Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

2020/09/25 37 0

Ядуу байхын зовлон яасан их юм бэ гэдэг л бидэнд тулгараад байна. Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн буюу наймдугаар сарын мэдээллээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлт сөрөг гарч, эхний хагас жилийн байдлаар нийт гадаад өр 30.8 тэрбум ам.доллар болжээ. Түүний дотор Засгийн газрын нийт өрийн 22.7 их наяд төгрөг буюу 87.5 хувь нь гадаад өр байгаа аж.Энэ нь дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан коронавирус “COVID-19”-тэй шууд холбоотой.
Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтайгаас гадна эрдсийн бүтээгдэхүүн нүүрс, зэсийн гол худалдан авагч БНХАУ-д коронавирусийн халдвар анх тархаж, Монгол Улс хилээ хаахаас өөр аргагүй болсон. Үүний улмаас уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нам зогсож, энэ оны эхний улиралд л гэхэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлттэй байлаа. Тийм ч учраас Азийн хөгжлийн банк (АХБ)-аас өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын 2020 оны эдийн засгийн төлөвийг 6.1-ээс 2.1 хувь болгон бууруулж, ОУВС 5.4 хувийн урьдчилсан таамаглалаа -1 рүү буулгаж байсан юм. Гэвч Монгол Улсын Засгийн газар болон олон нийтийн дийлэнх нь “Эдийн засаг яах вэ, дараа нь болно. Эрүүл мэнд л хамгийн чухал” гэсэн бодол, бодлоготой байсан учир эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллагаас олон зуун саяын зээл, тусламж орж ирсэн. 
 
 
Тухайлбал, Дэлхийн банк группээс улс орнуудын ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийг сэргээхэд зориулж, 160 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг дайчлан хуваарилахаар шийдвэрлэсний дотор Монгол Улс ч багтсан. Тиймээс “COVID-19” цар тахлын улмаас үүсч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд 26.9 сая ам.долларын санхүүжилт хийсэн байдаг.
 
 
Улмаар “Цахим эрүүл мэнд” төслийг санхүүжүүлж, нэн даруй шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 2.2 сая ам.доллар олгожээ. Мөн Европын холбооноос “Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 750 мянган ам.долларыг “COVID-19” цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгод төлөвлөсөн байна. Дэлхийн банкнаас Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг дэмжихэд зориулж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес болон албан бус секторт ажиллагч 120 мянга орчим иргэнийг нийгмийн даатгалын шимтгэлээс таван сарын хугацаанд чөлөөлөхөд зарцуулахаар 15 сая ам.долларыг олгосон байна. Мөн “Бичил зээл олгох хөтөлбөр”-ийн хүрээнд хямралын үед зээлдэгч нарыг зээлийн хүүгээс түр хугацаанд чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэхийн тулд 2.6 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон.
Олон улсын хөдөлмөрийн агентлагийн “Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-өөр цар тахлаас үүдсэн хямралын үед зохих шалгуур хангасан ажилтан, ажилчид болон ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлэхээр 10 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Мөн хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн дутагдлыг нөхөх зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд таван сая ам.долларыг “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийн санхүүжилтэд зориулахаар олгосон бөгөөд үүнд 1.2 сая орчим хүүхэд хамрагдаж байна. Үүний дээр Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, хандив тусламж хуримтлуулсны үр дүнд “COVID-19” цар тахлын халдварыг улс орныхоо дотор алдчихалгүй өдийг хүрч, дэлхий дахины олон улсад сайны жишээнд дурдагдаж байгаа нь сайшаалтай.
Гэвч коронавирустэй холбогдож үүссэн эдийн засгийн хүндрэл бэрхшээл, сорилтууд бидний өмнө тулгарсан хэвээр байна. Хил хязгаараа хааснаас үүдэн томоохон бүтээн байгуулалтын төслүүд түүний дотор Оюутолгойн далд уурхайн ажил удааширч, эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь хойшлохоор боллоо. Ирэх оны дөрөвдүгээр сард төлөх “Мазаалай” бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтөөс эхлээд том дүнтэй валютын гадаад урсгал хүлээгдэж байна. Гэхдээ монгол хүн “Амны билгээс ашдын билэг” гэдэг билээ. Коронавирусийн хүнд хэцүү үеийг даван туулахын төлөө бүгд мачийн хичээж, нөөц борлолцоо бүхнээ шавхаж байгаа энэ үед бидний амьдрал дандаа бараан сүүдэртэй байсангүй. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний тээвэр хорио цээрийн хязгаарлалтыг зогсоосон гуравдугаар сарын сүүлээс хойш бага багаар нэмэгдсээр одоо цар тахлын өмнөх үеийн хэмжээнд ойртож байна. Гол худалдан авагч БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад саяхан айлчлахдаа энэ онд 50 сая хүртэл тонн нүүрс худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь таатай мэдээ байлаа.
 
 
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны наймдугаар сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан байсан. Засгийн газраас “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үрээр алтны олборлолт, тушаалт эрс нэмэгдэж, одоогийн байдлаар 15 тонн орчим алтыг Монголбанканд тушааснаар 4.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон байна. Энэ нь Монгол Улсын есөн сарын хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг. 
 
Мөн өнгөрсөн гуравдугаар сард 4600-4700 ам.доллар болж огцом унасан манай улсын эрдсийн гол бүтээгдэхүүний нэг зэсийн үнэ наймдугаар сарын эхнээс Лондоны металлын бирж дээр 6400-6700 ам.долларт хүрч өссөн нь бас л таатай мэдээ юм. Ямартай ч Монгол Улс байгалийн доорх баялгаа шүтэж, эрдсийн бүтээгдэхүүний эксортдоо тулгуурлаж эдийн засгаа сэргээж босгоно гэдгийг “COVID-19” бидэнд ойлгууллаа.
 
 
Д.МөнхЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл