Шүүгч бус хүнийг Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхийн цаана хэний эрх ашиг нуугдаж байна вэ?

2019/12/06 39 0

УИХ-ын чуулганы өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дампуурлаа зарлаад байсан шүүх засаглалыг аварна гэж лоозондож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр шүүх засаглал сэхээнээс гарч, амь тариа болно гэж байсан ч нэгэнт гал авалцсан салбарт тийм ч оновчтой хувилбар байж чадсангүй бололтой.
Учир юу гэвээс, Салхитын мөнгөний ордын хэргээр Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгүүлсэн. Үүний дараа тэдгээрийг АТГ-аас шалгаж, зарим нэгийнх нь шүүсийг шахаад эхэлсэн гэж байгаа. Хэрэг маргаан хааш эргэх нь тодорхойгүй ч шүүх засаглалд идээ бээр нэгэнт үүрлэсэн болохыг дээрх үйл явдал батлан харуулсан. Тэгвэл идээ бээрийн үүр уурхай хаана оршиж байна вэ. Сайнаар хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч, олноо өргөмжлөгдсөн алдраар нь бол “Монгол яланчуудын тэргүүн” гэх Х.Баттулга шүүх засаглалд шинэчлэл хийж, хонгилыг нураахаа амалсан. Иргэд ч талархан хүлээж авсан бол зарим нэг шүүгчийн нуруугаар хүйт даасан байх. Гэвч Ерөнхийлөгчийн хэлсэн, амалсан энэ амлалт богинохон настай бололтой. Учир нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан нэг бүхий 17 шүүгчийн дөрөв нь Дээд шүүхийн шүүгч нар байв. Үүний улмаас тус шүүхийн шүүх хуралдаан бараг дөрвөн сарын хугацаанд доголдож, нэхэмлэлүүд овоорсоор байгаа юм. Тиймээс л Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг яаралтай бүрдүүлэхээр шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулалтад тэнсэн гэх хүний нэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээш нь уламжлав.
Харамсалтай нь сонгон шалгаруулалтад тэнцэж, өндөр оноо авсан гээд байгаа хүн нь шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй, их сургуулийн багш хүн.
Багш хүн бол эрдмийн их өргөөний эзэн, мэдлэгийн эх ундарга. Энэ утгаараа хойч үеийнхээ шавь нарыг бэлтгэж, эрдэм мэдлэгээ түгээх учиртай хүн. Гэтэл шүүгчээр нэг ч жил ажиллаж үзээгүй хүнийг бүр Улсын Дээд шүүхийн шүүгчээр зүтгүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ийнхүү сойсон нь ямар учиртай юм бэ. Яахав, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүгч сонгон шалгаруулах журамд мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх ёстой гээд заагаад, журамлаад өгсөн байж болно. Гэхдээ хэрэг маргаанд хяналт тавьж, эцэслэх учиртай гал тогоонд салбарын нэг ч туршлагагүй, цэвэр онолын хүнийг зүтгүүлэхийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна.
Өнөөгийн парламентийн гишүүдийн олонх нь ЖДҮ-чин, эс бөгөөс аль нэг санг хоосолсон, хоослоход нь дэмжлэг үзүүлсэн нөхдүүд. Энэ нь ч олонд хэзээний ил болсон мэдээлэл. Хамгийн эмгэнэлтэй нь тусгай сангуудыг хоослохдоо ичиж зовоогүй шиг ээ, мэдлэг, боловсрол, ёс суртахуунтай гишүүдээр бүрдсэн танхим гэхээр эрхгүй харуусал төрүүлэхээр. Яг ийм л нөхдүүд өнөөдөр Улсын Дээд шүүхэд шүүгчээр томилогдох гээд өмнөө суугаа хүнийг болсон болоогүй хэдэн үгээр мялааж, үнэнч, шударга байгаарай гэж хүсэж суух нь хэр оновчтой зүйл бэ. Угтаа бол ядаж ганц нь ч болтугай шүүгчээр ажиллаж байсан туршлагагүй юм байна. Цэвэр онолын хүнийг шүүгчээр томилох нь эргээд шүүх засаглал дампуурах, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдэг ч юм уу. Ингээд байр сууриа илэрхийлсэн бол “Овоо доо, муу гишүүд минь” гэж хэлэх сэн. Гэвч тэд амаа үдүүлсэн мэт өнөө л “МАНАН мафи”-аа ярьж, найз нөхөд биш шүү гэсээр МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг Дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжив.
Одоо бидэнд ганцхан л найдвар үлдсэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.
Шүүх засаглалд шинэчлэл хийнэ, цэвэрлэгээ хийнэ, шударга ёс тогтоно гэж уриалж, лоозонддог эрхэм Ерөнхийлөгч маань шударга бусын хонгилыг нураахад шүүх засаглалд онол бус практик чухал гэдгээс эхлэлтэйг ухаарах болов уу. Ийн хэлсэн учир нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинээс улбаатай хуулийн салбарын шинэчлэл нэртэй балаг өнөөг хүртэл энэ салбарт бугшиж буйг зарим хуульчид хэлдэг. Дээр нь үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийн хүнээ шүүгчээр томилохын тулд онолын хүмүүсийг зүтгүүлээр ирсэн нь нууц биш. Үүнийх нь балгаар Дээд шүүхэд шүүгч бус онолын мэдлэгтэй багш нар цөөнгүй бий. Хэрвээ итгэхгүй бол Дээд шүүхийн шүүгч нарын намтарыг сөхөж үзвэл, цэвэр онолын багш, хуульч нар хэд хэд бий. Магад энэ бүхэн шүүхийн дээд байгууллага дампууралдаа хүрч, хариуцлагагүй, ёс зүйгүй болох эхлэл тавигдсан юм биш биз.
Бидэнд үлдсэн ганц найдвар нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж дээр хэлсэн. Гэхдээ тэрбээр МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг ивээлдээ авч шүүгчээр томилох эсэх нь бас эргэлзээтэй. Учир нь  Ерөнхийлөгч зарлиг гарган Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг огцруулж, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлж байсан. Үүний дараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр хэнийг томилох бэ гэдэг сунгаа эхэлж, Дээд шүүхийн нийт гишүүдийн олонхиор саналаар тус шүүхийн шүүгч Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн юм.
Гэвч Ерөнхийлөгчийн ямар тахилыг буруу өргөсөн юм бүү мэд, гэнэт л Д.Ганзориг таалагдахгүй байна гээд оронд нь тус шүүхийн шүүгч Х.Батсүрэнг томилох захирамж гаргаж байв.
Эндээс үзвэл, шүүгч бус цэвэр онолын хүнийг зүтгүүлсэн учир нь магад олны анхаарлыг нэг тийш нь татаж байгаад таалагдахгүй байна гээд эсэргүүцэхээр нь өөрийн хүнээ зүтгүүлэх зорилго агуулж ч байж мэдэхээр. Ерөнхийлөгчийг ийн хардах болсон шалтгаан нь зөвхөн Дээд шүүхтэй холбоотой асуудлаас ч болсонгүй. Улсын Ерөнхий прокуророос эхлээд хэд хэдэн албан тушаалтанг томилохдоо энэ мэт найруулсан жүжиг ашигласан гэхэд болно. Тиймээс л шүүгч бус онолын хүнийг Улсын Дээд шүүхэд зүтгүүлсэний цаад шалтгаан юу бэ, үүний цаана хэний, ямар эрх ашиг нуугдаж байна вэ. Энэ асуултын хариулт тун удахгүй тайлагдах биз ээ?
Г.Нацаг-Эрдэнэ 
Эх сурвалж: www.24tsag.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen