Төсөв дагасан татварын шинэчлэл хүлээлт үүсгэлээ

2018/10/29 132 0
http://www.bolod.mn/Upload/news/zgm_hevtee_XXcsHC2.jpg
УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа энэ үед эдийн засагчдын байр суурь, тэдний дуу хоолой хамгийн чухал байдаг. Нөгөө талаараа тэд хамгийн эрэлттэй болж эхэлдэг цаг өдийд тохиож байна. 

Блумбергийн Эдийн засагчдын клубийн энэ оны гурав дахь хэлэлцүүлэг “Улсын төсөв-Татвар-Валют” сэдвийн хүрээнд болж, дээрх асуудлаар чөлөөт ярилцлага хийсэн юм. Улиралд нэг удаа уулздаг тус клубийн гишүүд 2019 оны төсөв, мөнгөний бодлогын төслийн хүрээнд өөрсдийн санал, бодлоо хуваалцсан юм. Энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан. Эдгээр хуулийн төслүүд эдийн засаг, бизнесийн орчинд хүлээлт үүсгээд эхэлчихсэн байна. Эдийн засаг 2017 оныхоосоо дээрдсэн ч гадаад өрийн дарамт, төлбөрийн тэнцлийн алдагдал, валютын ханшийн эрсдэл, эрдэс түүхий эдийн үнийн тодорхой бус байдал ноёлсон хэвээр байна.

Ийм ээдрээтэй үед ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэж буй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2019 оны төсвийн төслийн талаар эдийн засагчид байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Төсөвтэй танилцсан эдийн засагчдын зарим нь “хөөсөрсөн төсөв” хэмээн тодотгожээ. Орлогыг хэт өөдрөг тооцоолсон нь ирэх оны төсвийн эрсдэл гэдгийг мөн анхааруулав. Сонгуулийн өмнөх жилийн төсөв хэмээн цагаатгаж болох ч одоогийн боломжоосоо хэтэрхий давсан гэж зарим эдийн засагч хэлж байна. Эдийн засагч С.Болд “Бидний дээрээс хоёр жилийн турш нар ээж байна. Гэхдээ хэзээ бороо орохыг таашгүй. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн өсөлтийг дагаад хэрэглээ өссөн. Энэ нь импортын өсөлтөөр илэрч байна. 2019 оны энэ задгай, том төсөв макро эдийн засгийн 2020, 2021 оны нэлээн том эрсдэлийн суурь шалтгаан болно” хэмээсэн юм. Түүнтэй ижил байр суурьтай эдийн засагч цөөнгүй байна. Төсвийн талаарх өөрсдийн дүгнэлтээ хэлсэн эдийн засагчдын яриан дотор хэт өөдрөг, хөөсөрсөн гэсэн үг хамгийн их давтагдах аж.
  • 2019 оны энэ задгай, том төсөв макро эдийн засгийн 2020, 2021 оны нэлээн том эрсдэлийн суурь шалтгаан болно гэв.
  • Аль ч улс эдийн засгийн өсөлтөө таамагладаг. Гэхдээ өсөлтийн хувийг УИХ баталдаггүй.
  • Төгрөгийн ханш суларч байгаа энэ үед төв банк валютын нөөцөөсөө зарах бус зузаатгах хэрэгтэй.
Монголбанк ирэх оны ДНБ-ий өсөлтийг зургаа орчим хувьтай байхаар таамагласан. Энэ нь Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк, ОУВС-гийн төсөөлөлтэй нийцэж буй. Харин Сангийн яам үүнээс хоёр хувиар илүү буюу найман хувиар эдийн засгийн өсөлтийг тооцоолж байна. Нүүрсний экспортоо 42 сая тонн гэж тооцсон нь мөн анхаарал татна. Засгийн газар энэ зорилтдоо хүрэхийн тулд багагүй ажил хийх шаардлагатайг эдийн засагчид онцлов. Дэлхийн банкны эдийн засагч Б.Алтанцэцэг төсвийн орлогын тооцоолол хэтэрхий өөдрөг байгааг бас хэлэв. Тэрбээр “Бид зөвхөн дотоодын нөөц боломжоо харахаас гадна гадаад орчны нөхцөл байдлаа нухацтай харах, тэндээс ирж болох эрсдэл, сөрөг үр дагавар болгоныг тооцож үзэх хэрэгтэй” гэж сануулсан юм.

Тухайлбал, АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны сөргөлдөөн цаашид дэлхийн эдийн засагт, ялангуяа манай экспортын гол нэрийн бараа, бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлж болохыг ч харгалзах хэрэгтэй гэв. Мөн төгрөгийн ханш суларч байгаа энэ үед төв банк валютын нөөцөөсөө зарах бус зузаатгах хэрэгтэйг Б.Алтанцэцэг цохон тэмдэглэлээ. Ам.долларын эсрэг хөгжиж буй орнуудын валютын ханш суларч байгааг тэрбээр мөн дурдсан юм. Эдийн засагч Н.Энхбаяр ирэх оны төсвийн орлогын тооцоолол өндөр гэдгийг ч бас үгүйсгэнгүй. 2008 оноос хойш манай улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай болсон. Энэ нь төсвийн орлогыг төлөвлөхөд улам амаргүй болгосон гэж Н.Энхбаяр эдийн засагч өгүүлсэн юм. “Аль ч улс эдийн засгийн өсөлтөө таамагладаг. Өсөлт янз бүр байж болно. Гэхдээ өсөлтийн тоог УИХ баталдаггүй. Харин төсвийн орлого, зарлагыг баталдаг. Эндээс л үр дагавар гардаг” гэж тэрбээр нэмж ярилаа. 

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen