Амжиргааны түвшний золиос хүүхэд болох учиргүй!!!

2019/06/06 25 0
ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА УЧРААС ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭВ
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан айл өрх бүрт олгох тухай Засгийн газрын шийдвэр гарсан нь энхрий бяцхан үрсийн баярынх нь өдөрт зориулсан хамгийн том бэлэг байлаа. “Овоо доо манай төр засаг” хэмээн ээж аавууд баярлаж, сүүлийн хэдэн жилд анх удаа саарал ордны хэдийг магтан сайшаасан нь саяхан. Гэвч баярлахад эрт байжээ. Эрхэм дарга нар ээлжит удаагаа цонхны цаанаас чихэр долоолгож, бид ч үүнд нь урьдын адил хууртсанаа сүүлд мэдэв. Хэдэн хүүхдийн мөнгийг нэмж өгөхөөр болсон нь яамай даа гэж баярлах уу, олон нийтээс оноо авах гэсэн поп арганд нь хууртсандаа гутрах ёстой юу, мэдэх юм алга.
Ер нь хүүхдийн мөнгө гэдэг тун ч эмзэг сэдэв. Ирээдүй хойч болсон балчир үрсдээ сард ганц удаа 20 мянган төгрөг өгөх гэж харамлалаа гээд хүмүүс тун ууртай байдаг. Энэ Засгийн газар олон нийтийн эсэргүүцэлтэй нэлээд тулж, хэвлэлээр багагүй нүдүүлсний эцэст нийт хүүхдийн 80 орчим хувьд хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн билээ. Харин сүүлд Засгийн газраас хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох чиглэл өгсөн нь төр засагтаа “гологдсон” үлдэгдэл 20 хувь мөнгөө авах нь гэх бодлыг хүн бүрт төрүүлсэн юм. Ингээд хүүхдийнхээ мөнгийг авахаар баярлаад гүйн очтол эртний танил 670 онооны босго гээч зүйл урдуур хөндөлсөх нь тэр. Учрыг лавлавал хүсэлт гаргасан хүүхдүүдээс өрхийн амьжиргааны түвшний 670 босго онооны шалгуурт нийцэж байгаад нь л өгөх шийд дээрээс ирсэн гэх хариулт сонсов.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зүгээс гурван жил тутам өрхийн амьжиргаа тогтоох судалгааг хийдэг. Хүүхдийн мөнгийг аль болох цөөн хүнд өгч, төсвөө хэмнэх үндсэн зорилготой судалгаа гээд нэрлэчихвэл нэг их хатуудсан болохгүй байх. Айл өрхийн амьжиргааны түвшинг 1000 оноогоор тооцох бөгөөд 240 хүртэлх оноотой бол хүнсний талонд хамрагдах, 360 хүртэлх оноотой бол хууль зүйн үнэгүй зөвлөгөө авах гэх мэт эрх эдэлнэ. Харин 670 хүртэлх оноотой гарсан бол хүүхдийн мөнгөө авах эрх нь нээгдэх юм. Тухайн үед энэхүү судалгааг авсны дараа тоос сорогч, угаалгын машинтай бол баян айлдаа орж, 670-аас дээш оноотой гараад байна гэх гомдол нэг хэсэгтээ тасраагүй. Тэгвэл өрхийн амьжиргааны түвшинг үнэн бодитоор тогтоохгүй байна гэх маргаан дахин босч ирэх нөхцөлийг дээрх шийдвэр бүрдүүлчихлээ.
Манай улс хүүхдийн мөнгөнд сардаа 18 орчим тэрбум төгрөг зарцуулдаг
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Нийт хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олго гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ 670 гэсэн босго оноог авч үзэх шаардлага бас бий. Хэрэв тэгэхгүй бол сүүлийн хагас жилд олгохоор шийдвэрлэсэн 12.3 тэрбум төгрөг хүрэхээргүй олон хүүхэд хүсэлт гаргах магадлалтай. Улмаар дахиад нэмэлт эх үүсвэр гаргах шаардлагатай болж магадгүй гэсэн болгоомжлол бий. Тиймээс бид 670 гэсэн онооны шалгуураа тавина” хэмээн тайлбарласан юм.
Тэгвэл 670 босго оноог хэрхэн, яаж гаргаж ирээд байна вэ гэсэн асуулт урган гарна. Энэ талаар НХХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал “Бид олон улсын жишгийн дагуу айл өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг гурван жил тутам хийж байгаа. Ингэхдээ айл бүрийг 1-1000 оноогоор үнэлсэн. Нийт 50 гаруй асуултад үндэслэн амьжиргааны түвшинг тооцож байгаа. Асуулт бүр тодорхой оноотой. Өрхийн дундаж орлого төд бол 670аас дээш гарна гэх тодорхой зүйл байхгүй. Тухайн өрхийн гишүүдийн хэн хэн нь ажилгүй болох, жирэмсний тэтгэмж авах, тэтгэвэрт гарах бүрт амьжиргааны түвшний оноо нь өөрчлөгддөг. Тиймээс яг иймэрхүү амьдралтай айл 670 босго онооноос дээш гарна гэж тодорхойлоход хэцүү. Манай гэр бүлийн байдал өөрчлөгдсөн, судалгаанд дахин хамрагдъя гэсэн хүсэлт гаргавал нээлттэй. Бид зургадугаар сарын 15 хүртэл хүүхдийн мөнгө олгох хүсэлтийг хүлээн авч байгаа” хэмээн тайлбарлав.
Түүнчлэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа “Монгол Улсын 0-18 настай хүүхдийн тоо тавдугаар сарын 1-ний байдлаар 1,159,000 байна. Эдгээр хүүхдийн 80 орчим хувьд хүүхдийн мөнгө олгож байсан бол сүүлд нэмэгдээд 86 хувь болсон. Яг ямар өрх энэ шалгуурт багтдаг болохыг хэн ч хэлж чадахгүй. Мөнгөн дүнгээр тооцох боломжгүй зүйл шүү дээ” хэмээн хариуллаа.
Манай улс хүүхдийн мөнгөнд сардаа 18 орчим тэрбум төгрөг зарцуулдаг юм байна. Харин сүүлд хийсэн мэдэгдлийн дагуу энэ мөнгө 1.4 тэрбумаар нэмэгджээ. Дээрх мөнгийг НХХЯ-ны нөөц хөрөнгөөс гаргахаар тооцсон байна. Ингэснээр хүсэлт гаргасан хэрнээ амьжиргааны түвшингийн 670 босго оноонд бүдэрсэн 63 мянган хүүхэд хоосон хоцорч байгаа юм. Хэрэв тэдний хүслийг биелүүлэхээр бол сард 1.2 тэрбум төгрөг нэмж гаргах шаардлагатай. Гэвч манай улс дээрх мөнгийг гаргахад чадал тэнхээ хүрэхгүй байгаа аж. Ингээд 63 мянган хүүхэд золиос болж, дахин нэг удаа баярлан гомдоод өнгөрлөө.
• Амьжиргааны түвшингийн 670 босго оноонд бүдэрсэн 63 мянган хүүхэд хоосон хоцорч байна.
• Нэгэнт хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгох боломжгүй байсан юм бол попорсон сүржин мэдэгдэл хийж, олон нийтийг үймүүлэх шаардлага байв уу.
• Тоос сорогч, угаалгын машинтай бол баян айлдаа орж, 670-аас дээш оноотой гараад байна гэх гомдол нэг хэсэгтээ тасраагүй.
Хүүхдийн мөнгө олголтын хүрээг нэмсэн шийдвэрийг буруутгах гэсэнгүй ээ. Аль болох олон хүүхэд хамрагдаж л байвал бид баярлана. Өмнө нь нийт хүүхдийн 80 хувьд олгодог байснаа 86 хувь болгож нэмэгдүүлсэнд талархлаа илэрхийлэх ёстой. Гэвч өнөөх шийдвэрээ буруугаар тайлбарлаж, хүсэлт гаргасан бүхэнд өгөх юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлсэнд л бухимдаад байна. Нэгэнт Ерөнхий сайдын зүгээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох чиглэл өгсөн бол түүнийг биелүүлэх нь салбар хариуцсан сайдын үүрэг. Гэвч өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа гэх толгой эргүүлсэн тайлбараа ээлжит удаа тавьж, аль болох өгөхгүй байх арга саам эрэлхийлж байгаа нь ичгүүртэй санагдаж байна.
Нарийн яривал энэ бол хүүхдийг амьжиргааны түвшингээр нь ялгаварлан гадуурхсан хэргээр Үндсэн хуулийн цэц дээр ч очиж болох ноцтой асуудал. Өөрсдөө ЖДҮХСгийн зээлийг тэрбум тэрбумаар нь хулгайлахаа юман чинээ бодоогүй нөхөд ийнхүү ширэн нүүр гаргахад гайхах зүйлгүй бололтой. Нэгэнт хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгох боломжгүй байсан юм бол олон нийтийг үймүүлэх шаардлага байв уу. Судалгаагүй амлалт, бодлогогүй мэдэгдлийн бүлтгэр үрс гадуурхагдаад үлдэх ёсгүй.
 Г.Баярсайхан
ЭХ СУРВАЛЖ: ARDCHILAL
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen