Сонгуулийг хойшлуулъя

2020/05/01 42 0

Улс төрийн ууган хүчнээс эхлээд эвсэж, нэгдсэн жижиг намуудад сонгуульд оролцох лидерийн болоод эв нэгдэл, үзэл санааны чадамж алга. Бүтэц, бүрэлдэхүүн, мөрийн хөтөлбөрийн чиг шугамгүй, ард түмэндээ нүүр бардам бариад харуулчих төлөвлөгөө ч үгүй намуудад энэ бүхнээ цэгцлэх хугацаагүй “чөлөө” олгоё. Энэхэн зуурт цаг тайван болог. Цар тахал, дэлхий нийтийг хамарсан аюулт өвчний айдас намжиг.
Энэхэн сиймхийг ашиглаад улс төрийн намууд ч ойр зуурын хэрүүл, маргаан, хагарч, бутарсан эвээ зангидаад, дотооддоо ойлголцолд хүрнэ биз ээ. Нэгэн дээвэр дор, олон ургальч үзлээрээ зангидагдаж байх ёстой намууд гишүүдгүй болсноо гайхуулж байх энэ цаг дор монголчуудад сонголт хийх нөхцөл даанч алга. Эв нь хагарч, ир нь мохсон залуус дэмий л намынхаа байрыг гороолж, гүйх нь даанч ичмээр байгаа тул сонгуулийг хойшлуулъя. 
Намын бодлого цөөн хэдэн даргын гарт төвлөрсөн энэ үед иргэд л түүхий бодлогын боол болж, ирээдүйгээ харууслын дэнчинд тавих эрсдэлтэй цаг үетэй тулж байгаа тул сонгуулиа хойшлуулъя. Төр залуурдах түшээгээ сонгоно гэдэг дэлхий нийт олуулаа хямарчихаад байгаа энэ цаг үед хариуцлагатай, долоо хэмжиж нэг огтлох нөхцөлд өрнөх ажил билээ. Энэхэн зуурт намууд бутарчихаад байгаа гал тогоогоо цэгцэл. Будилчихаад, яахаа мэдэхгүй эргэцээж байгаа залуусаа багцал. Энэ бол энх цагийн сонголт биш. Тайван цагийн төрийн бүрдүүлэлт бүр биш. Тиймээс иргэдэд зөв сонголт хийх хугацаа олгох зайлшгүй шалтгаан байна. Сонгуулийг хойшлуулах хууль эрх зүйн орчин ч бий.  Дэлхийг хэрсэн цар тахлыг намжтал олон намууд гал тогоогоо цэгцэл, цэвэрлэ. Тиймээс сонгуулийг хойшлуулъя.     
Монголд өдгөө 15 нам, дөрвөн эвслийн Аудитын байгууллагад хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр хүргэгдсэн байдаг ч эдгээр нь яагаад ч хөрсөнд бууж, амьдрал дээр биелэх боломжгүй, хэтэрхий хөөсөрсөн, бэлэн мөнгөний амлалтаар “хахсан”, мөрөөдлийн хөтөлбөр байсныг Үндэсний аудитын газраас зарлачихсан шүү дээ. Бүтэн дөрвөн жил “нухаж”, 21 аймаг нийслэлийн есөн дүүргээр явж, хөрөнгө мөнгө зарсан мөрийн хөтөлбөр нь ийнхүү Аудитын босго ч даваагүй, унасан.  Дөрвөн жил хөнжилдөө хөлөө жийлцсэн улс төрийн намууд хаана хаанаа парламент бүрдүүлэх хэмжээний бэлтгэл хангаагүй нь үүгээр нотлогдсон.
Монгол Улсын дөрвөн жилийн бодлогыг залах гол хоёр нам ч мөрийн хөтөлбөр гэх хийх ажлын жагсаалтгүй суугаа нь даанч гутмаар. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд ийм боломж бий. Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлээр онц байдал зарлаж болох хоёр тохиолдлуудыг зохицуулсан байдаг.
Тодруулбал, 25.2.1-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон”, 25.2.2-т “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон” гэж бий.
Мөн 25.3-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж зохицуулжээ. Тэгэхээр хуулийн хүрээнд сонгууль хойшлогдох боломжтой юм.
Б.МӨНХ, NPost.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen