Монгол орны бэлчээрийн хувь заяаг дэлхий дахин анхааралтай ажиж байна

2019/02/21 316 0
Монгол орны нийгэм, эдийн засгийн гол тулгуур багана мал аж ахуйн үйлдвэрлэлийн өмнө өнөөдөр тулгараад буй том сорилтын нэг бол бэлчээрийн доройтлын асуудал юм. Бэлчээр ашиглалтыг зөв зохион байгуулах нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол орны тал хээр нутгийн экосистем, түүний  үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үндэс мөн.
Малыг хувийн өмчид шилжүүлэхдээ, малчдын нийтээрээ дундаа ашигладаг бэлчээрийн харилцааг зохицуулах механизмыг хамтад нь тодорхойлж өгөөгүйгээс замбараагүй, хэт эрчимтэйгээр ашиглаж ирсний үр дагавар 30 жилийн дараа бэлчээрийн газрын 60 гаруй хувь талхлагдан доройтсоноор илэрч байна. Бэлчээр хаагуур, хэрхэн доройтож буй явц, үндсэн шалтгаанууд болоод хэрхэн яаж нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх нөөц боломжийн талаар холбогдох байгууллагууд болон төсөл хөтөлбөрийн хүрээнд багагүй судалгаа хийсний дүнд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай байгааг боловсруулах, хэрэгжүүлэхэд хангалттай хэмжээний мэдээлэл цуглараад байна. 
Тухайлбал,цаг уурын улсын сүлжээн дээр жил бүхэн хийгддэг бэлчээрийн төлөв байдлын мониторингийн 2014 болон 2016 оны мэдээнд тулгуурласан Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангууд гарч олон нийтэд танилцуулагдлаа. 2014 оны байдлаар нийт бэлчээрийн газрын 65 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтсон байсан (http://greenmongolia.mn/133/item/236) бол 2016 оны байдлаар талхлагдаж доройтсон талбай харьцангуй тогтвортой, зарим нутгаар буурах хандлага ажиглагдаж байна (http://greenmongolia.mn/144/item/201).
Бэлчээр ашиглалтыг зөв зохион байгуулах талаар тодорхой арга хэмжээ авч байгаа газруудад өнгөрсөн жилийн зуншлага сайтай нөхцөлд бэлчээрийн төлөв байдал тодорхой хэмжээгээр, тодруулбал бага талхлагдсан төлөвөөс соргог төлөвт шилжин сайжирсан байгаа талаар дээрх тайлангуудад дурдсан байна. Бэлчээрийн сэргэх чадавхын ангиллаар үнэлж үзэхэд нийт доройтож талхлагдсан бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаараа эргэн сэргэх боломжтой, гагцхүү ашиглалтын одоогийн ачаалал горимыг л тохируулах шаардлагатай байгаа талаар уг тайланд тодорхой тэмдэглэгдсэн байдаг.
 
Зураг 1. Монгол орны түгээмэл тархацтай 23 төрлийн бэлчээрийг хамарсан “Бэлчээрийн төлөв байдлын загвар” нь бэлчээр ашиглалт, сэргээн сайжруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг үнэлэх үндсэн арга хэрэгсэл мөн.
Өөрөөр хэлбэл, сулаас дунд доройтолтой, соргог бэлчээрийн үндсэн бүлгэмдэл болох нарийн өвс зонхилсон бүлгэмдлүүд ширэг улалж болон агь шарилж зонхилсон бүлгэмдлээр солигдсон бэлчээр харьцангуй түгээмэл болсон, гэхдээ ашиглалтын горим, ачааллыг тохируулсан нөхцөлд нарийн өвс сэргэж арви, оролцоо нь нэмэгдэх бүрэн боломж байна. 
Бэлчээрийн төлөв байдлын үндэсний 2 дахь удаагийн тайлангаас (http://greenmongolia.mn/144/item/201) харахад бэлчээрийн сэлгээ нүүдлийг зөв зохион байгуулж чадсан газруудад бэлчээр сайжирсан, энэ талаар тодорхой арга хэмжээ хэрэгжүүлээгүй, давтаж ашигласаар байгаа газруудын бэлчээр улам доройтож доройтлын дараагийн шатанд шилжсэн байна. 
Тухайлбал, дундын бэлчээрээ төлөв байдал чанарыг нь доройтуулалгүйгээр ашиглах урт хугацааны нөхцөлт гэрээг сумын засаг даргатайгаа байгуулснаар бэлчээрийн эмх замбараагүй ашиглалт, сэлгэж амрааж байгаа бэлчээрийг зөвшөөрөлгүйгээр идүүлж ашиглах явдлыг бууруулж улмаар бэлчээр сэргэх боломжийг нэмэгдүүлж байна (Зураг 2, 3).
 
Зураг 2. “Хужиртын давааны ар”-ын өвөл-хаврын бэлчээрийг төлөөлүүлэн сонгосон фотомониторингийн цэг (гэрэл зургийг Д.Батсайхан, газрын даамал)
 
Зураг 3. Говь-Алтай аймгийн Халиун сумын Хантайшир бэлчээр ашиглагчдын хэсгийн өвөл-хаврын бэлчээр дэх фотомониторингийн цэгийн ерөнхий байдал(ГЗБГЗЗГ-ын дэргэдэх фотомониторингийн мэдээллийн сангаас)
Харин малын тоо, нягтралаар сүүлийн хэдэн жилийн турш тэргүүлж ирсэн Архангай, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн ихэнх сумдын бэлчээр доройтлын өндөр зэрэглэлд шилжсэн, Сүхбаатар, Дорноговь аймгууд хүчтэй доройтсон бэлчээрийн тархац, хэмжээгээрээ тэргүүлж байна. 
 
Зураг 2. Хүчтэй доройтсон бэлчээрийн тархцын 2014, 2016 оны харьцуулалт
Байгалийн аясаар сэргэн ургах биологийн босгыг давж доройтсон бэлчээрийн талбай 7 хувийг эзэлж буй талаар өмнөх тайланд тэмдэглэгдсэн байсан бол 2016 оны байдлаар 13 хувь хүрч өссөн нь асуудал хэр хүндэрсэн болохыг тодорхой харуулж байна (Зураг 2).
Эрчимтэй доройтож, талхлагдсан бэлчээрийн талбай хоёрхон жилийн дотор ийнхүү эрчимтэй нэмэгдэж байгаа нь “Монгол орны бэлчээр-Дээсэн дөрөөн дээр” очиж цаг алдалгүйгээр тодорхой арга хэмжээ авах, асуудлыг шийдэх цаг нь болсныг илтгэнэ. 
Бэлчээр ийнхүү эрчимтэй доройтож байгаа нь малын тэжээлийн хангамж, хүнсний аюулгүй байдлыг хөндөөд зогсохгүй зэрлэг ан амьтны тоо толгой, тархац нутгийг хумих, нүүрс төрөгчийг хуримтлуулах, байгаль дахь ус, энергийн эргэлтийг зохицуулах зэрэг олон чухал үйлчилгээнүүд алдагдаж эцэстээ хүмүүс бид эрүүл орчинд сайн сайхан амьдрах боломжоо улам бүр алдах эрсдэлийг дагуулж байна. 
Монгол орон, монголчууд бидний бусдаас ялгарах гол давуу тал бол олон зуун мянган жил байгалийн төрхөд нь хадгалж ирсэн бэлчээр нутаг, түүн дээрээ тээгээд ирсэн нүүдэлчдийн ёс заншил юм. Дэлхий дээр хязгаарлагдмал хэмжээтэй үлдсэн байгалийн задгай бэлчээртэй тал нутаг, улам бүр өсөн нэмэгдэж буй үнэ цэнэ нь хүлээн зөвшөөрөгдөх болсон энэхүү том баялгийг цаашид хэрхэн авч үлдэхийг дэлхий нийт анхааран ажиж байна. 
Учир нь орчны бохирдол, биологийн төрөл зүйлийн хомсдол, уур амьсгалын дулаарал, газрын доройтол цөлжилт зэрэг байгаль орчны аливаа асуудалд хил хязгаар үгүй, бидэнд тулгамдаад буй хүндрэл бэрхшээл бол дэлхий нийтийн асуудал, тиймээс байгалийн нөөцийн менежмент, түүний дотор бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, бэлчээрийн доройтлыг бууруулах, сэргээн сайжруулах асуудал дээр үр дүнтэй алхам хийх үүргээ Монголчууд бид биелүүлэх ёстой. 
Монголчууд бидний хувьд биологийн олон янз байдлын тухай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж тогтворжуулах уур амьсгалын тухай болон цөлжилтийн тухай олон улсын гэрээ конвенцоор дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үндсийн үндэс бол бэлчээрийн харилцааг сайжруулж бэлчээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалах явдал мөн. 
Өнөөдөр бол хүлээж суух, дараагийн үедээ найдаж үлдээх биш зоригтой шийдвэр гаргах, өөрчлөлтийг эхлүүлэх цаг болсо
Өгүүллийг: Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн Бэлчээрийн менежментийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen