Төрийн ордонд заларсан эрх ямбатай “шараадай”-нууд

2020/10/05 31 0

Намайг багад хөгшин ээжийн баруун орыг эзлээд, нар дагаж цагариглаад хэвтчихдэг эрх ямба нь хэтэрсэн, шар муур байдаг байж билээ. Тэр муур гэрт тодорхой үүрэггүй ч хөгшин ээж, хөгшин аавын хайртай нэгэн ам бүл нь байсан сан. Баруун ор эзлээд унтаж л байна, зуухны дээд эхэн дээр өөрийн гэсэн хэвтэртэй. Ойролцоох жижиг зэсэн аяганаасаа сүү, тараг, цээдэм долооно. 
Үе үе хоймрын бор авдар, эргэнэг, орон доорх гүзээтэй өрөм, шар тос, гэр дээр хатаасан дэлгэцтэй ааруул орчмыг эргээд, мяав мяав дуугараад, явахыг нь хардаг байв. Хөгшин аавын гэрийн хамгийн чухалд тооцогдох хэсгээр ийн эрх дураар хэсүүчлэх шар мууранд дургүй байгаагүй ч ёозгүй санагддаг байсан тул ийн гэтэн явахыг нь харуутаа хөөж буулгадаг байв.Хөгшин ээж, аав хоёр өнөөх муурандаа хайртай гэж жигтэйхэн.
“Шараадай хөл дээр унтаг. Дулаахан байдаг юм” гэнэ. Хөгшин ээжийн ийн өмөөрч, өмөлзөн нүүр өгөхийг Шараадай андахгүй. Зуухны хормой орчмоос сунайсаар, ямбатай гэгч нь алхаж, над мэтийн өөрт нь таагүй хандагсдын зүг хялам хялам хийсээр хөгшин ээжийн унтахаар зэхсэн баруун ор руу ухасхийн үсэрнэ.
Сая санаа нь амарсан уу, цагариглаад, хэвтчихнэ. Ингээд хэдэнтээ нуруу, толгойгоо илбүүлсээр унтаж орхино. Хөгшин аав нэгэн удаа Шараадайгаасаа ихэд эвгүйцсэн тухайгаа хэлж билээ. Шөнөдөө дээлээ хэдрээд, гарчихаад ороод иртэл бурхных нь өмнө хоёр ногоон нүд үзэгдэж. Тэрүүхэн хооронд Шараадайгаа мартсан тул юу билээ, гэж бодохтой зэрэгцэн дөхтөл урдаас нь өнөөх нь мяраагаад, энгэр өөд нь үсэрсэн байгаа юм. 
Гэрэл, чийдэн, лаа, дэн асаагаагүй, харанхуй гэрт хөгшин аавыг минь цочоож, зэгсэн хямруулсан “Шараадай”-г хөгшин ээж өмөөрч, хөгшин аавыг буруутгаад, энэ үйл явдлыг тэгсгээд өнгөрүүлжээ. Ийм л нэг эрх ямбатай, бурууг нь бусад нь үүрчихдэг, илбүүлж, таалуулах тусмаа өөрийн гэмээ ухаардаггүй “Шараадай” хөгшин ээжийн баруун ор, бурхны авдар дээрээс мярааж үсрээд, Төрийн ордны өндөр сэнтийд цагариглачихсан мэт санагдах боллоо. Ингэж санагдах учир нь байсхийгээд л олны хэл ам таталж, чих дэлдийлгэж, цухалдуулах ухаангүй үг яриа, мэдлэггүй мэдэгдэл, мэдрэмжгүй хандлага, мэдээлэл дутмаг асуулт, иргэдийн амьжиргааны талаар сөөм ч ойлголтгүй тэнгэрийн амьдралд умбасан солиорлоос тодхон харагдана. 
Монгол Улс 2020-2024 оны парламентдаа 13 “Шараадай”-тай болсон бололтой. Тэд эрх танхи, элбүүлж таалуулах хүсэлтэйн дээр санал шүүмж хүлээж авч биеэ засахыг ер бодохгүй яваа нь хачин. Мөн хотын захын гэр хорооллын хүүхдүүдийн зовлонг нимгэлнэ, нийслэлийн хүн амын тэн хагас нь амьдарч байгаа гэр хороолол руу чиглэсэн ажил хийнэ, орон нутгаа хөгжүүлнэ, хөдөөгийн алс буйдад хүүхэд, эмэгтэйчүүд, малчин бүсгүйчүүд орхигдоод байна хэмээн гоё ярьж, гол зурж, гол усаар нэг яриа наадам хийж гишүүн бологсод өдгөө Төрийн ордны өндөр босгоор ганхаж, гунхаж орсон даруйдаа хэл ам татлаад эхэллээ. Тэдний байдлыг ажвал илбүүлсэн мэт “бурхны авдар” дээр явж харагдах, буулаа буулаа гэхэд баруун орон дээр ямбатай нь аргагүй мяраачихсан хэвтэх. Үе үехэн гэр дээр дэлгээтэй, ааруул, эргэнэг орчим дахь сааль, сүү, өрөм зөөхий эргэж яваа үзэгдэх.
 Монгол Улс гэх орон гэрийг онгичиж, хаана юу сул дэл явааг бүртгэн судлах яах вэ, эмэгтэй гишүүдийн хийх ажил Монголын нийгэмд дэндүү их байна. Шийдэл, бодлого хүлээсэн асуудал хог шиг хөглөрч, хоол шиг дамжлага хүлээж байна. 1992 оноос УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй хууль тогтоох байгууллагад орж ирж байснаас тоолбол, 1996 онд долоо, 2000 онд найм, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13, 2020 онд 13 бүсгүй төрийн жолооноос атгалцах, төрийг түвшитгэх их ажилд томилогдоод байна. Гэвч хүлээлтэд нийцэж ажиллахгүй гэдэг нь ойрмогхон хоёр сарын хугацаанд тов тодорхой харагдаж эхэллээ. Угтаа бол төр дэх ээжүүд хүүхэд, гэр бүл, залуусын нийгмийн асуудал, ажлын байр, хувь хүний хөгжлийг дэмжсэн “гал тогооны” асуудал руу хандсан ажил хийвэл үнэнд нийцтэй, гоё харагдана. Даанч тэд маань дэндүү хөнгөн, хөөс мэт арилж өгөх сэдэв барьчихаад, түүнээ төрийн сэнтий дээрээс улиглан суугаа нь хөгийн жижигхэн харагдуулаад байна. Юун архины лангуу, савлагаа, дээлийн торгоны хээ, Кембриджийн хөтөлбөртэй олон сургууль, Баянхонгорын иргэдийн зээлийг аргалах тусгайлсан мөнгөний бодлого вэ. Юу яриад сууна вэ, та нар минь. 
Тэгснээс ганцхан шөнийн дотор бүртгэгдэж байгаа Монгол Улс даяарх гэмт хэргийн гаралт, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг сонирхооч. Нэг л өдрийн хугацаанд хэчнээн гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгааг хараач. Тэдний ард хэдэн хүүхэд аавгүй, ээжгүй өнчирч байгаад мониторинг хийлгээч. Алслагдсан сум сууринд хэчнээн малчин эмэгтэй, хэчнээн ахмад, хэдэн хүүхдэд иргэний боловсрол, нийгмийн тэгш эрхийн оролцоо, мэдлэг мэдээлэл хүрэхгүй байгааг бодож үзээч. Очиж хараач. Ахмадууд, малчин эмэгтэйчүүд амьдралын бүхий л түвшнөөс хоцрогдчихсон байна. Тэдний үр хүүхэд харанхуй өсөж байна. Хэдэн зуун км-ын зайтай, тархай бутархай сум, сууринг хөгжүүлэх, тэлэх, хөгжлийн бодлогыг хөдөө рүү чиглүүлэх олон талт ажил өрнүүлээч. Тав, арван км газар морьтой нь мориор, морьгүй нь алхсаар сургуульдаа ирж, очдог түмэн зуун багачууд байна. Тэдний асуудлыг өөрсдийнх нь амнаас очиж сонсооч. Ордон дотроос амьдрал ямагт өнгөтэй, дардан, амархан харагдах нь гарцаагүй. Алс, бөглүү хөдөөгийн багачуудаа төрийн түшээ ээжүүд анхаараач.
 Хоёрдугаарт, диплом өвөрлөсөн, лааз өшиглөсөн, ажлын байргүй залуусыг орон нутаг руу илгээе. Илгээлтийн эзэд л Дархан, Сэлэнгийн бүс нутгийг тариан түрүү, тракторын чимээтэй болгож, хөдөлмөр, зүтгэл ундарсан хөгжлийн тулгууртай аймаг болгосныг мартах учиргүй. Ингэж чадвал Улаанбаатарын хүн амын төвлөрөл саарахаас гадна, хөдөөг хөгжүүлэх гарц харагдана. Хэрэв ийм ажил өрнөвөл, хөдөө рүү нүүдэл хийж байгаа өрхөд замын зардлыг нэг удаа төрөөс олгоё. Мөн аль, сум, сууринд очиж байгаагаас хамаарч, амьдрах газрыг нь шийддэг байя. Энэ мэт хөдөөг зоригсдод урамшуулал, хөнгөлөлт шат дараатай яригдаад, хэрэгжээд эхэлбэл хөдөө тийш нүүх урсгал тасрахгүй ээ. Энэ мэт алсыг харсан, далайцтай, хүндээ хэрэгтэй, улсынхаа хөгжлийг тэлэх, хүн амын суурьшилд нөлөөлөх, дэд бүтэц, сум сууринг амь оруулах ажил яриач ээ. Орон нутаг дахь ядарсан, зутарсан малчдад өвлийн бэлтгэлээ базаах, хадлан тариагаа хураах, өвс, ногоогоо цасанд даруулахгүй хурааж авах мэтэд хүн, хүч шиг хэрэгтэй зүйл алга. Малчид руу ажилгүй зуун зуун залуусаа илгээе. Ингэхдээ хэрхэн цалинтай, орлоготой, тэндээ мэдлэг шингэсэн суурьшлаа шийдэж болох байдлаар зохицуулахыг УИХ дахь эмэгтэй гишүүд ажил хэрэг болгож, яривал дээлийн хээ ярьснаас илүү үнэ цэнтэй, архины савлагааг тодруулснаас үнэн харагдана. 
Гуравдугаарт, Монгол Улсын хамгийн том нэгж бол гэр бүл. Гэр бүл бүтэн, амар тайван байж нийгэм амгалан байна. Тэр хэрээр монголын бяцхан иргэд аюулгүй өсөж, торнино. Гэтэл өдөр бүр хүүхэд тарчилсан, зодуулсан, хаягдсан, гологдсон, бэртэж хүчирхийллийн золиос болсон мэдээлэл хөвөрч байна. Үүнд анхаараач. Яагаад эхийн сэтгэл энэ бараан мэдээлэлд эмзэглэхгүй байна вэ. Яагаад акц хийхгүй байна вэ. Зэрлэг, балмад, хэрцгий, архичин, дээрэмчин, хүчирхийлэгч, хутга, буу барьчихаад танхайрдаг нөхөдтэй яагаад хуулиар нь тооцоо бодохгүй байна вэ. Төрийн төмөр нударга хүчирхийлэгчдэд яагаад ээлтэй, зөөлөн байна вэ. Хэдий болтол нялх балчируудаа зэрэмдэглүүлэх ёстой вэ.
 Дөрөвдүгээрт, төрд ажиллаж байгаа аав, ээжүүд төрийн авдраас, түмний халааснаас хулгай хийдэг тогтолцоо бүр гайхмаар, жигшмээр үзэгдэл байхаа болив. Албан тушаалтай хүн бүрийн тархи, зүрхэнд хулгайлах, хумслах, өөртөө халааслах, сейфиндээ хадгалах гэсэн авлигажсан, илүүг мөрөөдсөн, ихийг хүссэн, хувиа хичээх дүр ёс суртахуун мэт тогтчихлоо. Тэд авлига, албан тушаалын байдлаа урвуулж олсон бүхнээ газар, орон сууц, хаус, үнэт эдлэл, машин, хурдан удмын адуу, хөөрөг, уран зураг болгон зүсийг нь хувиргаад, өөрийн тонуулдаж, үгсэн хуйвалдаж олсон бүхнээ үр хүүхдэдээ өвлүүлэх байдлаар монгол хүний ухамсрыг доройтуулж, бохирдуулж байна. Үүнийг ул үндсээр нь хэрхэн засаж болохыг төрийн түшээ ээжүүд яагаад ярьж, илчилж болохгүй гэж. Мэдээж үүнийг засах түлхүүр нь хувь хүний хөгжил, суурь боловсрол, хүнлэг ёс, дэг журам. Бяцхан иргэндээ анхаарахгүйгээр Монгол Улс дээрх хөрөнгө, мөнгө шүтсэн сэтгэцийн гажуудлыг арилгахгүй. Тэгэхээр төрийн түшээ ээжүүд ээ, монгол хүнийг хэрхэн бүтээж болох боловсролын загвар гаргаач.
Тавдугаарт, гэр бүл төлөвлөлтөд яаралтай анхаар. Гэр бүл батлах журам, үүрэг, хариуцлагыг дээшлүүлээч. Хэн дуртай нь гэр бүл болж тоглодоггүй болгоё. Хариуцлагыг нь нэмье. Жолоо барьж сурахдаа, мөөг шиг олон сургуульд мөнгө төлж, дөрвөн жил сурдаг хэрнээ амьдралын хамгийн чухал сонголтоо хийхдээ ном сонсдоггүй. Архидан согтуурч байхдаа, дуулж, бүжиглэж цэнгэхдээ хэн нэгэнтэй ойртон дотносоод, үр дүнд нь хүүхдээр “шагнуулдаг”. Ийн хөнгөн явдлаас үүдэлтэй амьдрал амьдрал болохгүй сарниж, хормын төдий жаргалаас олдсон хүүхэд хогийн цэг дээр хаягдаж, цоожтой хаалганы цаана яргалуулаад дуусаж байна. 
Түшээ ээжүүд үүнд анхааръя. Аав, ээж болохын жаргал, зовлонг эн тэнцүү ярьдаг болоё. Хүн хэлэхээс нааш гэж үгтэй шүү дээ. Гэр бүл батлах явцыг гэрлийн хурдаар шийддэг биш боддог, өмнөх, хойдохоо эргэцүүлдэг, өөрөө өөрөөсөө асуудаг, үүргээ ухамсарладаг байдлаар гэрлэсний дараах хариуцлагыг нь зүрх, тархитай нь уая. Энэ талаар дуугараач. Энэ мэт нийгэмд хүлээлт үүсгэсэн сэдэв, шийдэл эрсэн асуудал, бодлого шаардсан нөхцөл байдал зуун задгай, жаран хагарай байсаар байтал бүсгүйчүүд нийгмийн харилцаа, хандлагаа мэдэрдэггүй ээ. Брэндийн дэлгүүр хэсэж, хөл дүүжилж яваа машинаараа гангарч, Зайсангийн бэл дэх тансаг харшаараа гайхуулж, өнөөдрийн өмссөн хувцсаа маргааш өмсөхгүй гэж туйлахаас өөр амьдрал Монголын хөдөөд, хүнлэг бус харилцаа давмгайлсан өрх бүрд өрнөж байна. Тэгэхээр иргэнийхээ нүд рүү хараач. Хаа сайгүй гал, дөлгүй харц, нунж дорой, өөртөө итгэлгүй төрх. Өнгө зүсгүй, гундуу дүр байдал. 
Тэдний орлого хоолондоо ч хүрэлцэхгүй байна шүү дээ. Бүр эндээс хөвөрдөж, бодож чадвал эмэгтэй гишүүдэд архины шил, дээлийн хээ, мөнгөний өөр бодлогоос өөр ярих зүйл далай, далай. Даанч тэдний минь төдийгөөс өдийг хүртэл явж ирсэн зам Баянхошуу, Дарь-Эхийн шавар, шавхайтай гудамж мэт, Улиастай, Яармагийн дэнж мэт бөглүү байсангүй. Дэндүү дардан байв. Ов мэх, дээгүүр, доогуур татаас, уянга зөөлөн хоолой, нам дагах хүсэл, намжир энхрий төрх л байвал ногоон гэрлээр гишүүний суудал халаасанд нь орчихдог “өөр” дүрэмтэй амьдрал байв. Ийм амьдралд тэдний нүд нээгдэж, сэтгэл эмзэглэхгүй ээ. Яг л хөгшин ээжийн баруун орон дээр цагариглах “Шараадай” мэт байх нь гарцаагүй.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл