Хятад улс ямар зорилгоор их хэмжээний зээлийг Төв Азид олгодог вэ?

2020/10/01 36 0

Дамдины ЭНХЭЭ
Ангол улс 2020 оны эхний байдлаар Хятад улсын өмнө хамгийн их өртэй улс болов. Африкийн энэ улсын өр бараг 25 тэрбум доллар. Хэдийгээр Хятад улсад төлөх өрийн хэмжээ харьцангуй бага боловч Төв Азийн зарим улс орны санхүүгийн төлөв байдлыг сайжруулах шаардлагатай хэмээн шинжээч Темур Умаров үзэж байна.
Хятад улсад Төв Азийн улс орнуудын төлөх өр, Хятад улстай тогтоосон тус бүс нутгийн харилцаа, Бээжингийн гадаад бодлого зэргийн талаарх өөрийн санаа бодлоо Карнегийн Москва дахь төвийн судлаач, Москва, Гаундуны олон улсын харилцааны болон Оросын ерөнхийлөгчийн академийн төгсөгч Темур Умаров Kun.uz сайтад өгсөн яриандаа илэрхийлжээ.
 

ХЯТАД УЛСЫН ГАДААД БОДЛОГО ДАХЬ ТӨВ АЗИ

 
Төв Азид явуулж байгаа Хятад улсын гадаад бодлого Бээжингийн хувьд онцгой чухал. Гэхдээ энэ бодлого хятадын өндөр дээд удирдлагын хувьд тийм ч онцгой ач холбогдолтой биш. Төв Азийн улс орнууд тусгаар тогтнолоо дөнгөж олж авч байх 90 – ээд оны эхэнд энэ бол гадаад бодлогын чухал чиглэлийн нэгэнд тооцогдож байсан. Бээжингийн хувьд, ялангуяа хил залгаа оршдог улс орнуудтай энх тайвныг сахиж хадгалах явдал чухал байсан. Энэ цаг мөчид Төв Азийн улс орнууд тогтвортой хөгжиж, аюулгүй байдал харьцангуй хангалттай хангагдсан. Хятад улс энэ талаар амар тайван байж болно.
 

ХЯТАДЫН ЗЭЭЛ

 
Хятадын зээлийн тухай яриа гарахад энэ нь үндсэндээ үүний эргэн тйорон дахь дэл сул яриа байдаг. Үнэндээ Хятад улс үнэхээр маш их хэмжээний зээл тарааж олгодог. Энэ тоо аль хэдийнэ 2-3 их наяд долларт хүрсэн. Гэхдээ энэ тоонд Төв Азийн эзлэх хувь хэмжээ их биш. Төв Азийн улс орнуудыг бусад улс оронтой харьцуулбал “өрийн хавх”-анд орох төвшинд хүртлээ эрсдлийн бүлэгт багтаж ороогүй. Гэхдээ бүс нутгийн дотоод дахь нөхцөл байдлыг харвал зарим улс орны төлөв байдал хөршүүдээсээ тааруу байна. Жишээлбэл, Тажикийн гадаад өрийн бараг 50 хувь Хятадад хамаатай. Киргиз улсын гадаад өрийн Хятадад ногдох хувь хэмжээ харьцангуй бага эрсдэлтэйгээр 45 хувьд хүрнэ.
Энэ хоёр тохиолдолд Хятад улсад төлөх өрийн хэмжээ эдгээр улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас давж байна. Ялангуяа, цар тахлын үед ажиглагдаж байгаа эдийн засгийн хямралын үеэр гадаад өрийг төлж барагдуулах талаар эдгээр улс орон хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Жишээлбэл, өрийг буцааж төлөх хугацааг сунгах, эсвэл зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах талаар Бишкек болон Душанбе Бээжинтэй хэлэлцээр хийж байна. Энэ бол эдгээр улс оронд учирч байгаа хүчтэй дарамт шахалт болж байна.
Казах улсын гадаад өрийн Хятад улсад ногдох хувь хэмжээ долоон хувь байна. Цар тахлын өмнө энэ үзүүлэлт бүр бага байсан. Туркмен улсын жинхэнэ үнэн нөхцөл байдлын тухай бодит мэдээлэл байхгүй байна. Зарим нийтлэлд дурдсанаар Хятад улсад төлөх өр маш их учраас Ашхабад нэлээд хэдэн жилийн турш Туркмений байгалийн хийг Хятад руу үнэгүй экспортолж байгаа гэсэн.
Узбек улс гадаад өрийн асуудлаар тогтвортой бодлого явуулж байна. Хэрэв би алдаагүй бол энэ орны гадаад өрийн 15 хувь Хятад улсад ногддог. Энэ бол том тоо биш. Түүгээр ч барахгүй цар тахлын үед энэ үзүүлэлт эерэгээр үнэлэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Ташкент “өрийн хавх” – анд орно гэж айхгүй байж болно.
 

ХЯТАД УЛСАД ТӨЛӨХ ӨРИЙГ УЛС ТӨРИЙН СЭДЭЛТЭЙ ГЭЖ ОЙЛГОХ УУ?

 
Би ингэж хэлмээргүй байна. Хятад улс өөрийн стратегийг зээл олгох замаар боловсруулж байна гэж бодохгүй байна. Үнэн хэрэгтээ зээл авах санаачилга Төв Азийн улс орнуудаас үүдэж гарсан. Авсан зээлээ цаг хугацаанд нь эргүүлж төлөх асуудал тэртээ тэргүй дотоодын зовлон бэрхшээл ихтэй байгаа бүс нутгийн хувьд хүндрэл учруулж байна. Хятад улс энэ бүс нутгийн улс орнуудыг зээл ав гэж албадаагүй, тийм болохоор энэ орны дүр төрхийг чөтгөр шулмын болгох хэрэггүй. Үүний хамт эдийн засаг гадаад хүчин зүйлээс хамааралтай болж байгаа нь улс орноо бусдын улс төрийн хүсэл зоригоос ерөнхийдөө хамааралтай болгож мэдэх юм.
 

ТӨВ АЗИ БОЛОН ХЯТАД УЛСЫН ХАРИЛЦААН ДАХЬ УЙГАРУУДЫН АСУУДАЛ

 

Ойрын 10 жилд энэ асуудал алга болно гэж би бодохгүй байна. Энэ бол маш маргаантай асуудал. Нэгдүгээрт, Шинжаан-Уйгарын өөртөө засах район дахь нөхцөл байдал Хятад улстай хил залгаа оршдог казахын болон киргизийн ард түмэнд маш чухал. Дургүйцлийн арга хэмжээ Казах болон Киргиз улстай Хятад улсын тогтоосон харилцаанаас үүдэлтэй шалтгаанаар төдийгүй Шинжааны хорих газруудад явуулж байгаа бодлогын үр дагавартай ч мөн холбоотой. Хилийн цаана казах болон киргизүүдийн төрөл төрөгсөд, хамаатан садангууд амьдран суудаг.
Энэ бүс нутгийн ирээдүйн тухай ярихаар бол Хятад улсын зүгээс энэ бүс нутагт хандах хандлага шийдвэрлэх эргэлт авчирч болох юм. Төв Азийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид энэ асуудлаар олон зүйл ярихаас дургүйцдэг. Гэхдээ хүмүүс нийгмийн сүлжээнээс янз бүрийн, тэхдээ гол төлөв худал хуурмаг мэдээлэл олж авцгаадаг. Тийм учраас Шинжаан дахь жинхэнэ үнэн бодит нөхцөл байдлын тухай буруу ташаа ойлголт төсөөлөл бий болдог.
 

ТҮНШ УЛС ТӨРЧИЙН БИЕ ХҮН ЧАНАР, ЭСВЭЛ ТУХАЙН УЛС ОРОН ДАХЬ ДЭГЛЭМИЙН АЛЬ НЬ ХЯТАД УЛСЫН ХУВЬД ЧУХАЛ ВЭ?

 
Беларусьт болж байгаа үйл явдалд Хятад улс хэрхэн хандаж байгааг ажиглахад сонирхолтой байна. Александр Лукашенкогийн дэглэмийг хэвээр хадгалахын тулд аливаа тусламж үзүүлэхэд Бээжин бэлэн байна гэж бодож болох юм. Гэхдээ Хятадын хувьд энэ бол тэргүүлэх зэргийн ач холбогдол бүхий асуудал биш. Албан мэдэгдлүүдэд анхаарал хандуулах юм бол эх бичвэрүүд нь маш дипломат байдлаар бичигдсэн, хямралд оролцогчдын хэн нэгэнд дэмжлэг үзүүлэх санаа мэдрэгдэхгүй. Бээжин зүгээр л үйл явдлын өрнөлийг ажиглаж, үр дүнг хүлээж байна. Москвагийн нөлөө Беларусьт их гэдгийг тэд мэдэж байгаа. Тийм учраас Хятад улс хөндлөнгөөс оролцохгүй байхыг эрмэлзэнэ.
Төв Азийн бүс нутагт Хятад улсын баримтлах үзэл бодол мөн үндсэндээ өөрчлөгдөөгүй. Учир нь том зургаар авч үзвэл эдгээр улс Хятадад чухал биш, харин бүс нутгийн улс орнуудад Хятад улс чухал юм. Тэр бүү хэл дэглэм өөрчлөгдөж, шинэ лидерүүд сонгогдсон ч тэд Хятад улстай хамтран ажиллах л болно. Энэ нь газар зүйн байрлалаар тайлбарлагдана. Үүнээс гадна нэгэнт тогтоосон худалдаа арилжааны холбоо харилцааг мөн тэр чиглэлээр нь үргэлжлүүлбэл илүү сайн. Эдийн засгийн үүднээс авч үзвэл эдгээр улс орон Хятадаас илүү их хамааралтай болж, Бээжингийн улс төрийн нэр хүнд өсөн нэмэгдэж байна.
Хятад улс өөрийн сонирхож байгаа тухайн улс орон дахь хэн нэгэн бие хүн, эсвэл дэглэмийг хэвээр хадгалахыг хичээж эрмэлздэггүй.
 

10 ЖИЛИЙН ДАРАА НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙХ БОЛ?

 

Энэ бүс нутаг эдийн засгийн хувьд дараагийн 10 жил Хятадаас ихээхэн хамааралтай байх болно. Хятадын улс төрийн нэр хүнд Төв Азид өсөх шалтгаанаар энэхүү хамаарлыг ажиглаж болно. Хятад улс энэ бүс нутагт хэдийчинээ сайн бэхжих тусам хятадын бизнесменүүдийн үйл ажиллагаа төдийчинээ эрчимжинэ.
Үүнээс гадна улс төрийн элитүүд дотоод асуудлаа шийдвэрлэхийн тулд хятадын туршлагыг судалж нэвтрүүлэх явдал түгээмэл болно. Тухайлбал, нийгмийн аюулгүй байдлыг хангахын тулд Казахстанд ажиглах камер суурилуулж байна. Хөгжил, дэвшилд хүрэх замд олон зүйлийг Хятадаас авч хэрэгжүүлж болно. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев ядуурлыг бууруулах талаар ярих үеэрээ хятадын туршлагыг дурдсан. Миний бодлоор бүс нутгийн улс орнуудын Хятадтай харилцах холбоо харилцаа зөвхөн худалдаа арилжаагаар хязгаарлагдахгүй, дотоодын бодлогоо хэрэгжүүлэхдээ ч тэд хятадын туршлагыг ашиглах болно.
Дараагийн жилүүдэд зарим газар нутагт хятадын эсрэг арга хэмжээ нэмэгдэхийг ажиглаж болох юм. Төр улсын зүгээс хүчтэй дарамт шахалтад эдгээр арга хэмжээ өртөхгүй. Засгийн газрын эсрэг дургүйцлийг хатуу ширүүнээр нухчин дарах нь гадаад хүчин зүйлийн дургүйцлийг илэрхийлэхэд хүргэнэ. Үүний хамт хүмүүсийн зарим нь хятадын компаниудтай ажиллаж сурах бөгөөд аялал жуулчлал, боловсрол олж авах явдал идэвхжинэ.
 
Бэлтгэсэн: Алишер Рузиохунов,
Оператор Отахон Юсупов
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл