Коронавирусний эсрэг БНХАУ-ын тэмцлийн талаарх зургаан баримт

2020/05/25 74 0
Хятадын Хубэй мужийн Ухань хот дахь Уханийн спортын төвийг түр эмнэлэг болгосон нь.
2020 оны 2 дугаар сарын 12-нд авсан зураг. (Синьхуа / Сяо Йижиу)

 
БЭЭЖИН. /Синьхуа/. КОВИД-19 цар тахал дэлхий дахиныг түгшээсээр байна. Ийм эгзэгтэй цаг үед барууны шүүмжлэгчид энэ цар тахлыг хэрхэн давж гарах вэ гэдэгт анхаарлаа хандуулвал зохистой байтал Хятад улс руу хуруугаараа чичилсээр байгаа юм.
Хоосон ярианаас баримт илүү хүчтэй. Тиймээс “Синьхуа” агентлагийн сэтгүүлчид шинэ коронавирусний эсрэг Хятад улсын тэмцлийн талаарх үнэн бодит мэдээллийг баримтад тулгуурлан олон нийтэд хүргэж байна. 
 
Нуун дарагдуулсан уу, эсвэл ил тод мэдээлсэн үү?
Шинэ коронавирусний цар тахал нь бүх улс орны хувьд томоохон сорилт болж байна. Коронавирусний тархалттай нүүр тулгараад буй энэ үед хүмүүс уйгагүй эрэл хайгуул, туршилтаар шийдлийг эрэлхийлэх нь чухал.
Коронавирусний тархалтын эсрэг Хятад улсын хариуцлагатай үйлдлүүд нь дэлхий дахинд эрт анхааруулга өгсөн гэхэд болно.  Хятад улс коронавирусний тархалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) аль болох эрт мэдэгдэж, вирусний генийн дарааллыг бусад улс оронтой хуваалцаж, уг вирусийн эсрэг тэмцэхэд олон улстай идэвхтэй хамтран ажилласаар байна. 
Шинэ коронавирус дэгдсэнээс хойш Хятадын Засгийн газар цар тахлын талаарх мэдээллийг цаг тухайд нь,  нээлттэй бөгөөд ил тодоор нийтэд хүргэсээр байгаа юм.
Уг вирусний тархалтын талаарх мэдээллийг Хятад улс ДЭМБ, холбогдох улс орнууд болон өөрийн улсын засаг захиргааны тусгай бүсүүд болох Хонконг, Макаотай болон Хятадын Тайваньтай 2020 оны нэгдүгээр сарын 3-наас хуваалцаж эхэлсэн. Мөн нэгдүгээр сарын 3-наас Хятад улс вирусийн тархалт, хариу арга хэмжээний талаарх мэдээллийг АНУ-д тогтмол өгч эхэлсэн билээ.
Нэгдүгээр сарын 11-нд Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв нь шинэ коронавирусийн генийн таван дарааллыг өөрийн цахим хуудастаа байршуулж, дэлхий дахинд түгээсэн.
Хятадын Төрийн зөвлөлийн хамтдаа урьдчилан сэргийлж, хянах механизмын хүрээнд тус улс шинэ коронавирусний тархалтын талаарх хэвлэлийн бага хурлыг нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өдөр бүр хийсээр байна.
БНХАУ болон ДЭМБ-ын шинжээчдийн хамтарсан баг хоёрдугаар сард Хятадад есөн өдөр ажиллаж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан. Тус багийн гишүүд хэлэхдээ “Шинэ коронавирусний эсрэг Хятадын авч хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүд нь уг цар тахлын хурдыг сааруулахад ихээхэн тус болж байна” гэсэн юм.
ДЭМБ шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор олон улсын хэмжээнд онц байдал зарласны дараа буюу нэгдүгээр сарын 30-нд тус байгууллагын  ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурал хийхдээ “Хятад улс цар тахлын эсрэг хариу арга хэмжээний шинэ стандартыг тогтоож байна. Энэ бол хэтрүүлэг биш юм” гэж хэлсэн билээ.
Мөн шинэ коронавирусний тархалттай тэмцэх чиглэлээр ажиллаж буй АНУ-ын баг бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж буй доктор Энтони Фаучи гуравдугаар сарын 22-нд “Сайенс” сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагадаа “Хятад улс гурван сарын өмнөөс АНУ-д шинэ коронавирусийн тархалтын талаар анхааруулах ёстой байсан юм гэж хэлэхийг хүмүүс надаас шаардахад би татгалзсан. Цар тахал дэгдэхийг тэгэж эртнээс урьдчилан харж, анхааруулах боломжгүй шүү дээ” гэжээ.
 
Боломжийг алдах уу, эсвэл үнэт цаг хугацааг ашиглах уу?
Хятад улс шинэ коронавирус тархаж эхэлснээс хойш уг вирусийн дэгдэлтийн “эхний давлагаа”-г зогсоохын тулд бүх хүчин чадлаа дайчилсан. 
Шинэ коронавируст хамгийн их нэрвэгдсэн Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн төв Ухань хотод 76 хоног хөл хорио тогтоосон бөгөөд Хятад даяар шинээр халдвар авагсдын тоо эрс буурсны дараа буюу дөрөвдүгээр сарын 8-нд хөл хориог цуцалсан билээ.
Коронавирусний эсрэг тэмцлийн хүрээнд Хятад улс Ухань хотдоо хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд нийтдээ 2600 ор бүхий хоёр эмнэлэг барьж, бялдаржуулах төвүүд болон үзэсгэлэнгийн танхимууд зэргийг ашиглан 13 мянган ор бүхий 16 түр эмнэлгийг байгуулсан юм. 
 
Мөн тус улсын өнцөг булан бүрээс 42 мянга гаруй эмнэлгийн ажилтан Хубэй мужид очиж ажилласан билээ. Тэмцлийн оргил үед Хятадын эрчимт эмчилгээний 10 эмч тутмын нэг нь Ухань хотод ажилласан байна. 
Хэдхэн сарын өмнө Хятад улс шинэ коронавирусний эсрэг улайран тэмцэж байхад Европын улс орнууд болон АНУ-д уг вирусний халдварын цөөхөн хэдэн тохиолдол бүртгэгдэж байсныг бид бүгд мэднэ. Гуравдугаар сарын эхэн үеэс Европ болон АНУ-д вирус эрчимтэй тархаж эхэлсэн. 
АНУ, Их Британи болон Хятадын судлаачдын нэгэн нийтлэл саяхан “Сайенс” сэтгүүлд нийтлэгджээ. Уг нийтлэлд “Хятад улс хяналтын арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж, вирус дамжуулалтын гинжийг тасдаж, бусад хотоо үнэт цаг хугацааг ашиглан аварч чадсан” гэсэн байна. 
Хятад даяар нөхцөл байдал сайжирч буй энэ цаг үед АНУ болон Европ нь шинэ коронавирусний цар тахлын голомт болоод байгаа нь харамсалтай.  Шинжээчдийн хэлснээр, Хятад улсын хожсон бараг хоёр сарын хугацааг улс төрчдийнхөө буруу тооцооллын улмаас зарим улс орон алдсан. 
Анагаах ухааны “Ланцет” сэтгүүлийн эрхлэгч Ричард Хортон гуравдугаар сард “Би-Би-Си” телевизэд ярилцлага өгөхдөө “Хятадаас өгч буй мессеж маш тодорхой... Бид хий дэмий ярьж, гараа хумхин суусаар хоёрдугаар сарыг алдсан... Энэ бол маш харамсалтай хэрэг” гэсэн юм. 
 
Геополитикийн хэрэгсэл үү, эсвэл тусламжийн гар уу?
Хятад улс шинэ коронавирустэй тэмцэхэд хандив тусламж өгөх нэрийдлээр олон нийтийн санаа бодлыг өөртөө татаж, цар тахлыг нөлөөгөө нэмэгдүүлэх геополитикийн хэрэгсэл болгож байна гэж Барууны зарим шүүмжлэгч үзэж байна.
“Бусад улс орон цар тахалтай  нүүр тулан тэмцэж байхад Хятад улс юу ч хийхгүй, зүгээр хараад суугаад байх хэрэг үү? Эсвэл тэд өөрсдийгөө Хятад улсаас илүү ихийг хийж чадна гэж бодож байна уу? Энэ цар тахлын үед бусдад туслах нь та өөрөө өөртөө тусалж байна гэсэн үг юм” гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэлсэн юм.
Шинэ коронавирусний эсрэг олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 20 сая ам.долларыг ДЭМБ-д хандивлаж буйгаа Хятад улс гуравдугаар сарын 7-нд зарласан билээ.
Хятадын Засгийн газар одоогоор 120 улс, олон улсын дөрвөн байгууллагад мэс заслын маск, хамгаалалтын хувцас болон оношлуур зэрэг эмнэлгийн хэрэгслүүдийг хандивлаад байна. 
Мөн Хятадын муж, хотуудын засаг захиргаанаас  50 гаруй улс орны эгч, дүү хотууддаа вирусийн эсрэг хэрэгслүүдийг хандивлаад байгаа бол Хятадын компаниуд 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагад хандив тусламж өгчээ.
Мөн Хятад улс КОВИД-19 цар тахлыг дарахад туслахын тулд Иран, Ирак, Итали, Серби, Камбож, Пакистан, Лаос, Венесуэл болон Мьянмар зэрэг улс орон руу эмч мэргэжилтнүүдийн багаа илгээгээд байгаа юм.
Бүрэн бус статистик мэдээнээс үзвэл, Хятад улс 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагын мэргэжилтнүүдэд зориулан цахим хурал хийж, коронавирусний цар тахалтай тэмцэж буй арга барил, туршлагаасаа хуваалцаад байна. Оролцогчид эдгээр цахим хурлыг “нээлттэй, ил тод, мэдээллээр баялаг, мэргэжлийн түвшний хурал уулзалтууд болсон” гэж сайшаан үнэлцгээж байна. 
Түүнчлэн, Хятад улс шинэ  коронавирусний оношилгоо, эмчилгээний протоколын долоо дахь хувилбар, урьдчилан сэргийлэх, хянах протоколын зургаа дахь хувилбарыг гаргажээ. Тус улс эдгээр протоколоо олон хэл рүү орчуулан ДЭМБ болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцаж байна. 
“Хүмүүсийн ирээдүй, хувь заяаг холбосноор улс орнууд эв санаагаа нэгтгэх замаар сорилтыг даван туулж чадна” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлжээ.
Хятад улс шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хянах чиглэлээр хөгжиж буй улс орнуудтай туршлага солилцож, вирусийн эсрэг бүтээгдэхүүнүүд хандивлаж буйг бид бүхэн сайшааж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш гуравдугаар сарын 12-нд хэлсэн юм.
 
Булхайн аргаар мөнгө олж байна уу, эсвэл өдөр шөнөгүй ажиллаж байна уу?
Коронавирусний цар тахлыг “эдийн засгийн ашиг хонжоо” олоход ашиглахыг Бээжин оролдож байна уу? Хятад улс уг вирусийн тархалтыг дотооддоо бүрэн зогсоохын төлөө өнөө хэр нь хичээн зүтгэж буй хэдий ч цар тахалд нэрвэгдсэн улс орнуудад ашиг хонжоог үл харгалзан чадлынхаа хэрээр тусламж дэмжлэг үзүүлсээр байна. 
Тухайлбал, маскны тусламж хүссэн хэд хэдэн оронд туслах зорилгоор Хятадын компаниуд 24 цагийн турш бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хоёрдугаар сарын 29-ний байдлаар, Хятад улс өдөрт 116 сая ширхэг маск үйлдвэрлэж байв. Энэ нь хоёрдугаар сарын 1-ний үеийн үйлдвэрлэлээс даруй 12 дахинаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
 
 
Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Таншань хот дахь  максны үйлдвэрийн ажилтнууд.
2020 оны 3 дугаар сарын 30-нд авсан зураг. (Синьхуа / Ян Шияо)
 
Хятадын олон компани дотоод болон гадаадын эрэлт хэрэгцээг хангахын төлөө цаг наргүй ажиллаж байхад Хятадын эмнэлгийн хэрэгслүүд “хулхи” бөгөөд “чанаргүй” гэх агуулга бүхий мэдээ мэдээллүүд олон нийтийг төөрөгдүүлж байна. 
Хятадаас худалдан авсан маскийг Голландын Эрүүл мэндийн яам “чанарын асуудлын улмаас” буцаасан гэх мэдээлэл гарсан. Маскийг ачуулахаасаа өмнө Хятадын компани “мэс заслын зориулалттай маск биш” гэдгийг Голландын талд тодорхой мэдэгдсэн нь шалгалтаар тогтоогдоод байгаа юм.
Мөн Хятадаас худалдан авсан коронавирусний түргэвчилсэн оношлуур “найдвартай” эсэхэд эргэлзэж буйгаа Словакийн албаны  хүмүүс илэрхийлсэн. Урьдчилсан дүгнэлтээр, Словакийн эмнэлгийн ажилтнууд коронавирусний эсрэг биеийн түргэвчилсэн оношлууруудыг буруу ашигласан нь тогтоогдсон. 
“Хятад улсад үйлдвэрлэгдээд, дэлхийн улс орнуудад хүрч буй сая сая маск, хамгаалалтын хувцас болон оношлуурын 90 гаруй хувь нь үнэхээр гайхалтай. Гэхдээ асуудалтай цөөн хэдэн бүтээгдэхүүнийг тэд өлгөж авч онцлоод нийтлэл бичицгээх юм” гэж Хятадад амьдардаг, Итали гаралтай Америкийн нийтлэлч Марио Каволо хэвлэлийнхэнд ярьжээ.
Хятад улс саяхнаас эмнэлгийн хэрэгслийн экспортын чанарыг хангах талаар илүү хатуу зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж, шаардлага хангаагүй үйлдвэрлэгчдийг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдсэн юм.
 
Хүний эрхийг зөрчиж байна уу, эсвэл хүмүүсийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байна уу?
КОВИД-19 дэгдсэнээр Хятад улс олон сая оршин суугч бүхий тахлын голомт хотдоо хөл хорио тогтоож, орон даяараа карантины хатуу арга хэмжээ хэрэгжүүлж, вируст хамгийн их өртсөн бүсүүддээ эмч мэргэжилтнүүдийг үй олноор нь татаж аваачсан. 
Хятадын эдгээр арга хэмжээг “хэт сүржин бөгөөд түрэмгий үйлдэл” гэж зарим хүн бодож байж магадгүй юм. Гэхдээ хүмүүсийн амь нас аюулд өртөхөд хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцээд суух нь хий хоосон ярианаас өөр юу ч биш юм. 
Энэ цар тахлын эсрэг Хятадын хариу арга хэмжээнүүдийг үр дүнтэй гэж үзэж, жишиг болгон хэрэгжүүлж буй улс орнууд нэмэгдсээр байна. Тухайлбал,  Европын олон улс орон коронавирусний тархалтыг намжаахын тулд хөл хорионы хугацаагаа сунгаж, янз бүрийн хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлцгээж байна. 
Цаашилбал, эмнэлгийн төлбөрийн улмаас эмчлүүлэхээс татгалзах явдал гаргахгүйн тулд өвчтнүүдийн эмчилгээний төлбөрийг нийгмийн даатгалд үндэслэн төр хариуцах бодлогыг хэрэгжүүлж байна. 
“Сайенс” сэтгүүл коронавирусний эсрэг Хятадын тэмцлийн цар хүрээг “урьд өмнө нь үзэгдээгүй шийдэмгий довтолгоо” гэж тодорхойлсон бөгөөд Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд халдвар авах эрсдэлтэй хүмүүсийн тоо 96 хувиар буурсан гэж тооцоолжээ.
 
Гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхаж байна уу, үгүй юу?
Хятадад гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж гадаадын зарим иргэн гомдоллосон гэх мэдээллүүд гарчээ. Хятадад гадныхныг ялгаварлаж буй эсэх талаарх үнэнийг мэдэхийг хүссэн хүмүүс ч байна. 
Коронавирус дэгдсэнээс хойш Хятадын холбогдох яамд, орон нутгийн засаг захиргааныхан гадаадын иргэдэд эм эмнэлгийн хэрэгслээр туслах, вирусний халдвар авсан хүмүүст цаг алдалгүй эмчилгээ хийлгэхийн төлөө чадах бүхнээ хийсээр байна.
Мөн гадаадын олон ч иргэн коронавирусний эсрэг Хятадын тэмцэлд сайн дураараа нэгдэж, хамтдаа бэрхшээлийг даван туулж, сайхан түүхийг бүтээлцсээр байна. 
Хятадын ГХЯ болон Цагаачлалын үндэсний албанаас 3 дугаар сарын 26-нд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, дэлхий даяар КОВИД-19 хурдацтай тархаж буйтай холбогдуулан Хятад улс нь виз эзэмшигч эсвэл түр орших суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 28-наас эхлэн Хятад руу нэвтрэхийг түр хугацаанд түдгэлзүүлээд байгаа юм. Энэхүү түдгэлзүүлэлт нь коронавирусний тархалтын нөхцөл байдал болон бусад орны практикуудыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан түр зуурын арга хэмжээ юм гэж уг мэдэгдэлд бичжээ. 
“Бид гадаадын иргэдтэй Хятадын иргэдтэй өөрийн улсын иргэдийн адил тэгш харьцдаг. Гадаадын иргэн гэх шалтгаанаар бид хэн нэгэнд илүү эсвэл дутуу хандахгүй” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлсэн юм.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл