Г.Батсуурь: Амьдрах нөхцөл, дэд бүтцийг сайжруулснаар Говьсүмбэр аймгийн хүн ам жил бүр нэмэгдэж байна

2019/06/07 32 0

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьтайцаг үеийн асуудлаар ярилцлаа. Дөрвөн  аймгийн есөн сумтай хиллэдэг тус аймаг дэд бүтэц, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хөгжихөөр хөгжлийн тэргүүлэх салбараа тодорхойлжээ.

-Говьсүмбэр аймгийн онцлог зүйл, өрсөлдөх чадварын талаар яриагаа эхлэх үү?
-Говьсүмбэр аймаг Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах  боломжтой. Учир нь дэд бүтэц, зам харилцаа гээд бусад өрсөлдөх чадвар, эдийн засгийн хүрээгээрээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломж нь бүрдсэн газар.
Нийт 554,1 мянган га газар нутагтай, 5364 өрхийн 17400 хүн амтай, засаг захиргааны гурван сум,10 багтайгаар  иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.
Эдүгээ дөрвөн аймгийн есөн сумтай хиллэж Дундговь аймгийн Цагаандэлгэр, Өндөр шил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Хэнтий аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан сумын иргэдэд эрүүл мэнд болон ерөнхий боловсрoлын үйлчилгээг үзүүлж буй.
-Хөгжлийн тэргүүлэх чиглэлээ дэд бүтэц, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр тодорхойлжээ. Дэлгэрүүлж яривал?
-Дэд бүтцээ дагаж хөгжих нь манай аймгийн хувьд хамгийн чухал. Тиймээс дэд бүтэц, тээвэр ложистик, экспорт, импортын тээврийн үйл ажиллагаа, худалдаа үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлийн аж ахуй нэгжийг дэмжих нь тэргүүн зорилт юм.
Үүний дагуу “Дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Дараагийн тэргүүлэх салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Өмнөх нийгмийн үед манай аймагт каракул үүлдрийн хонины сангийн аж ахуй ажиллаж байсан. Өнөөдөр ч ажиллаж байна.
Бидкаракул хониныхоо удам угсаа, үүлдрийг сайжруулах зорилгоор 2018 онд Казахстан Улсаас 268 хонийг авчирч үржүүлснээр эхний төлөө хүлээн авлаа. Төл эрүүл саруул бойжиж байна. Мөн дараагийн тэргүүлэх салбар аялал жуулчлал.
Бид энэ жил “Боржигин” наадмаа зохион байгуулахдаа эрийн гурван наадмаар биш аймгаа сурталчлах зорилгоор аялал жуулчлалын чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Говьсүмбэр аймагт ирж байгаа гадаад дотоодын жуулчны  тоо  жилээс жилд өсч байна.
-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн өрнүүлж байна вэ?
-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг жилээс жилд нэмэгдүүлж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Үүнээс дурьдвал 2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7.6 тэрбум төгрөгийн ажлыг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.4 тэрбум, 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 800 сая, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.8 тэрбум төгрөгийн ажлыг, 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 800 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.6 тэрбум төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгээд буй.
Энэ жилийн тухайд?
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11.9 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.4 тэрбум төгрөгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр улсын болон орон нутгийн төсөвт тусгууланажилласан.
Худалдан авах ажиллагааны явцыг харахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 23 ажлын тендер зарлахаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 17 ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 19 ажлыг цахимаар ил тод нээлттэй зарлалаа.
Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 16 ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
-Нийгмийн чухал салбар болох сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хөрөнгө оруулалт ямархуу байгаа бол?
Боловсролын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Боловсролын салбарын хөгжлөөр 2017 онд бид 21 аймгаас 20-т жагсаж байсан бол  дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр ажлын үр дүн гарч 2018 оны үзүүлэлтээр улсад долдугаарт байрт орсон.
Багшийн багшлах мэргэжил арга зүйг сайжруулах, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх чиглэлээр ажилласан. 2019 оны хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн шинэ сургууль барихаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэгч компани шалгарч ажлаа эхлээд байгаа.
Энэ бол манай аймгийн хувьд томоохон бүтээн байгуулалт. Мөн мэргэжлийн ур чадвар сайтай гадна дотны багш нарыг урьж, гүнзгийрүүлсэн анги танхимыг нээж хүүхдүүдийн сурах, амжилт гаргах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил Сүмбэр сумын гуравдугаар багт байрладаг тавдугаар цэцэрлэгт өргөтгөл хийх ажлыг эхэллээ. Ингэснээр тухайн багт амьдарч байгаа айл өрхийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ.
-Говьсүмбэр аймгийг тойрсон гадны аймгийн есөн сумын хүүхдүүд танайд шилжин суралцдаг гэж сонслоо?
-Говь сүмбэр аймагтай хиллэдэг дөрвөн аймгийн есөн сум байдаг. Дээрх сумдаас манай аймагт хэчнээн хүүхэд сурдаг тухай тоог гаргахад 640 болсон.
Шинэ сургууль барьж буй нь үүнтэй ч холбоотой. Дэд бүтэц, зам харилцаа гээд хүн амьдрах орчин бүрдсэн манай аймгийн нийт хүн амын 60 гаруй хувь нь орон сууцанд амьдардаг.
Бусад аймгуудтай харьцуулахад орон сууцны айл өрхүүд 24 цагийн халуун, хүйтэн ус хэрэглэж буйгаас гадна нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртэж байна. Дэд бүтэц, нийгмийн болон эдийн засгийн өргөн хүрээний үйлчилгээнээс шалтгаалж Говьсүмбэр аймагт хүүхдээ сургах, мөн  иргэд өөрсдөө энд ажиллаж хөдөлмөрлөх сонирхол их байна.
Сүүлийн хоёроос гурван жилд хүн ам тогтмол нэмэгдэж буй төдийгүй зах зээл, шилжин суурьших үйл явц, хүн амын суурьшилд түшиглэж Говьсүмбэр аймгийн эдийн засаг хүрээгээ тэлж буй. Орон нутагт төвлөрөх татвар хураамж ч нэмэгдлээ.
-Эрүүл мэндийн салбарт хэрхэн хөрөнгө оруулж байна?
-Бид өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарал хандуулж хөрөнгө оруулалт хийж ажилласан.
Эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн амбулаторийн дотоод хэсэгт засвар хийх, хүүхдийн эмнэлэгт гадны байгууллагын хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийж хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангах, иргэдийн тохь тухтай орчинд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх боломжийг хангаж ажиллалаа.
Эдүгээ Сүмбэр сумын нэгдүгээр багт  Нэгдсэн эмнэлгийн 100 ортой хүн эмнэлгийн барилгын ажлыг барьж байна. Өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Бид аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудтай жил бүр уулзалт зохион байгуулж хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, боловсон хүчний талаар санал бодлоо хуваалцдаг. Шинэ эмнэлэг ашиглалтад ороход боловсон хүчин дутмаг.
Тиймээс энэ жил боловсон хүчнийг хангах асуудлаар холбогдох яам, бусад байгууллагуудтай хамтарч дутуу орон тоог нөхөх, цалингийн санг улсын төсөвт суулгахаар ярилцаж байна. Энэ жил бид 11 шинэ эмчийг хүлээн авч хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
-Аймгийн төвийн хэмжээний дэд бүтцийг сайжруулах засвар шинэчлэлийн ажлыг хэрхэн өрнүүлж байна  вэ?
-Иргэдийн эрүүл тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гурван чухал бодлого дэвшүүлэн ажиллаж байна.
Нэгдүгээрт манай аймгийн усны чанар тааруу, хатуулаг ихтэй учир усыг цэвэршүүлж хэрэглэх шаардлага гардаг. Тиймээс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хатуулаг ихтэй ус хэрэглэж байгаа нэгдүгээр багт цэвэр усны шугамын эх үүсвэр дээр шинэ тоног төхөөрөмж суурилуулж асуудлыг бүрэн шийдвэрлэж байна.
Хоёрдугаарт цэвэрлэх байгууламж. Манай аймгийн цэвэрлэх байгууламж баруун талд байдаг учраас хавар болохоор Улаанбаатарынх шиг үнэр гардаг асуудал бий.Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил шугамыг шийдвэрлэсэн бол энэ жил Полшийн Засгийн газрын санхүүжилтээр цэвэрлэх байгууламж барихаар болсон.
Нийт хүн амын 50 гаруй хувь амьдардаг гуравдугаар багийн “Найрамдал" хотхоны халаалтын асуудал хүнд байсныг бид хоёр жилийн өмнө шийдвэрлэсэн. Одоо оршин суугчид 24 цагийн турш халуун усаар хангагдаж өвлийн нөхцөлд даарч хөрөхөөргүй амьдарч байна.
Хүний амьдрах нөхцөл байдлыг сайжруулснаар сүүлийн жилүүдэд иргэд Говьсүмбэр аймагт олноор суурьшин амьдарч байна.Энэ жил гэр хорооллыг цэвэр усны шугамд холбох, авто зам болон дугуйн замыг барих, 180 айлын шинэ орон сууц барих, жижиг дунд үйлдвэрийн барилгыг шинээр барих, “Цэргийн алдар” хөшөөт цогцолборыг барих гээд ажил  ундарч байгаа бол гадны хөрөнгө оруулалтаар дулааны станц шинээр барина.
Мөн манай аймагт 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр, гангийн үйлдвэр баригдах бол тээвэр ложистикийн чиглэлээр олон аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орсноор үүнийг дагаад олон шинэ ажлын байр бий болж, хүн ам өсч, нийгмийн бусад салбаруудад хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой.
- Аймгийн төсвийн орлого нэмэгдэж байна уу?
Жил бүр аймгийн орлогын төлөвлөгөө биелж эдийн засаг 2-10 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Мал аж ахуй болон нийгмийн бусад салбарт ахиц дэвшил гарч эхэллээ.
Улсаас татаас авдаг аймаг байсан бол улсын төсөвт орлого оруулж, цаашдаа орлого бүрдүүлэлтээрээ өөрөө өөрийгөө авч явах нөхцөл бүрдэж эхэлсэн нь төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний уялдаа холбоо, хамтын ажиллагааны үр дүн юм.
Одоогоор Говьсүмбэрт татвар төлөгч 554 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж аймгийн төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Бид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Үндсэн чиглэлийнхээ биелэлтийг хангахын төлөө  тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen