Баримт ноёны тушаалаар

2018/11/02 254 0
                                                       



                                                                      Баримт ноёны тушаалаар
Анх сонсохдоо ер ажраагүй ээ... Санаа ахын аймгийн сониныхоо 70 жилийн ойд зориулан нэгэн цагт “Лениний зам” сонины эрхлэгчээр ажиллаж асан, баярын үеэр МУ-ын СТА цол, тэмдгээр шагнуулсан, чөлөөт зураач А.Хоогой, нутаг усны, аав ээж, дээдчүүлийг нь танихаар үл барам “Гарын шавь минь юм шүү дээ” гэх алс хойчоо даатгасан, итгэж бахархсан харамгүй үгээр тодотгон хэлж танилцуулаад зуршчихсан Б.Чинбат нарын хамт баринтагласан номынх нь нэр л дээ, “Баримт ноёны тушаалаар” ... “Лениний зам”, “Шинэ зам” “Долоон бурхан”, ”Баянхонгорын мэдээ” нэртэй таван сонины редакцийн ажилтнууд, хэвлэх үйлдвэрийн ажиллагсадын  өчигдрийн үнэний үргэлжлэл, өнөөдрийн дуу хоолой, ирээдүйн түүчээ-гурван цагийн хэлхээс үүх түүх хуучлах, цадиг намтраа хөврүүлэх, түүхт 70 жилийн ойгоо ёслон тэмдэглэж бараг долоон үеийнхэн хол ойр, хөдөө хотоос хүрэлцэн ирж хуран цугларсан зуны адаг  сарын шувтаргын учрал ерөөл, өлзий дэмбэрэлт хоёр өдрийг баян, баяны өлгий Баянхонгор нутагт дүүргэлээ. Тал хээр говь, хангай хосолсон цэнхэр Хонгор нутгаар ахмад сэтгүүлч Санаа ахынхаа урилгаар зорчсон минь эх орны баруун хойд зүгт хамгийн алс зорьсон хэрэг. Сэтгүүлч бидэнд сонирхол татахгүй, асууж шалгаахгүй орхих юм гэж уулаасаа байх биш дээ. Тэдний яриагаар “Дээдэс чуулсан, өртөөлөн хөгжсөн...” энэ сайхан нутагт усархаг борооноор хөл тавьж уйлагнаж шидэрсэн хуртай байхад нь нийслэл рүү зам хөөлөө. Түйн голын урсгал ширүүн, өнгө булингартай, захын сумдын зам гүүр эвдэрсэн, түлш шатахуунаар суусан ирж очиход төвөгтэй байгаа гэлцэх ч амьдрал тасралтгүй үргэлжлэх хойно болж л байх бололтой. Баянхонгорынхон Чингисийн удмын Тойн ламын гэгээнээрээ бахархах, дээдлэн хүндлэх гэж тоймгүй. Нялхсаас өтгөс нь хүртэл босон суун ам ангайвал л ярих юм. Саяхан ламын гэгээний даншиг наадам болж хөл хөс, яриа шуугиан татраагүй үеэр сонин ойгоо тэмдэглэсэн юм. Үлэг гүрвэлийн асар их олдвортой Ногоон цавын хоолой, говийн түүхэн газрууд, Эхийн гол, Сэгс цагаан богд, Галуут... за ер тоочиж байгаад заримыг нь орхичихвол  бусад нь  гомдчихвий гэмээр сум орны нэр нь хүртэл онцгой содон үнэхээр сайхан үлгэрийн цэнхэр орон дэлхий Баянхонгор нутгийнхандаа, сониныхондоо П.Санаадагва ах, аймгийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан, залуу сэтгүүлч Б.Чинбат дүүдээ, “Өнөөгийн Баянхонгор” сонины менежер П.Санаадагвын гэр бүл П.Отгонгбаяртаа хүний газар, гүний хошуунд явна даа гэх дундуур сэтгэл үлдээгээгүй хандлагад нь баярлаж талархсанаа барлан үлдээх нь зөв шүү. МҮОНР-д баярын сэтгэгдлээ хуваалцсан “Лениний зам” сонины эрхлэгч асан, ахмад сэтгүүлч, зураач, төрийн дээд шагналуудыг энгэртээ эгнүүлсэн ойн баярын үеэр СТА цол, тэмдгээр шагнуулсан Арсадын Хоогой гуайдаа баярласнаа илэрхийлэх нь зүй. Сэтгүүлч сэтгүүлчтэйгээ ярилцахын давуу талыг эндээс  олж харсан. Хөтлөөд, чиглүүлээд, зах хязгааргүй яриа хөгжөөгөөд бүүр аваад явчихна... гарчихна  сайхан гээч. МЭӨ III-IV зууны “Эх үрс” хос хүрэл чулуун цохимол адууны дурсгалаа үүдэндээ залсан угсаатан түүхийн музейгээр орж сонирхлоо.  Цаг давчуу байсан учраас Эрдэнэмандал хайрханы хормой, аймгийн төвд байгуулсан үлэг гүрвэлээр дүүрэн, амьд байгаль цогцлоосон амралтын цэцэрлэгт хүрээлэнгүүдээр орж амжсангүй. Тэлэн өргөжиж байгаа аймгийн төвийн хоймор налайх Эрдэнэмандал хайрханы энгэр оройг эзэгнүүлэн бүтээсэн цогцолборт өндөрлөгөөс төв суурин газрын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, өнөөгийн өнгө төрх, төлөв байдал, хөгжил дэвшлийг алган дээр мэт харж яриа сурталчилгааг сонсож авлаа. Газар хөдлөлийн эрсдэлт бүс нутагт тооцогддог болохоор тэнгэр лүү чичин тэмүүлсэн гадас шиг өндөр барилга сүндэрлүүлэх боломжгүй гэнэ. Анхны 9 давхар босох гээд л, дагалдсан “Түүхий”-гээрээ асуудал байх л. Галуут сумын уугуул “Лениний зам” сонины хянагч редактороос эхлээд “Өнөөгийн Баянхонгор” сониныг үүсгэн байгуулалцаж эрхлэгчээр нь ажиллаж мөн сонины 18 жилийн ойн үйл ажиллагааг нөхдийн хамт зохион байгуулсан төрийн дээд шагнал “Алтан гадас” болон “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-т, баярын хурал дээр гардаж авсан “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг нь орохлоороо долоон салбарын “Тэргүүн”-тэй , МУСТА Л.Чүлтэмсүрэнгийн ая “Хонгор хайрхан шүтээн минь”, П.Баянжаргалын ая “Эрийн тэнгэр аав минь” /ойн баярын хүлээн авалт дээр удмын авьяастан ихрийн өрөөсөн Д.Монголжийбуу энэ бүтээлүүдийг нь дуулсан/, УГЗ Цэвээнравдангийн ая “Ертөнцийн сайхан гэж ээжтэйгээ байхыг хэлнэ” зэрэг 10-аад дууны шүлэг тэрлэснийг нь нутгийнхан хүлхдэг, сум орон нутаг томоохон байгууллагын ой, сэтгүүл зүйн арав гаруй ном эмхтгэлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан, залуучуудыг сэтгүүл зүйд зүгшрүүлэх, залгамж халаагаа бэлтгэх, тогтвортой хөгжлийг хангах талдаа орон нутагтаа л  “Нэгдүгээр хүн” болж яваа, Баянхонгорын сэтгүүл зүйн салбарт “Галуут”-ын бодлогыг түлхүү барьж ажиллах магадлалтай ахмад сэтгүүлч Пагвын Санаадагва МСНЭ-ийн хөдөөгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд 40 жил 10 сар ээлж сэлгээгүй биеийн хүчин үнэлжээ. Баянхонгорын сэтгүүлчдийн эгнээнд унаган нутаг “Галуут” нэртэй брэнд суулгаж суурьшуулах гэсэн зугуухан санаагаа хэрэгжүүлээд эхэлчихсэн. Эх бэлтгэгч зурагчин Л.Эрдэнэбүрэн, “Баянхонгор телевиз”-ийн дизайнер Б.Цог-Эрдэнэ... энэ залуус Галуутынх. Санаа ахтай утсаар холбогдох, сургалтаар уулзах тоолон “Гишүүний ажилтай” гэх,  том л хүн дээ. “Анхны эрхлэгч манай Галуутынх байсаан” гээд өндөлзөх, амин холбоотой нутгаа гэж. Ахмад үеийнхэн харахаас царигтай, цараатай, ясны хөдөлмөрч, мөс чанар сайтай, хаях гээх юм үгүй, ээ мөн   нүнжигтэй улс шүү. Залуу зандан насандаа ажилдаа түүртэлгүй санаанд хургах хар толбо ч үгүй цагаавар, байнга л наргиж хөгжсөн, инээж шуугисан үеэ өнөө өглөөнийх мэт сэргээн санаж дурсан сууцгаах нь бид мэт бараанаар нь сүрдмээр аугаа аугаа. Баянхонгор зорчих том оврын автобусанд “Нэгдсэн захиалгынхаа” гээд хөөрхөн эзэмдүү суусан арав гаруй ахмадууд замын турш хөгжөөн наргиан тасраагүй явсан нь хот суурингаас урилгаар ирж байгаа улсууд ажээ. Хатуу идээ хүртэж байсан цагтсан бол учраа хэлээд замын ганцаа нэмэрлээд л дуулж хуурдаад шагшин шаагиулчих байлаа. Хөл хөөрцөгтэй 70 жилийн ойн зочид төлөөлөгчдөд УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга, МУ-ын сайд Г.Занданшатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нараас баярын мэндчилгээ ирүүлсэнийг холбогдох ажилтнууд нь уншиж гардуулсан. Аймгийн сэтгүүлчдийн салбарынхаа үйл ажиллагааг үлгэр загвар авмаар дэмжиж байгаа нутгийн удирлагуудад талархал дэвшүүлье. Ойд зориулсан ном хэвлэлийн зардлыг гаргаж, аймгийн сэтгүүлчдийн ордны зураг төсөл нь бэлэн болсон цагт газрын асуудлыг бүрэн шийдвэрлэх түвшинд яриа хэлцээ тохирсон, аймгийн үзэсгэлэнт газруудаар аялах төслийг санхүүжүүлэхээр болсон гээд л чих зөөллөх мэдээ олоон. Гурван телевиз, хоёр сонин, нэг радио, нэг сайт ажиллуулдаг 30 гаруй сэтгүүлчдийнхээ эрх ашиг тусын тулд ... гээд бодохоор ойлголцох, танилцуулах, стандарт мөрдөлт, цаг нараа олж асуудалд хандах, анхаарлыг татах энэ бүхэнд Санаа агаагийн гар бие , санаа сэтгэл, сэдэл тэмүүлэл оролцохгүй байх гэж ёстой хаашаа харсан юм байдаг юм бэ. МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга, Ерөнхий санхүүч Ч.Эрдэнэсувд, жолооч Т.Баттулга биднийг үдэж аймгийн ЗДТГ-ын ТЗУХХ-ын дарга М.Өнөржаргал айгийн төвийн зүүн урд сүндэрлэх Номгон хайрханыхаа оройгоос “Амьчуул”, “Арван мянгынхан” хорооллын тухай, Шар Галзуутын рашааны тухай, бийр хүртэл намайг бийрээс цааш өөрийгөө бодох ухааны тухай, Лхам, Дорлиг уулуудын тухай хөврүүлж, хөрвүүлж өглөө. Газар орноо мэддэг хүний яриаг сонсох сайхан байсан. “Баримт ноёны тушаалаар” ...сэтгүүл зүй, сэтгүүлчдэд хөдлөшгүй баримт, нотолгоо, эх сурвалж, “Ноён”-ы жавдан дээр заларч, ноён мэт захирч, тушааж байдгийг, сэтгүүлчид “Баримт” хэмээх ноёнтой болохыг тодорхойлж өгсөн “санаа”-тай Санаа ахын бүтээл чухамдаа бидний эрхэмлэн шүтэх, элэгдтэл эргүүлэх ширээний ном болох буйзаа.  70 жилийнхээ ойг даамай сайхан тэмдэглэсэн Баянхонгор нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхандаа хээрийн омголон салхи шиг насан хийморьтой хээ нь нийлсэн торго шиг эвтэй сайхан амьдралтай явахын ерөөл өргөж аян замын тэмдэгоэоээ өндөрлөе.
    
Чойр-Улаанбаатар-Баянхонгор.
Говьсүмбэр аймаг Боржигин Дарханхүүд овогт Төмөрийн Болдбаатар
2018,08, 09-11


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen