Уут уут мөнгөөр улсаа худалдсан бүлэглэлүүд...

2020/07/23 40 0
 
СОНОРДУУЛГА!!!
Хөх Монголын Шудрага Иргэдээ!
С.Баяр, С.Баярцогт, Н.Багабанди нар өөрсдийгөө өмөөрөхөөс ичих хэрэгтэй! Ном бичиж тараагаад хүмүүсийн тархийг угаачихна гэж бодож байвал андуурч байна. Цаг үе өөрчлөгдсөн гэдгийг дахин хэлье. Та бүхэн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйсан чинь дээр.  Ингэснээр өөрсдийн чинь хойч үе, нийт Монголчуудын буян заяад тус нэмэр  болно.
С.Баяр, С.Баярцогт, Н.Багабанди нарын нам дамжсан луйварчид та нар дахин ард түмний толгойг угааж чадахгүй гэдгийг энд дахин сонордуулж байна!  Оюутолгойн Гэрээг Луйврын Гэрээ гэдгийг дараахь хэдэн тооноос дунд ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгоно.
Нэг. Нүүрсний ордоос бага ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг зэсийн орд зөвхөн Монголд л байдаг.
Оюутолгой ХХК олборлон экспортолж байгаа зэсийн баяжмалынхаа борлуулалтын орлогоос зөвхөн 5 хувийн АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ыг Монгол улсад төлдөг. Энэхүү 5 хувийн АМНАТ нь зэсийн үнэ зах зээл дээр яаж ч нэмэгдсэн гэрээ хүчинтэй байх хугацаанд өөрчлөгдөхгүй. Гэтэл Эрдэнэт компанийн зэсийн үнэ зах зээл дээр 1тн нь 5600 ам.доллараас доош бол 5 хувийн АМНАТ, дээшээ болохоор үнийн өсөлтөөс хамаараад АМНАТ нэмж төлдөг. Эрдэнэт ХХК нь 1 тн зэсийн үнэ зах зээлд 8000-9000 ам.доллар байхад 15 хувийн АМНАТ төлж байжээ. Гэтэл Оюутолгой  компани нөгөө л 5 хувийнхаа АМНАТ төлж байв. Нэг хувийн АМНАТ нь ойролцоогоор 4-5 хувийн ашгийн татвар (Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-ААНОАТ)-тай тэнцэнэ. Үүнээс Эрдэнэт компани зах зээл дээр зэсийн үнэ сайн үед дунджаар 60 хувийн ашгийн татвартай тэнцэх 15 хувийн АМНАТ төлж байсан бол 、Оюутолгой компани 20 хувийн ашгийн татвартай тэнцэх хэмжээний 5 хувийнхаа л АМНАТ төлж байна. Энэ асуудал дээр тухайн үеийн УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл 2009 оны 9 дүгээр сард Оюутолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ зэсийн үнийн өсөлтөнд ноогдуулж байсан 68 хувийн ААНОАТ (Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар)-ын хууль хүчингүй боллоо. Иймд Засгийн газар 68 хувийн татварыг орлох АМНАТ-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийг яаралтай өргөн бариарай, үүнийг чинь Оюутолгойн гэрээнд тусгах нөхцөлтэйгээр гэрээний төслийг УИХ дэмжлээ шүү гээд алхаа цохиж байсан бичлэг телевизүүдээр цацагдаж байсан юм. Ингээд Оюутолгойн гэрээний төсөл нь 2009 оны 9 сард УИХ-аар дээрх нөхцөлтэйгээр дэмжигдэж,  2010 оны 4 дүгээр сарын 5-аас хүчинтэй мөрдөгдөж эхлэхээр болсон. Гэтэл С.Баяр олон нийтийн анхаарал Оюутолгойд төвлөрсөн үед ар хударгаар нь улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон Таван толгойн ордын өрөм болсон Ухаа худгийн хэсгийг Сү.Батболд болон МСS компанид тасдаж өгчихөөд, Сү.Батболдод ерөнхий сайдаа бэлэглээд яваад өгөв. Тэгээд Сү.Батболд нь 2009 оны 10 дугаар сард Ерөнхий сайд болж, ЗГХЭГ-ын даргаар Ч.Хүрэлбаатар (Одоогийн сангийн сайд) томилогдож, Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар Д.Зоригт, Сангийн сайдаар С.Баярцогт ажиллан, нийтлэлч  Баабар нь гэрээнийхээ дагуу Оюутолгойн гэрээг магтах дуулах PR-ийнхаа ажлыг тус тус үргэлжлүүлэв.
Гэтэл 2010 оны 4 дүгээр сар болсон ч Сү.Батболдын Засгийн газраас үнийн өсөлтийн 68 хувийн татварыг бага ч гэсэн орлох АМНАТ-ыг нэмэгдүүлэх хуулийн төслөө өргөн барилгүйгээр УИХ-ыг хулхидаж орхив. Уг нь зах зээл дээр ашигт малтмалын үнэ өссөн нь ашиглалтын лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагаатай шууд холбоогүй тул тухайн улс авах татвараа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг. Энэ нь олон улсын хэмжээнд нэгэнт тогтсон жишиг юм билээ. Гэвч манай улсад хэрэгжиж буй Оюутолгойн төсөл дээр ор тас хөдөлгөөнгүй болж хадагдан үлдэв.
Бас нэг харамсалтай гэрээний заалт бий. Юу гэвэл, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, энэ төслийг дангаараа удирддаг Рио тинто компанийн менежментийн багийн авдаг менежментийн төлбөр гэж лут юм байгаа. Менежментийн төлбөрийн хэмжээ нь үйлдвэр ашиглалтанд орохоос өмнө бол компанийн үйл ажиллагааны зардал дээр хөрөнгийн зардлыг нэмсэн зардлаас 3 хувь, үйлдвэр ашиглалтанд орж ажиллаж эхэлснээс хойш бол өмнөх зардлуудынхаа нийлбэрийн 6 хувь гэж заажээ. Ер нь энэхүү менежментийн төлбөрийн хэмжээ нь байнга тогтмол байх 5 хувийн АМНАТ-ийн 60-70 хувьтай тэнцдэг гэдэг л дээ. Ингэхээр менежментийн төлбөрийг АМНАТ-аас суутгаж тооцвол ердөө зэсийн баяжмалын борлуулалтаас байнга 1.5 (5 %-н 70 % нь  3.5 %, 5%-3.5%=1.5 %) хувийн л АМНАТ авна. Угаасаа 130 долларын үнэтэй нүүрснээс 5 хувийн АМНАТ авдаг бол, дунджаар 6500 долларын үнэтэй нүүрснээс 50 дахин үнэтэй зэснээс 1.5 хувийн АМНАТ ашигласан төлбөрийг хамгийн богинодоо 60 жил буюу түүнээс урт хугацаанд авна гэж гэрээлэх нь эрүүл хүний ухаанд багтах уу.
Ер нь хөрөнгө оруулагч компанийн гадаадын энгийн ажилтан, ажилчид Монголчуудаас 4-5 дахин илүү цалин, дарга нар 10-20 дахин илүү цалин хангамж авахаар байгааг мэдсээр байж ийм өндөр менежментийн төлбөр төлөх ямар ч шаардлагагүй нь ойлгомжтой. Гэтэл уг гэрээг Айванхоу майнз компанитай хийж байх үед хөрөнгө оруулагч тал санаачлаагүй байхад Монголын талын ажлын хэсгийн гишүүн нэг сайд нь төсөл хөдлөөд эхэлмэгц бид татвараа аваад явчих нь гэтэл та нар минь хөрөнгөө оруулчихаад нилээд удаж байж ноогдол ашгаа авч эхэлнэ, иймд та нар менежментийн төлбөр авах хэрэгтэй хэмээн ярьж байсан тухай яриа ч байдаг. Тэгвэл үүнийг яагаад шалгаж ирүүлэхгүй байна вэ?
Хоёр. Монгол улсын Засгийн газар Оюутолгойн Гэрээний Санхүүгийн Зөвлөхөөр Хөрөнгө Оруулагчтай Ашиг Сонирхол Нэгтэй Компанийг Сонгосон нь манай улсын  болоод Олон Улсын Хууль Журмыг ноцтой зөрчсөн.  

Оюутолгойн гэрээний санхүүгийн зөвлөхөөр Goldman sach group компанийн 100 хувийн охин компани болох Asia Goldman sach компанийг сонгож Монголын талын ажлын хэсгийн ахлагч Д.Зоригттой зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан байлаа. Тэгээд энэ гэрээнд Asia Goldman sach компани Монголын УИХ, Засгийн газрын өмнө ямар нэг хариуцлага хүлээхгүй заалт оруулсан. Бас нэг гайхалтай нь Asia Goldman sach компанийн толгой компани болох Goldman sach group компани нь тэр үеийн Оюутолгойн төслийн гол хөрөнгө оруулагч Айванхоу Майнз компанийн томоохон хувьцаа эзэмшигч байж байгаад, гэрээ байгуулсны дараагаар хувьцааны арилжаанаас 800 сая ам.долларын ашиг хийсэн гэдэг. Ийм луйврын сонирхолын зөрчилтэй үйл ажиллагааг олон улсын хууль дүрмээр хатуу хориглосон байдаг. Нөгөөтэйгүүр, Айванхоу Майнз-ийн эзэн Р.Фрийдландтай Монголын талаас хамгийн сайн нөхдүүд гэвэл Н.Багабанди, М.Энхсайхан нар юм. Ийм сэжүүрээс хөвж хөөгөөд, улам ухаад байвал нэлээд олон баримт гарч ирнэ. 
Гурав. Монгол улсын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг Оюутолгой компанийн зардлыг хянаж чаддаггүй.  
Энэ компани гүйцэтгэх удирдлагын багаа 100 хувь өөрсдөө бүрдүүлж, Хөрөнгө Оруулагч тал зардалаа өсгөж ашиг олохыг хүссэн зоргоороо хийсээр байна. Уг нь манай Засгийн газар Оюутолгой компанийн зардлыг огт хянаж чаддаггүйдээ ч биш,  харин хянах сэтгэлгүй, Хөрөнгө оруулагч талтай ашиг сонирхолын хувьд ойролцоо Н. Багабанди нарын хүмүүсийг Оюутолгой  компанийн ТУЗ-ийн гишүүнээр мэдсээр байж тавьдагтай шууд холбоотой юм.  Монголын ард түмнийг арай дэндүү доромжлоод байгаа юм биш үү.
2010-2012 оны хооронд Оюутолгой төслийн ил уурхайн төсөл амжилттай хэрэгжив. Гэхдээ гэрээнд заагдсан төслийн зардлын 4 тэрбум ам.долларын зардал нь 6.8 тэрбум ам.доллар болж 70 хувиар өссөн байна. Энэ нь Монгол улсын 2019 оны  бүтэн нэг жилийн төсвийн орлогын 70 орчим хувьтай тэнцэх хөрөнгө гэсэн үг. Энэ талаар тухайн үед Австралийн парламентийн гишүүн асан С.Лудлам “Нэг тэрбум ам.долларын авилгалыг Монголын улс төрийн бүлэглэлд зориулсан” хэмээх мэдэгдэл хийж байлаа.
Ил уурхайн ТЭЗҮ-ээр бол Монгол улс 34 хувийн ногдол ашгаа 2021 оноос эхэлж авахаар байсан юм. Гэтэл Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарын үсэг зурж ирснийхээ дараахан УИХ-д мэдээлэл хийхдээ “Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн учир бид 2039 оноос ноогдол ашгаа авч эхлэнэ” гэж мэдэгдэв. Үүнийг эдийн засагч гэх халзан Да.Ганболд өмнө нь ийм уурхайн эдийн засагч хийж байсан юм шиг өөртөө итгэлтэйгээр тайлбарлах гэж оролдсоор яваа нь ч бас инээдтэй юм. Харамсалтай нь тийм зүйл байхгүй ээ. Ил уурхай болон Далд уурхайн ТЭЗҮ бол тус тусдаа зүйл бөгөөд ашиг, зардал, орлого нь ч мөн тусдаа байдаг. Иймд Халзан Да.Ганболд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүүн болж өндөр цалин, хангамж аваад улсаа худалдсан гэдгээ одоо үнэн зөвөөр өчсөн нь дээр л дээ…
Дубайн гэрээ хийгдсэнээр энэ төсөл дэх Монгол улсын эрх ашиг үнэхээр бүрхэг болсон… Оюутолгой компанийн ТУЗ-д Н.Багабанди, Да.Ганболд нарын оронд эх орноо гэсэн сэтгэлтэй эгэл жирийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч  очсон бол бид лав тэгтлээ доромжлуулахгүй байлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарыг үсэг зурж буцаж ирснийхээ дараа тун цөөхөн хоногийн дотор Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх 400 орчим сая ам.долларын гэрээнд MCS компанийн эздээр гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл бий. Үүнийг нь нөгөө бүтээн байгуулалтанд шингэсэн авилгал гэж хардахаас өөр аргагүй юм. Өмнөх Ил уурхайн бүтээн байгуулалтанд MCS компани бараг оролцоогүй гэдэг. Харин С.Баяр, Н.Багабанди нарын холбоотой Петровис компани Оюутолгойн хэрэглэдэг шатахууны ихэнхийг нийлүүлсээр ирсэн нь үнэн биз. Ийм байдлаар МCS компани Монгол улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд онцгой нөлөөтэй Таван толгой болон Оюутолгойн ордын хувь заяагаар тоглоход оролцсоор байна. Арай хэтэрхий даварч байгаа юм биш үү.
Монголчууд одоо юун түрүүнд уут уут мөнгөөр улсаа худалдсан байж болох МАНАН+ МCS-ийнхэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд  Оюутолгой болон Таван толгойн ордод нөлөөгөө бүрэн тогтоосноос гадна Эрдэнэтийн 51/49 хувьтай холбоотой луйвар, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Сэлэнгэ аймаг дахь Монголын хамгийн том төмрийн орд Төмөртэйг гартаа хийчихсэн сууж байгаа шүү дээ.
Оюутолгой болон ард түмний хөрөнгөөр олж илрүүлсэн хэд хэдэн стратегийн ордыг МАНАН+ MCS хэрхэн буруу замаар оруулж Монголчуудыг хохироосныг тооцож гаргавал хэдэн арван тэрбум доллар болох байх. Ийм луйвар бодитой байсаар байхад манай хууль хяналтын байгууллага юу хийж байдаг юм бэ.
Гэхдээ монголчууд тэдний мөнгийг дийлэхгүй болсон ч хууль, шудрага ёсыг хатуу сахиж, эх орноо, хойч үеэ аврах эрхэм үүргээ арай ч умартаагүй яваа шүү.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюу-Эрдэнэ та хоёр Оюутолгойн ТУЗ-өөс луйварчин Н.Багабандийгаа зайлуулж чадахгүй байж хоосон шудрага дүр эсгэж  тоглоод хэрэггүй ээ…
Б.Отгонбаяр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл