскиз зургийг заан “За байлдагч минь энэ зургийг үзээд санаа оноогоо хэл” гэдэг байгаа. Би ширээн дээр байгаа зургийг үзэхэд “Цэргийн алдрын хөшөө”-ний анхны хувилбар зураг байсан. Би харандаа, цаас аваад зургийг өөрийн бодож байгаагаар зураад үзүүлж тайлбарласан даа. 
Сур: “Цэргийн алдрын хөшөө”-ний анхны хувилбар зураг ямар байсан нь сонирхолтой юм.
Мунгалов.А.В: Анхны хувилбар зураг нь урдаа босоо илд барьсан цэрэг байсан. Войликов Николай Шаповалов гэдэг хүний зураг байсан байх аа. Би илдийг нь бамбайгаар сольж, цэрэгт нь нөмрөг өмсгөөд, сахалтай болгосон доо. Мөн бамбайн дээрхи “Ард түмний гараар бүтээгдсэн бүхэн бат найдвартай хамгаалагдах ёстой” гэсэн үгийг яагаад юм тэрхэн зуур биччихсэн юм. Дараа сонсоход урансайхны зөвлөлд энэ үг их таалагдсан гэдэг шүү. /Инээв/
Сур: Их оновчтой үг санагддаг. Энэ үгийг чухам хэн гэдэг хүн хэлсэн юм бол?
Мунгалов.А.В: Интернационалын их сартваахи В.И.Ленин хэлсэн үг шүү дээ. Бид чинь анги, танхимдаа тэр хүний боть, боть номуудыг уншиж, улстөрийн шалгалт өгдөг байлаа шүү дээ. /Инээв/
Сур: Таны зургийн хувилбарыг тэр дор нь баталчихсан хэрэг үү?
Мунгалов.А.В: Үгүй дээ. Харин ч би сахилгын 5 хоногийн шийтгэлтэй гарсан юм даг. /Инээв/
Сур: Яагаад тэгдэг билээ?
Мунгалов.А.В: Дивизийн дарга Лебедевт миний биеэ авч яваа байдал таалагдаагүй бололтой. “За чи зураг зурж тайлбарлах яахав өөр хэрэг. Дивизийн штабт цэргийн мөрдэсгүй орж ирж ёсолдог яасан танхай нөхөр вэ? Энэ нөхрийг 5 хоногийн сахилгын шийтгэлээр шийтгэ” гэсэн дээ.
Сур: Айхтар юм болжээ. Та тэгээд яав?
Мунгалов.А.В: Гараад торгуулийн “невал” офицерийг хүлээгээд сууж байтал дивизийн улстөрийн албаны дарга хурандаа Кулясов Владимир ирээд “Чи энд юу хийж суугаа юм” гэхэд нь би учир явдлыг хэлэхэд “За би ороод ирье” гээд орсон. Удалгүй гарч ирээд “За шийтгэл чинь хүчингүй болсон хоёулаа анги руу чинь явна аа. Энэ их ажил ундарч байхад чамайг бас сахилгад хийдэг ч юу вэ. Тэнд бас хөшөөний загвар гаргах ёстой гээд явсан даа. Тэгээд ангидаа ирээд автобатальоныхоо онцлогийг харуулсан хөшөө барих зургийн ажилд орсон доо.
Сур: Сонирхолтой түүх байна. Улстөрийн албаны дарга тань танд тусалжээ. “Цэргийн алдрын хөшөө” яг хэзээ баригдаж дууссан юм бол?
Мунгалов.А.В: Кулясов Владимир бид хоёр нэг нутгийн хүмүүс л дээ. Намайг багаасаа зураг зурах дуртайг минь мэднэ. Тэгээд ч миний тухай дивизийн удирдлага, уран сайхны зөвлөлд танилцуулсан байх гэж боддог юм. “Цэргийн алдрын хөшөө” цогцолборын төсөл 1975 оны өмнө батлагдаад шинэ он гарангуут ажил нь эхэлсэн. Тэс хөлдүү өвлийн хүйтэнд машины хаймран дугуй, шатахуун асгаж шатаагаад газрыг нь гэсгээж барилгын нэг батальон цэрэг өдөр, шөнөгүй нүдэж хавар 5-р сарын 9-ний өмнөхөн хүлээлгэж өгсөн юм. Зөвхөн “Цэргийн алдрын хөшөө” байгаагүй цэргийн түүхийн цогцолбор байсан юм шүү дээ. Одоо ганц хөшөө л үлдэж.
Сур: Тийм юм билээ. Нээлт гэж сүртэй сайхан болсон биз. Таныг урьсан уу? 
Мунгалов.А.В: Өө сүртэй сүртэй. Гэхдээ намайг уриагүй ээ. Шагнал гэж 10 рубль өгсөн дөө. Харин манай улстөрийн орлогч Донченко хошуучаас хурандаа болж суга дэвшсэн юм даг. Олон ч хүмүүс шагнуулсан. Миний хувьд “Цэргийн алдрын хөшөө”, “Цэргийн тээвэрчдэд зориулсан хөшөө”-ний загварыг зурж бүтээлцсэн дээ бахархалтай байдаг даа. 
Сур: “Цэргийн тээвэрчдийн хөшөө”-г манайхан үгүй хийжээ дээ янз нь?
Мунгалов.А.В: Харин тийм байна аа. Ганц тэр хөшөө биш, олон хэрэгтэй барилга байгууламжууд үгүй болсон байна. Манай батальоны хажууд бүх зүйл нь автомажсан тэр үедээ л хамгийн шинэ технологтой талхан цех байдаг байлаа. Одоо балгас ч үлдээгүй байна. Цаг хугацаа гэж босгох үедээ босгоод, нураах үедээ алга болгох юм даа. Харин нэг хөгжилтэй дурсамж ярихад өвөл байсан болохоор “Цэргийн тээвэрчдэд зориулсан хөшөө”-г бид ангийн номын санд хийсэн юм. Тэгээд гаргах болоход бүх зүйл ойлгомжтой болж бид өөрсдийгөө шоолж хөхрөлдсөөр хэдэн хэсэг хувааж гаргаж билээ. 
Сур: Үнэхээр сэтгэл хөдөлгөм бодит түүхийн сонирхолтой дурсамж хуваалсан танд маш их баярлалаа. Манай аймаг бол нөхөрлөлийг эрхэмлэж аймгаа “Найрамдал”ын аймаг, та бүгдийн босгосон цэргийн хотхоноо “Найрамдал” хотхон хэмээн нэрлээд байгаа. “Цэргийн алдрын хөшөө”-г тохижуулахад ч бас орон нутгийн захиргаа анхаарч эхлээд байгаа. Ер нь цаашдаа аялал жуулчлалын хүрээнд энэ талаар чиглэсэн нилээн ажлууд хийгдэх төлөвтэй бий. Александр Мунгалов гуай та бидэнд хэлэх, хүсэх зүйл юу байна.
Мунгалов.А.В: Хүний нас гэдэг богинохон шүү дээ. /Санаа алдав/ Жил бүр Монголд алба хаасан орос цэргүүд цөөрсөөр байгаа. Ихэнх нь над шиг тэтгэвэрийн өвгөчүүд. Миний хүсэх зүйл бол “Цэргийн алдрын хөшөө”-г түшиглэсэн аялал жуулчлалын сайхан цогцолбортой болоосой гэж бодож байна даа. Бас мань мэтийн “хөгшин цэргүүд”-ийг хөнгөлөлттэйгээр урьж авчирдаг бол сайн байна. Эр цэргийн албаа хаасан Монголын тал нутаг минь сайхан байна. Аугаа их ялалт бид бүхний хамтын ялалт байсан шүү гэдгийг энэ цаг үеийнхэн маань илүү их мэдэж байгаасай гэж хүсэж байна. Оросын ард түмэн хэдийд ч монголчуудынхаа төлөө байсан, байх ч болно гэдгийг мартаж болохгүй. Жирийн цэрэг би ийм л бодолтой явдаг. Монголчууддаа, Чойрынхондоо хөгжил, цэцэглэлтийг хүсье дээ.
Сур: Маш их баярлалаа. Танд болон гэр бүлд тань сайн сайхныг хүсье. Аяны дөрөө тань бат орших болтугай. Эргэн уулзахын ерөөл талбия.
Мунгалов.А.В: Тэр ерөөл бат оршиг гээд зуу татах уу даа. Баярлалаа.
Сурвалжилсан: Сэтгүүлч Б.Энхтөр. 2018.05.09. Чойр.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen